Бидний дурсамж дахь таван жилийн төлөвлөгөө
“Таван жилийн төлөвлөгөө” гэдэг үг социализмын үеийг их, бага хэмжээгээр туулан өнгөрүүлсэн хэн бүхэнд танил дуулдаж буй. Тэгвэл УИХ-ын 2020 оны сонгуулиар бүрдсэн шинэхэн парламентын чуулганы танхимаас мөнөөх хуучин цагт дадал болчихсон байснаа таг мартагдсан үг цоо шинэ утга агуулгаар сэлбэгдэн сонсогдож эхлэв. “Улс орны хөгжлийг таван жилээр төлөвлөнө” гэсэн чимээ тэртээ холд орхигдсон дурсамжийг сануулан олон хүний сонирхлыг татсан биз ээ. Улсынхаа нийгэм, эдийн засгийг тав, таван жилээр төлөвлөн хөгжүүлж асан өмнөх нийгмийн үед өнөөдрийн хувьд очоод улсын төсвийн хөрөнгийн чамгүй хэсгийг татвараараа бүрдүүлж яваа олон олон компанийн үндэс суурь болсон үйлдвэр, аж ахуйн газрууд бий болж Монгол Улс аж үйлдвэр-хөдөө аж ахуйн орон болсон нь маргашгүй үнэн билээ. Бас малыг хүчээр нийгэмчилсэн, иргэдийн хувийн хөрөнгөд хэтийдсэн татвар ногдуулж сөхрүүлсэн, ерөнхийдөө амины өмчийг хумисан зэрэг алдаа завхрал ч эхэн үед гарч байсныг үгүйсгэх учиргүй. Энэ бүхэн нэгэнт түүх болон ард хоцорсон.
Өмнөх нийгмийг туулагсдын ой санамжид үлдсэн таван жилийн төлөвлөгөөний үүх түүхээс сөхвөл Дэлхийн II дайны дараах үед улс ардын аж ахуйгаа сэргээх үүднээс 1948-1952 онд анхдугаар таван жилийн төлөвлөгөөг баталж, 1953-1957 онд удаах таван жилийг хэрэгжүүлж, 1957-1960 онд хөгжлөө гурван жилээр төлөвлөөд, 1960-1990 оны хооронд дахин 6 удаа таван жилийн төлөвлөгөө батлан гүйцэтгэжээ. Хойд хөрш ОХУ /тухайн цагийн ЗХУ/ 1920-иод оноос 1990 он хүртэл таван жилийн төлөвлөгөөгөөр хөгжиж байсан бол өмнөд хөрш БНХАУ өдгөө ч таван жилээр улс, ардын аж ахуйн хөгжлөө амжилттай төлөвлөн явуулж байна.
Шинэ цагийн таван жилийн төлөвлөгөө
Тэгвэл шинэ цагийн таван жилийн төлөвлөгөө гэдэг юу вэ?
Өмнөх УИХ-аар Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулан баталсан. Уг өөрчлөлтөд нийцүүлэн Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийг шинэчлэн батлаад байгаа. Ингэснээр Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг 30 жилээр, хөгжлийн зорилтот дэд хөтөлбөрүүдийг 10 жилээр, Монгол Улсыг хөгжүүлэх үндсэн чиглэлийг улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн хамт 5 жилээр тус тус батлан хэрэгжүүлэхээр зааж өгсөн. Урт хугацааны бодлого болох “Алсын хараа-2050” хөгжлийн бодлогын баримт бичигт нийцүүлэн “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг батлах” УИХ-ын тогтоолыг төслийг энэ удаа боловсруулаад буй.
Ингэж урт хугацааны хөгжлийн бодлогыг богино хугацаагаар буюу тав таван жилээр төлөвлөн хэрэгжүүлэхээр болоод байгаа нь орчин цагийн цоо шинэ “Таван жилийн төлөвлөгөө” юм.
УИХ-ын холбогдох байнгын хороодоор “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж эхлээд байна. Ийнхүү анхдугаар таван жилийн төлөвлөгөө ирэх жилээс хэрэгжиж эхлэх нь тодорхой болов.
“Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-д Үндэсний нэгдмэл үнэт зүйл, Хүний хөгжил, Амьдралын чанар ба дундаж давхарга, Эдийн засаг, Засаглал, Ногоон хөгжил, Амар тайван, аюулгүй нийгэм, Бүс, орон нутгийн хөгжил, Улаанбаатар ба дагуул хот гэсэн 9 бүлэг, 47 зорилтыг тусгажээ. Зүгээр нэг төлөвлөөд зогссонгүй, хэрэгжүүлэх бодлогын зорилго, зорилт, хүрэх үр дүн, хэрэгжилтийн хяналт-шинжилгээ, үнэлгээний шалгуур үзүүлэлт, зорилтот түвшинг хамт тодорхойлсон байна.
Анхдугаар таван жилийн хүрээнд санхүүжилтийн эх үүсвэр нь шийдэгдсэн 47,2 их наяд төгрөгийн төсөвт өртөг бүхий 149 төсөл, арга хэмжээг төлөвлөжээ. Үүнээс гадна санхүүжилтийн эх үүсвэрийг нь шийдэх шаардлагатай 16,4 их наяд төгрөгийн өртөгтэй 77 төсөл, хөтөлбөр, техник, ТЭЗҮ, зураг төсөл боловсруулах шаардлагатай 74 төсөл, арга хэмжээг боломжийн хэмжээнд гүйцэтгэхээр жагсаасан байна.
