Драмын урлагийн шилдэг уран бүтээл, уран бүтээлчдийг шалгаруулах “Гэгээн Муза- 15” олон улсын театрын наадмын шилдгүүд өнгөрсөн ням гарагт тодорсон билээ. Тэдний нэг нь залуу жүжигчин Ц.Цэлмүүн юм. Тэрбээр хамгийн олон нэр дэвшигчтэй төрөл болох хоёр хүний жүжгийн төрөлд МЭӨ үеийн, зохиолч нь үл мэдэгдэх Японы алдарт зохиол “Торгон дэнлүү” жүжгийн О Цуюны дүрээр шилдэг эмэгтэй гол дүр хүртсэн юм. Түүнтэй ярилцахаар очиход Улсын Драмын Эрдмийн театрын уран бүтээлчид “Фауст” жүжгийн бэлтгэлтэй байсан бөгөөд энэ сарын 17-нд нээлтээ хийх аж.
-Залуу жүжигчний хувьд анх удаа олон улсын театрын наадмаас шилдгийн шагнал хүртлээ. Өөрт тань маш их урам өгсөн байх.
-Би тайзан дээр гараад “Улам илүү хичээх урам зоригийг өглөө” гэж хэлсэн. Үнэхээр надад маш их урам өгсөн. Залуу уран бүтээлчдийн хийснийг нь өндрөөр үнэлэх нь цаашдаа яах вэ, яаж илүү байх вэ гэдэг сэдлийг, мөн урмыг өгдөг. Шагналаа авчхаад сууж байхдаа л “Дараа нь би юу хийх вэ” гэж бодсон. Манай баг хамт олон хажууд сууж байхдаа л “Чи шилдэг эмэгтэй жүжигчний шагнал авна” гэж хэлж байсан. Тэр үед маш их санаа зовж байсан ч дотроо битүүхэн горьдож, Цэлмүүн гэдэг нэрийг дуудахад итгэж өгөхгүй байсан.
-“Гэгээн муза”-гийн шагнал авна гэсэн горьдлого байсан уу?
-Би 22 настай, залуу уран бүтээлч хүн л дээ. Олон жил жүжиглэсэн театрын жүжигчид, гаднын уран бүтээлчид олон байсан. Хоёр хүний жүжгийн төрөл нь хамгийн олон жүжигчин өрсөлдсөн төрөл. Монголын дөрвөн жүжигчин, гадны гурван жүжигчин. Туршлагатай мундаг хүмүүстэй өрсөлдөж байсан болохоор айж байсан. Гэхдээ л дотроо “Яагаад болохгүй гэж” гэж бодож сууснаа нуугаад яахав. Шилдэг эмэгтэй жүжигчин болсондоо маш их баяртай байна. Миний амьдралын марташгүй сайхан дурсамжийн минь нэг болсон.
-“Торгон Дэнлүү” жүжгийнхээ талаар үзэж амжаагүй уншигчид маань сонирхох байх?
-Энэ жүжиг бол МЭӨ үеийн жүжиг. Зохиолчийн нэр нь үл мэдэгдэх, хэн зохиосон нь мэдэгдээгүй. Манай жүжиг олон тоглогдоогүй байгаа. Хүн төрөлхтний мөнхийн хайр дурлалын талаар өгүүлдэг бөгөөд амьдын ертөнц, үхэгсдийн ертөнцийн зөрчил болоод болж бүтэж байгаа зүйлийн талаар харуулах маш сонирхолтой жүжиг.
-Энэ удаагийн “Гэгээн Муза”-д олон залуу жүжигчид хүч түрэн гарч ирлээ?
-Аливаа зүйлд ээлж дараа гэж байдаг байх. Мэдээж, ахмад уран бүтээлчид маань бүгд мундаг, олон жилийн арвин туршлагатай. Гэсэн хэдий ч залуу уран бүтээлчдээ үнэлж, шагнаж урамшуулж байгаад маш их баярлаж байгаа. Энэ удаагийн “Гэгээн Муза” залуу жүжигчдэд зогсолтгүй хөдөлмөрлөх хэрэгтэй гэдэг дохио болсон. Бидний энэ жүжиг бол бидний өөрсдийн сэтгэл зүрх, бүхий л хөрөнгө мөнгөө зориулсан жүжиг.
-Яагаад жүжигчин болохоор шийдсэн юм бэ?
