Уул уурхайн томоохон төслүүдийг баздаг томоохон компаниудын нэг “Эрдэнэс Монгол” компанийн хэрэгжүүлдэг төсөл хөтөлбөрүүдийн талаар тус компанийн удирдлагууд сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм. Тус компанийн мэдээллээс онцлох төслүүд, түүний шийдлүүдийн талаар уншигчдад хүргэе
Хийн хоолой барих ажил нэг шат ахилаа
“Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Ганхүү “Газпром компанитай хамтран ажиллах санамж бичиг байгуулсан бөгөөд дараагийн шатанд хоёр компанийн хооронд энэ долоо хоногт нууцлалын гэрээ байгуулж, харилцан мэдээлэл солилцох, холбогдох бичиг баримтаа бүрдүүлэн ажиллана” гэдгийг хэллээ.
Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ОХУ-д хийсэн айчлалын үеэр тус улсын төрийн тэргүүн В.Путин Монголын талтай хийн хоолой төслийг хэрэгжүүлэх хамтын судалгааг эхлүүлэх ажлыг албажуулсан билээ. П.Ганхүү захирлын онцолж буйгаар хийн хоолойг төмөр замын дагуу байгуулахаар тогтсон аж. Ингэснээр төслийн нийт өртөг буурахын зэрэгцээ хийн хоолойн хүчин чадал жилд 50 тэрбум шоо метр болж нэмэгджээ. Хийн хоолой нь манай улсын дотоодын эрчим хүчний эх үүсвэрийг төрөлжүүлж, агаарын бохирдлыг бууруулахын зэрэгцээ бүс нутгийн эрчим хүчний интеграцад чухал байр суурь эзэлнэ. Умард хөршийн эрчим хүчний мэргэжилтнүүдийн үзэж буйгаар хийн хоолойн дорнод маршрутын хөгжил нь Хятад болон Азийн бусад орон “Газпром”-ын урт хугацааны хэрэглэгч болох учир ойрын арван жилд байгалийн хийн ашиглалт эрс нэмэгдэнэ гэж тооцож буй аж.
Салхитын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажил эрчимтэй өрнөж байна
Өнгөрсөн долоо хоногт ээлжит бус чуулганаар хэлэлцэн баталсан Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгаснаар эдийн засгийн өсөлтийг хангах стратегийн мега төслүүдийг хэрэгжүүлж, хөрөнгө оруулалт, санхүүгийн эх үүсвэрүүдийг бүрэн дайчилж, ашиглалт үр өгөөжийг дээшлүүлэхэд анхаарахаар болсон.
Сүүлийн хоёр жилд Засгийн газраас “Эрдэнэс Монгол” ХХК-ийн мэдэлд тодорхой лиценз, компаниудын хувьцааг эзэмшүүлэх замаар бодит хөрөнгөтэй болгож, тодорхой төслүүдээ хэрэгжүүлж эхэлжээ. Тухайлбал, сүүлийн 30 жилд хөрөнгө оруулагчдыг татах оролдлого хийж байсан Асгатын мөнгөний ордыг 2019 оны долдугаар сард “Эрдэнэс Монгол”-ын мэдэлд шилжүүлсэн. Ингэснээр малталт хийж байсан босоо амуудыг нээж үйлдвэрлэлийн дээж 20 тонныг авсан бөгөөд одоогоор ТЭЗҮ-гээс шинэчлэх зэрэг бусад ажлууд эрчимтэй хийгдэж буй. Мөн энэ оны эхээр зургаа хүртэлх сая төгрөгийн тэтгэврийн зээлтэй ахмадуудын зээлийг тэглэсэнтэй холбоотойгоор Салхитын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажил эрчимтэй, бас цаг хугацааны хувьд шахуу өрнөж буй аж. Уг ажлыг “Эрдэнэс Силвер Ресурс” компани хариуцаж, ирэх оны тавдугаар сард тэтгэврийн зээлгүй 200 орчим мянган ахмадад зориулсан “Эрдэнэс бонд”-ын санхүүжилтийг олгохоор зорьж байна. “Улс орны хөгжилд хамгийн бодитой хувь нэмэр оруулсан ахмадууддаа байгалийн баялгийн үр өгөөжийг тэгш, шударга зарчмаар хүртээж буй төрийн бодлогын илрэл нь “Салхит”-ын мөнгөний орд” хэмээн компанийн удирдлага онцолсон.