Улсын ирээдүйг хүний хөгжилд суурилуулж, хүний хөгжлийн үзүүлэлт 0.77 хувь, сургуулийн өмнөх боловсролын хөтөлбөрт хамрагдах сургалтын цэвэр жинг 89.4 хувь, суурь боловсролын хамаарах сургалтын цэвэр жинг 95.9 хувьд тус тус хүргэх зорилтыг дэвшүүлээд байна. Улсынхаа эдийн засгийн өрсөлдөх чадварыг 58 хувь, бизнес эрхлэлтийн үзүүлэлтийг 70, цахим засаглалын хөгжлийн үзүүлэлтийг 0.64 хувь, гол нэр төрлийн бүтээгдэхүүний хэрэгцээг “Евро5” стандартад нийцүүлэн дотоодоос хангах боломжийг 80 хувьд хүргэх зорилтыг тусгалаа. Нийт 72 мянга орчим ажлын байрыг шинээр бий болгохоор тооцжээ.
Гэр хорооллыг байшин хороолол болгох, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, үйлдвэрлэлийг дэмжих, банк санхүүгийн салбарт шинэчлэл хийх, баялгийн менежментийг сайжруулах, гадаадын хөрөнгө оруулагчдыг татах, тэдний эрх ашгийг хамгаалах эрх зүйн орчинг бүрдүүлэх, зах зээлийн чөлөөт өрсөлдөөнийг дэмжихийн тулд салбар бүрт төрийн оролцоог нарийвчлан тогтооход чиглэсэн арга хэмжээнүүд гээд төсөлд тусгасан олон зүйл байна. Таван жилийн хугацаанд эдийн засгийг сэргээн төрөлжүүлж, иргэдийн орлогыг нэмэгдүүлж, ажилгүйдлийг бууруулахад чиглэсэн 100 гаруй төсөл хэрэгжүүлэхээр байнгын хороодоор ярьж байна.
Салан баавгай шиг явахаа болино
Таван жилийн төлөвлөгөөний үр дүн юу вэ? Юуны өмнө улсын бодлого төр, Засгийн газар солигдох тоолонгоор өөрчлөгдөж, салан баавгай шиг явахаа болино. Монголын хөгжлийн бодлого УИХ-ын сонгуулийн циклд уягдаж, азтай бол дөрвөн жил үргэлжилдэг, Засгийн газар солигдох аясаар нас нь богиносдог байдлаар явж ирсэн.
Өмнөх Засгийн газрын гаргасан шийдвэрийг дараагийн Засаг албатай юм шиг үгүйсгэж, тэр хэрээр төрийн бодлогын залгамж чанар, ой санамж алдагдаж, цоо шинийг бодож олсноор эхэлсэн бодлого нь дуусдаггүй, дуусаж явсан нь “царцаж” мартагддаг чөтгөрийн тойрогт орооцолдсоор 30 жилийг өнгөрөөсөн.
Ингэж шаварт суусан машин шиг засгийн бодлого хий эргэсээр улсын хэмжээнд сүүлийн 25 жилд нийт 517, үүнээс өнөөдөр хүчинтэй байгаа 203 урт, богино хугацааны хөгжлийн хөтөлбөр, бодлогын баримт бичгийг Засгийн газар, яам, агентлагийн түвшинд гаргаснаас. ердөө 132 нь л хэрэгжжээ. Ээлж дараалан солигдсон Засгийн газруудын дур дураараа гаргасан эдгээр баримт бичгүүд хоорондоо уялдаа муутай, тооцоо судалгаа тааруу, хөрөнгө санхүү нь тодорхойгүй, засгийн эрх авсан нэг улс төрийн хүчин өмнө эрх барьж байсан улс төрийн хүчний бодлогыг шууд үгүйсгэж ирснээс улс урагшлахүй байгааг “Салан баавгай” шиг явж ирсэн гэж байгаа юм.
Урт хугацааны бодлогод суурилсан, цоо шинэ орчин нөхцөл дэх таван жилийн төлөвлөгөөг сайтар нягталж боловсруулаад Засгийн газар солигдсон эсэх, сонгуулийн үр дүнгээр улс төрийн хүчнүүд солигдсон эсэхээс үл хамааран хэрэгжүүлдэг бол Монгол Улс дороо хий эргэсэн байдлаасаа амархан салахаар байна. Бодлогын хэрэгжилтийн эрчийг сааруулахгүйн тулд УИХ-ын сонгуулийг таван жилд нэг удаа явуулдаг болговол хөтөлбөрийн хэрэгжилтэд саад учрахгүй байж бас болохоор. Төрийн тэргүүний сонгуулийг 2021 оноос эхлээд зургаан жилд нэг удаа хийхээр болсон байхад УИХ-ын бүрэн эрхийн хугацааг таван жилээр баталдаг бол Засаг солигдож, бодлого саарахгүй сайн талтай ч Үндсэн хуульд ойрын үед дахин гар хүрч болохгүй тул боломжгүй. Уг нь тухайн үедээ үүнийг бодсон бол төсөв, санхүүд хэмнэлттэйгээс гадна таван жилийн төлөвлөгөө хэрэгжих бололцоо илүү сайжрах байсан талтай.
Сэтгэгдэл ( 5 )
Төлөвлөгөөтэй явна гэдэг муу зүйл биш ээ
tuluvluguutei hugjih ni hamgiin ur duntei arga shuu. umnuh nigem ene ter ni hamaagui ee
Төлөвлөгөөтэй ажиллах нь үр дүнгийн шалгуур гэдгийг мэдэх хэрэгтэй. Амьжилтанд хүрэх гарц ч байх магадлалтай
Социализмдаа тавтай морил
5 байна уу хамаагүй төлөвлөгөөтөй байх нь чухал хувь хүн айл өрх хүртэл зорилоготой байх хэрэгтэй шүү дээ