Үзэгчдийг цэнхэр дэлгэцийн өмнө нэг хэсэгтээ л "уяж" байсан "Хэцүү анги" киногоо зохиолч А.Амарсайхан роман болгон хэвлүүллээ. Тэрээр кино зохиолоо роман болгон дахин бичих ажлаа хоёр он дамнан сууж байж амжуулжээ.Кино үзэх, эх зохиолыг унших нь ялгаатай. Дэлгэцийн ямар ч сайн бүтээл эх зохиолоо гүйцдэггүй гэдэг. Роман уншиж буй хүн зүрх сэтгэлдээ Сүнжид багш, Тэмүүн, Билгүүн, Сувдыг бий болгож, тэдний дотоод сэтгэл, бодолтой түлхүү танилцана. Өөрөөр хэлбэл, Сүнжид багш, Янжин захирал, Тэмүүнийг хүмүүс улам илүү сайн ойлгоно гэсэн үг. Кинонд харилцан яриа голчлон өрнөж, үүгээр дамжуулан үзэгч дүрүүдийг ойлгож баатрын зан чанарыг мэддэг. Харин роман дахь зохиолчийн өгүүлэмж нь дүрүүдээ улам тодорхой нарийн зурж гаргаж ирдгээрээ давуу талтай. МЗЭ-ийн шагналт зохиолч Б.Галаарид "Хэцүү анги" романыг хянан шүүж, өмнөх үгийг бичжээ. Зохиолч, сэтгүүлч Б.Галаарид "А.Амарсайхан жирийн нэгэн багш бүсгүйн сэтгэл зүйг дотор нь орсон юм шиг мэдэрч бичиж чадсан. Ийм учраас л үзэгчдийн сэтгэл татагдаж, догдлон уярч, бүр уйлан байж үзсэн юм. Энгийн зүйлийг сэтгэлд хүртэл бичнэ гэдэг зохиолчоос асар өндөр мэдрэмж, авьяас шаарддаг. Хүн бүхэнд мэдээж санагдах орчин ахуй дундаас тэрхүү эмзэг нарийн чавхдсыг олж харан, хүмүүний сэтгэлийг хөдөлгөнө гэдэг хэн хүний санаан зоргоор бүтдэг ажил биш" хэмээн номын өмнөтгөлд өгүүлжээ.Зохиолч номынхоо төгсгөлд "Хэцүү анги"-ийн уран бүтээлч, жүжигчдийн тухай өгүүлж, олон ангит киноны нээлтийн ёслол, зураг авалтын үеийн гэрэл зургуудаас хавсаргажээ. Мөн зохиолчийн вэб сайтад зочлохдоо үлдээсэн үзэгчдийн сэтгэгдлээс номондоо оруулж өгсөн байна. "Гоо марал" шагналт "Хэцүү анги" кино ийнхүү роман болж уншигчдын гар дээр очлоо. "Хэцүү анги" романыг номын дэлгүүрүүдээр борлуулж эхэлсэн юм. Ийнхүү "Хэцүү анги"-ийнхан таны ширээн дээр, номын шүүгээнд, эсвэл цүнх, үүргэвчинд чинь үргэлж хамт байх боломжтой боллоо.
Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Сэтгэгдэл ( 0 )