Хэдийгээр дэлхий нийтэд цар тахал дэгдэж, хөл хорионы улмаас хөрөнгө оруулагчидтай хийх бодит уулзалт, олон улсын арга хэмжээ хязгаарлагдаад буй ч энэ хугацаанд “Эрдэнэс метан” компанийн хэрэгжүүлж буй Тавантолгойн бүлэг ордын нүүрсний давхаргын метан хийн хайгуулын ажил урагштай явж буй аж. Өнгөрсөн оны тавдугаар сард Австралийн “Жейд метан” компанитай “Нүүрсний давхаргын метан хийн эрэл, хайгуулын хөрөнгө оруулалт”-ын гэрээ байгуулснаас хойш Тавантолгойн бүлэг ордын Бортээгийн хэсэгт эрлийн ажлууд гүйцэтгэж, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд тайлангаа илгээжээ. Одоо нарийвчилсан хайгуул хийхээр бэлтгэл хангаж байгаа юм байна.
Монголыг тэжээх төмөрлөгийн төсөл
Одоогоос хоёр жилийн өмнө “Эрдэнэс Монгол” компани ган төмөрлөгийн үйлдвэр барих тухай анх удаа мэдээлж байлаа. Үүнээс хойш судалгааны ажил үргэлжилж бүтээн байгуулалтын ажил эхлэхэд бэлэн болжээ. Уг төслийг “Эрдэнэс Монгол” компани “Бэрэн” групптэй хамтран хэрэгжүүлж буй юм. Ган, төмөрлөгийн үйлдвэрийн цогцолбор барих техник, эдийн засгийн үндэслэлийг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл батлаад удаагүй байна. Бүтээн байгуулалтын ажил 3.6 жил үргэлжлэх бөгөөд жилдээ 500 мянган тонн кокс, 300 мянган тонн ган цувимал бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай байх юм. Одоогоор цогцолбор үйлдвэрийн төмрий хүдэр, баяжмалыг Тавантолгой, Могойн гол, Баянгол, Баргилт, Чойр орчмын бүлэг ордуудаас хангахаар төлөвлөж байна.
Монгол Улс өнгөрсөн таван жилийн хугацаанд хамгийн ихдээ 534 мянган тонн буюу 292 сая ам.доллартай тэнцэх ган төмөрлөг бүтээгдэхүүн импортолсон гэх судалгаа бий. Өөрөөр хэлбэл бид хэрэгцээнийхээ 90-ээс дээш хувийг импортоор хангаж байгаа юм. Манай эдийн засгийн гол хөдөлгөгч хүч болсон аж үйлдвэрийн салбарт ган төмөрлөгийн үйлдвэрлэл хамгийн их бий. Жил бүр 250 гаруй сая ам.доллар хүртэлх импортыг орлож, валютын гадагш чиглэсэн урсгалыг монголдоо тогтоон барих боломжоор хангагдана гэж ойлгож болно. Уг төслийг дагаад 1500 гаруй ажлын байр шинээр бий болох төлөвтэй байна. Монгол Улсад одоогийн байдлаар төмрийн хүдрийн нэг тэрбум тонн, коксжих нүүрсний 20 тэрбум тоннын тогтоогдсон нөөцтэй. Тиймээс ган төмөрлөгийн үйлдвэр барих түүхий эдээ хангах бүрэн боломжтой гэж ойлгож болно.
