Зэсийн тариаланд өнжсөн ӨДРИЙН ТЭМДЭГЛЭЛ

Автор | Zindaa.mn
2020 оны 08 сарын 31

Монгол Улсын экспортын голлох гурван түүхий эдийн нэг нь яах аргагүй зэс юм. Эрдэнэт үйлдвэрийн овоолго буюу нэг ёсондоо хаягдлыг боловсруулж дэлхийн зах зээлд өрсөлдөх чадвартай катодын зэс боловсруулж байна. Энэ бүгдийг дотоодын 100 хувь хөрөнгө оруулалттай “Ачит Ихт” компанийн залуус бүтээж байгаа юм.

“Ачит Ихт”-ийн ашиглаж буй овоолго нь Эрдэнэтийг тойрсон 12 овоолгоны ердөө нэг нь. Дээрх овоолгоны гурав нь балансын бус буюу зэсийн агууламж багатай. Зэсийн агууламж багатай овоолго дээр сурвалжлагийн баатар болсон “Ачит Ихт” компани ажилладаг аж. Агуулга багатай гэж гологдсон овоолгыг 2014 оноос эхлэн үр ашигтай болгон ажиллаж эхэлсэн. Анхны ТЭЗҮ 2014 оны есдүгээр сард бэлэн болж улмаар дараа сард нь 10 мянган тонн катодын зэс үйлдвэрлэх чадалтай гидрометаллургийн үйлдвэр бий болсон юм. Өгүүлэх түүх үүнээс эхтэй. “Ачит Ихт” компани катодын зэс үйлдвэрлэхдээ L-SX-EW технологи ашигладаг. Юун баахан латин үсгийн товчлол вэ гэж уншигч та гайхаж байгаа нь лавтай. Энэ технологи нь үндсэндээ гурван дамжлагатай. Эхнийх нь бороожуулан уусгах, дараагийнх нь уусган хандлалтын, гурав дахь нь цахилгаан хими буюу электролизийн дамжлагаар катодын зэс бий болно. Бороожуулан уусгах арга гэдэг нь үйлдвэрийн үндсэн түүхий эд болох балансын бус, бага агуулгатай, холимог хүдрийг хүхрийн хүчлийн сулруулсан уусмалаар бороожуулна. Хүдрийн эрдсүүдэд хүхрийн хүчил үйлчилж, зэсийн ион хүдрээс уусмалд шилждэг байна. Зэсээр ачаалал өгсөн шимт уусмалыг зориулалтын тусгаарлагчтай суваг, цөөрмөөр дамжуулан зөөж үйлдвэрлэлийн дараагийн дамжлагад шилждэг аж. Овоолго орчимд нарийнхан төмөр суваг татсан нь бороожуулан уусгах технологи үйлчилж байгаа нь тэр.

Уусган хандлалтын дамжлага нь бий болсон шимт уусмалаас зөвхөн зэсийн ионыг нь сонгож, органик хандлагчаар хандалдаг. Өөрөөр хэлбэл зэсээр ачаалал өгсөн органик, өндөр агууламжтай хүхрийн хүчийн уусмалыг хольж эцсийн бүтээгдэхүүн болох боломжтой баян уусмал болдог аж. Үүний дараа цахилгаан химийн дамжлагад оруулна. Бэлэн болсон баян уусмал арай мэргэжлийн хэлээр электролит нь электролизийн танк руу орж, цахилгаан-химийн процессын дүнд катодын хавтан дээр эерэг цэнэгтэй зэсийн ион сууснаар катодын зэс хавтан бий болдог аж. Энэ процесс нийтдээ найм хоног үргэлжилнэ. Найм хоногийн хугацаанд 50 мянган амперийн цахилгаан цэнэгээр үйлчлүүлж улмаар зэс эрдэнэ “ургадаг” ажээ.

Уусган хандлах процессийг автомат төхөөрөмжөөр гүйцэтгэдэг тул цехийг камераар өвч тоногложээ. Гэхдээ хүний оролцоо байх ёстой тул зарим дамжлагыг хүн хянадаг байна. Камерын бичлэг болон цехийн үйл ажиллагааг нэг хүн гурван ээлжээр хянадаг. Цехийн нийт ажилчид 20 гаруй байдаг гэдгийг компанийн ажилчид хэлж байлаа. Компани анх 2014 онд үүдээ нээж байхдаа 153 ажилтантай байсан бол одоо энэ тоо 223 болж өсжээ. Нийт ажилчдынх нь 80 гаруй хувь нь залуус. Ажилчид хүнд хортой нөхцөлд ажилладаг учраас жилдээ нэг удаа иж бүрэн шинжилгээнд хамруулдаг байна. Шингэн биетээс металл болгон хувиргадаг энэ үйлдвэр дэргэдээ лабораторитой. Лаборатори нь шингэн биет болон гарч ирсэн эцсийн бүтээгдэхүүнийг мэргэжлийн талаас нь дүгнэж тодорхойлдог.