Ган төмөрлөгийн үйлдвэрт хөрөнгө оруулах сонирхолоо БНХАУ-ын SINOSURE корпорац илэрхийлээд байна. Түүнчлэн Швейцарын Credit Suisse болон БНХАУ-ын ICBC банкууд оролцох хүсэлтээ албан бичгээр ирүүлжээ. Одоогоор үйлдвэрийн байгаль орчны нарийвчилсан үнэлгээг боловсруулах ажил үргэлжилж байна.
Маргаан дагуулдаг цацраг идэвхит ашигт малтмалын салбарын төслүүд
Цацраг идэвхит ашигт малтмалд монголчууд болгоомжтой ханддаг. Монголын төлөө гэх эх орончдын хамгийн үзэн яддаг салбар нь магадгүй энэ салбар байж болох юм. Гэхдээ “Эрдэнэс Монгол” компани цацраг идэвхит ашигт малтмалын олборлолтын дээр гурван төсөл хэрэгжүүлж байна.
Монгол-Францын хамтарсан төсөл Дорноговь аймгийн Улаанбадрах суманд амжилттай хэрэгжиж байна. Улаанбадрах сумын нутагт орших Зөөвч Овоо, Дулаан уулын ураны ордуудыг ашиглах “Бадрах Энержи” ХХК байгуулагдаад удаагүй байна. Ордуудыг ашиглах техник, эдийн засгийн үндэслэл аль 2015 оны хоёрдугаар сард Эрдэнэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөс баталсан бий. Уг ТЭЗҮ-д дурдсанаар нийт 22 жилийн хугацаанд газар дор уусган ашиглах аргаар олборлох төслийн хөрөнгө оруулалт нэг тэрбум ам.доллар, борлуулалтын орлого 5.9 ам.доллар байхаар тооцжээ. Уг ордуудыг ашиглах туршилтын үйлдвэрийн барилга болон уурхайг 2019 оны нэгдүгээр сарын 25-ны өдөр Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд болон Барилга, хот байгуулалтын сайдын хамтарсан А/18/16 тоот тушаалаар байгуулагдсан комисс хүлээн авсан байна. Мэргэжлийн хяналтын газрын дарга, цөмийн болон цацрагийн улсын ерөнхий байцаагчийн үйл ажиллагаа эрх зөвшөөрөл өнгөрсөн нэгдүгээр сард гарсан аж. Туршилтын олборлолтыг энэ өвөлдөө багтаан эхлүүлэхээр төлөвлөж байсан ч коронавируст цар тахлаас шалтгаалан тодорхойгүй хугацаагаар хойшлоод байна.
Монгол-Чехийн хамтарсан ураны төсөл Дундговь, Сүхбаатар аймагт хэрэгжихээр төлөвлөж байна. Дундговь-Сүхбаатар аймгийн нутагт орших Хараат, Хайрхан, Гурвансайхан болон Өлзийтийн орд газруудад төсөл хэрэгжинэ. Тус ордуудыг ашиглах ТЭЗҮ 2015 онд батлагдсан байдаг. Гэхдээ хэрэгжилгүй өдийг хүрчээ. Уг орд газарт ураныг газар дор уусган ашиглах аргаар олборлохоор төлөвлөж буй бөгөөд төснийн хөрөнгө оруулалт 204 сая ам.доллар, борлуулалтын орлого 1.6 тэрбум ам.доллар байхаар тооцоолжээ. Одоогоор хамтарсан төсөл судалгааны ажлаа үргэлжлүүлж байна.
БНХАУ-тай хамтран ураны төсөл хэрэгжүүлж байгаа ч одоогоор маргаантай байна. БНХАУ-ын төрийн өмчит CNNC корпорацтай хамтран хэрэгжүүлж буй уг төслийг “Эмээлт Майнз” ХХК хамтран хэрэгжүүлж байна. Дорнод аймгийн Баяндун суманд орших Гурванбулгийн ордыг түшиглэсэн энэ газарт уран олборлохоор 2015 онд ТЭЗҮ-ээ батлуулсан байдаг. Тус ордыг далд уурхайн аргаар ашиглах бөгөөд төслийн нийт хөрөнгө оруулалт 259 ам.доллар бөгөөд борлуулалтын орлого нэг тэрбум ам.доллар байхаар тооцоолж байна.
Өнгөрсөн нэгдүгээр сард “Эмээлт Майнз” ХХК Цөмийн энергийн комисс болон Ашигт малтмал, газрын тосны газрыг хариуцагчаар татан Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргасан билээ. “Эмээлт Майнз”-ын зүгээс Цөмийн энергийн тухай хуульд заасан хугацаанд ашиглалтын тусгай зөвшөөрөл олгоогүй, тусгай зөвшөөрлийн хугацааг сэргээлгэж хүсэлт илэрхийлж шүүхэд гомдол гаргасан юм. Тус компани Монгол Улсын Засгийн газар 51 хувийг эзэмших нөхцөлтэйгөөр хамтарсан компани байгуулж, ураны ордын ашиглалтын лиценз авахаар 2012 оноос бэлтгэж эхэлжээ. Гэвч одоог хүртэл ашиглалтын лиценз аваагүй байна. Одоогоор Хятадын талтай маргаанаа эцэслэж, хамтран ажиллах гэрээгээ шинэчлэх, ашиглалтын тусгай зөвшөөрөл авахтай холбогдсон шүүхийн маргааныг дуусгах, Гурванбулагийн ордыг ашиглах техник, эдийн засгийн үндэслэлд тодотгол хийж, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр дахин батлуулахаар төлвлөж байна.
Багануур, Шивээ-Овоо төсвөөс татаас авахаа больжээ
Дотоодын эрчим хүчний эх үүсвэрийг нийлүүлдэг Багануур, Шивээ-Овоогийн нүүрсний уурхайн техникийн шинэчлэл шувтрах шатандаа оржээ. 2013 оноос хойш тус хоёр уурхайн төрийн мэдлийн хувийг “Эрдэнэс Монгол” ХХК-д хариуцуулснаас уурхайн найдвартай, хэвийн үйл ажиллагааг тасралтгүй хангах зорилгоор Японы Олон улсын хамтын ажиллагааны банкны экспортын зээлийн шугамын санхүүжилтийг ашиглан 18.3 сая ам.долларын үнийн дүн бүхий 20 ширхэг техник худалдан эхний шатны шинэчлэлүүдийг хийгээд дуусчээ. Багануур, Шивээ-Овоогийн нүүрсний уурхайн техник тоног төхөөрөмжийн 60-70 хувийнх нь насжилт хэтэрсэн бөгөөд эдгээрийг үе шаттай шийдвэрлэхэд толгой компанийн зүгээс жил бүр 3-4 тэрбум төгрөгийг хөрөнгө оруулалт хэлбэрээр зарцуулж, улсын төсөвт учруулдаг дарамтыг шийдвэрлэснээ гүйцэтгэх захирал П.Ганхүү тайлбарлалаа.
Том төслүүдийг цомхон бүтцээр хэрэгжүүлнэ
“Эрдэнэс Монгол” ХХК-ийн нэгдлийн хэмжээнд 2022 хүн ажилладаг. Толгой компанийн хүний нөөцийн 25 орчим хувь нь гадаадын их дээд сургууль төгссөн, олон улсын түвшний мэргэжилтнүүд ажилладаг нь үе үеийн захирлуудын бий болгосон хүний нөөцийн чадавх юм. Тус нэгдэл одоогоор 10 охин компани, хоёр төслийн нэгжтэйгээр үйл ажиллагаа явуулж байна. Компанийн мэдэлд байдаг стратегийн 16 ордоос өдгөө Оюутолгой, Тавантолгой, Багануур, Шивээ-Овоо, Асгат, Салхит гэсэн зургаан орд л эргэлтэд ороод буй.