Хариуцлагатай уул уурхай гэж ярьдаг болсон өнөө цагт “Ачит Ихт”-ийн технологийг байгальд ээлтэй гэж тодорхойлж болно. Үйлдвэрлэлийн бороожуулан уусгах дамжлагаас гарч буй шимт уусмалыг зориулалтын тусгаарлагчтай суваг, шугам хоолойгоор дамжуулан авдаг. Үйлдвэрлэлийн бүх процесст аюулгүй байдлыг ханган ажилладаг. Дээр өгүүлсэнчлэн лаборатори нь байгаль орчинд нөлөөлсөн эсэхийг ч мөн тодорхойлдог ажээ. Одоогоос дөрвөн жилийн өмнө буюу 2016 онд Канадын “Биотек” компанитай хамтран хийсэн судалгаагаар шимт уусмал нь байгаль орчин, хөрс болон гүний усанд нөлөөлөөгүй болохыг тогтоожээ. Түүнчлэн 2018 онд “Ачит Ихт” компани хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тогтолцооны MNS OHSAS 18001 стандартыг нэвтрүүлэн үйл ажиллагаандаа чиг болгон ашиглаж байна. Компанийн хувьд 2018 оны судалгаагаар байгаль орчны зардалдаа 108.2 сая төгрөг зарцуулжээ. “Ачит Ихт” компанийн ашиглаж буй үүсмэл орд буюу овоолгын нөөцийг 150 сая тонн гэж тогтоосон байна. Үүнээс харвал жилдээ 10 мянган тонн зэс үйлдвэрлэдэг гэж бодохоор дахиад 15 жил ажиллах хүчин чадалтай гэсэн үг. Нэг ёсондоо энэ хугацаанд 150-180 мянган тонн зэс үйлдвэрлэх хүчин чадалтай ажээ. Компанийн үйл ажиллагаагаа илүү сайжруулахын тухайтад судалгаа хийж буй бөгөөд гаднаас ч мэргэжилтнүүд урьж ирүүлэхээр төлөвлөжээ. Гэсэн ч цар тахлын улмаас урьсан мэргэжилтнүүд нь ирж чадахгүй хүлээлтийн байдалд байгаа аж.

Компанийн энэхүү амжилт байгууллагын ажилчидтай салшгүй холбоотой. Тийм учраас үнэт эрдэнэ болсон ажилчдадаа давуу эрхийн хувьцааны ногдол ашиг олгодог болжээ.  Давуу эрхийн хувьцааны ногдол ашиг нь жилийн 30, улирлын 7.5, сарын 2.5 хувийн хүүтэй. Өөрөөр хэлбэл банкны хугацаатай хадгаламжийн хүүгээс хоёр, хугацаагүй хадгаламжийнхаас дөрөв дахин өндөр юм. Ажилчдын хэлж байгаагаар тэд 1-5 сая төгрөгийн ногдол ашиг хүртдэг аж. Компанийнхаа төлөө ажиллаж буй энгийн ажилчдад үүнээс өөр дэмжлэг гэж юу байхсан билээ. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд нийтдээ ная гаруй сая төгрөгийг давуу эрхийн хувьцааны ногдол ашиг хэлбэрээр олгожээ. Эднийх залуу ажилчдаа дэмжихийн тулд мэргэжлийг нь дээшлүүлэх, гадаадад сургалтад хамруулах, ижил төстэй байгууллагуудын сургалтад хамруулахад нь үргэлж дэмждэг ажээ.

“Бид Монгол Улсад анх удаагаа үүсмэл орд ашиглах тусгай зөвшөөрөл авсан. 2016 онд тусгай зөвшөөрөл авснаас хойш ашигт малтмалын нөөц ашигласны татварт 15.4 тэрбум төгрөг төлөөд байна” гэж “Ачит Ихт” компанийн гүйцэтгэх захирал Д.Эрдэнэцэцэг ярьсан юм.

Анх байгуулагдсан цагаасаа хойш улс, орон нутгийн төсөвт татвар, хураамж хэлбэрээр 160, “Эрдэнэт” үйлдвэрт ашиглалтын төлбөр болгож 10 тэрбум төгрөг төлжээ. Түүнчлэн орон нутагт 220 гаруй хүнийг ажлын байраар хангаж, үндэсний үйлдвэрлэл, дотоодын худалдан авалтыг түлхүү дэмжиж 800 гаруй туслан гүйцэтгэгч, ханган нийлүүлэгчдэд таван жилийн байдлаар 168 тэрбум төгрөг зарцуулжээ. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжье гэж олон жил лоозондсон бидэнд энэ нь илүү бодит дэмжлэг гэдгийг дурдах нь илүүц биз.

Зэс бол байгалийн үнэт металл. Гэхдээ үүнийг “Ачит Ихт” компанийнхан шингэн уусмалаас ургуулж байна. Цаашид үйл ажиллагаагаа илүү өргөжүүлнэ гэж компанийн зүгээс зорьж байгаа. Байгалийн баялгийг сорчлох бус үр ашигтай ажиллахыг эрхэм зорилгоо болгодог. Аль болох ногоон үйлдвэрлэлийн процессыг үйлдвэрлэлдээ нэмэгдүүлэх чинхүү хүсэл тэмүүлэлтэй. Тиймдээ ч 2019 онд Монголоос анх удаа Лондонгийн металлын биржид гишүүнээр бүртгүүлжээ. Улс төрийн өнгө будаг, ашиг хонжоо хайгчдын шүлсэнд хангалттай даруулсан “Ачит Ихт” гэх энгийн нэг компани Монгол Улсад зэсийн үйлдвэрлэлээр тэргүүлэхээр зорьж “чимээгүйхэн” зүтгэж явна. Тэд чимээгүй хөдөлмөрлөж байгаа ч үйлдвэрлэлийн олон талаараа уул уурхайн салбарт тод бөгөөд чимээтэй түүх бичиглэж буй ажээ.

Top