Нөгөөтэйгүүр, олон улсад Монгол Улсыг төлөөлөн, бизнесийн том төслүүдийг хөдөлгөж, улсын хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх зорилготой байгууллагын хувьд Засгийн газрын дэмжлэггүйгээр үйл ажиллагаа урагшлахгүй. Тиймээс ч сүүлийн хоёр жилд Асгат болон Салхитын мөнгөний орд, Мон Атом, Багануурын 400 орчим сая тоннын нүүрсний ордын тусгай зөвшөөрөл, тодорхой алтны ордуудыг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн мэдэлд шилжүүлж, компанийг бодит хөрөнгөтэй болгосон юм. Эдгээр хөрөнгийг зөв удирдаж, олон улсад үлгэр жишээ манлайлах шийдэл нь Баялгийн сан байгуулах явдал. “Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд Монгол Улс баялгийн сантай байна гэж тусгасан. Ирээдүйн өв сан болон Төсвийн тогтворжуулалтын сангаас ялгаатай нь хөгжлийн сан байхаар яригдаж байгаа юм. Норвегийн баялгийн сангийн орлого газрын тосны гол компанийн ордуудын төвлөрүүлэх орлого, ногдол ашигорлогод тулгуурлан бүрддэг. Үүн шиг баялгийн сангийн гол эх үүсвэр нь томоохон орд газрын ногдол ашиг байх юм” хэмээн П.Ганхүү захирал ярив.
Баялгийн сангийн удирдлагыг оновчтой авч явах, компанийн засаглалыг сайжруулах, дотоод гадаад эх үүсвэрээс хөрөнгө босгох бэлтгэл ажлыг тус компани хангаж буй аж. Энэ хүрээнд Австралийн олон улсад данстай BBO аудитын компаниар бизнесийн үнэлгээгээ шинэчлүүлж, нийт 15.7 их наяд төгрөгийн үнэлгээтэй гэж тогтоолгоод буй аж. Монгол Улсын Засгийн Газраас өнгөрсөн 2 жилийн хугацаанд “Эрдэнэс Монгол” компанийг бодитоор дэмжиж, хамтран ажилласны үр дүнд стратегийн томоохон төслүүд хөдөлж, тодорхой үр дүнд хүрч байна. Гүйцэтгэх захирал П.Ганхүү мэдээлэл хийсний дараа харъяа охин, хараат компанийн удирдлагууд сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө.
Сэтгэгдэл ( 6 )
Газтай болмоор бна даанч энэ засаг хийж чадахгүй л дээ?
зоригтой ажиллаад бай
Амжилт, чимээгүйхэн ажиллаад байгаа компани даа уг нь.
3 -хан сая хүнтэй байж энэ ингэж их газар нутгаа ухах хэрэг байгаа юмуу даа. Ялангуяа уран. ОТ-н гэрээгээ сайжруулаад дээр нь одоо ашиглаж байгаа уурхайнуудаа сайн ажиллуулаад гол нь олсон мөнгөө зөв юманд үр дүнтэй ашиглахад л болчихно. Мэдээж Монголынхоо хийг бол ашиглах л хэрэгтэй.
Энэ төслүүд нь амжилттай хэрэгжээдэхвэл ард түмэнд маш их хэрэгтэй юм даа төр засгаас сайн анхаараад өшөө илүү хурдасгаад өгөөсэй, амжилт\n
Хамгийн бодитой төсөл нь метан хий юм даа. Газаа өөрсдөө гаргаад авчдаг болсон цаг утаанаас төгс сална, цахилгааны үнэ бууна, орсууд аль эрт хэрэгжүүлсэн бхад манайх яагаад ингээд хойшлуулдаг юм бол? Дээр нь их газар ухаж байгаль сүйдэхгүй, ганц цооног бхад болдог гээ биз дээ. ЭМ энийгээ л хэрэгжүүлмээр юм бна