-Би багадаа сэтгүүлч, мөн цагдаа болно гэж боддог байсан. Шулуун шударга зантай болоод ч тэр үү ээж маань цагдаа болох хүслийг маань дэмждэг байсан. Жүжигчин болох болсон шалтгаан маань арван жилдээ Вилл Смитийн хүү Жейдэн Смитийн тоглосон “Каратэ Кид” киног үзээд жүжигчин болох хүсэлдээ хөтлөгдсөн. Яагаад ч юм энэ хүүхэд шиг жүжиглэнэ гэж бодсон. Тэгээд л шалгалт өгч СУИС-ийн лицей “Бадмаараг” ахлах сургуульд орж жүжигчний мэргэжилд суралцаж эхэлсэн. Ямар ч шалтгаангүйгээр би энэ мэргэжилд дуртай.
-Өөрийн тань гэр бүлд урлагийн хүн байдаг уу?
-Би ээжтэйгээ амьдардаг. Манай эмээ, өвөө, аав ээжийн талд урлагийн хүн байхгүй. Харин ээжийн ахын хүүхдүүд маань уртын дуучин, мөн найруулагч мэргэжилтэй хүмүүс бий. Бид гурав л энэ гэр бүлийнхээ дотор урлагийн хамгийн анхны хүмүүс дээ.
-Кино урлаг буюу дэлгэцийн уран бүтээл. Хэдий хүнд хэцүү ч гэсэн жүжигчин хүнд алдах боломжийг олгодог байх. Харин тайзны уран бүтээл бол алдах эрхгүй шүү дээ. Театрын урлагийн онцлог юу вэ?
-Театрын жүжигчид тайзан дээр гарсан л бол дүрдээ орж амьдрах хэрэгтэй. Үүнд алдаа гаргах эрх байхгүй. Жижиг алдаа гаргасан ч гэсэн тэр алдаагаа бусдад мэдэгдүүлэхгүйгээр авч гарах ур чадвартай байх ёстой. Жүжгийн турш 30 хувь дүрдээ орж, 70 хувь контролтой байх ёстой. Бүгдийг нарийн тооцоолж байх хэрэгтэй гэсэн үг л дээ. Хэрэв хэтэрхий сэтгэл хөдлөлдөө автвал алдаа гаргана шүү дээ. Театрын жүжигчний хамгийн гоё зүйл нь амьд харьцаан дээр тогтдог.
-Жүжиглэлтийн үеэр найруулагчаасаа хэр зэмлэл хүртэж байв. Хатуу үг сонсож байв уу?
-Драмын театрт жүжигчнээр ороод хамгийн анх “Бүсгүйн зурвас” жүжигт Туяагийн залуу насанд туслах дүрийн балетчин охины дүрд тоглосон. Балет маш хэцүү юм байна лээ. Би тэр жүжигт зориулж сурч байсан. Тэр үед хөдөлгөөний найруулагч Г.Ган-Очир найруулагчд олон хүмүүсийн дунд маш их загнуулсан. Миний “шар хөдлөөд”, ганцаараа “Яасан хүнд юм бэ, хөл шалбараад ямар хэцүү юм бэ, би ч ёстой авьяасгүй юм даа” гээд л уйлж байсан. Маргааш нь би ахиад л загнуулсан. Тухайн үед тэр үйл явдал надад хүч өгсөн. Дараа дараагийн уран бүтээлүүд дээр залуу найруулагчидтай их ажилласан. Зэмлүүлэх гэхээсээ илүү ойлголцоод, ярилцаад л явдаг.
-Жүжигчин тэр тусмаа театрын жүжигчин байх ямар вэ. Хувь хүний зан чанарт хэрхэн нөлөөлдөг вэ?
-Миний зарчим бол хаана ч байсан өөрийнхөөрөө байхыг л хичээдэг. Хүн бүрт зөв хандлагатай, эерэг байвал гоё шүү дээ. Өөрийгөө тэсвэр хатуужилтай, “шартай” гээд ярьчихвал магтсан болчихно байхдаа. Гэхдээ энэ мэргэжил яах аргагүй хүнд, тэсвэртэй сайхан зан чанарыг бий болгодог. Миний хувьд өөртөө өгсөн амлалтдаа хүрч чадахгүй бол өөрийгөө шийтгээд байдаг л даа.
-Залуучууд кино театрт кино үздэг шиг театрт тэр бүр очоод байдаггүй шүү дээ. Энэ “амьд” урлаг хүнд хэрхэн нөлөөлөх вэ?
-Залуучууд маань өмнөхөө бодвол харьцангуй театрт жүжиг үздэг болчихсон. Гэхдээ л бага. Кино театраас маш бага. Театрт нэг л удаа жүжиг үзвэл дараа дахин ирэх байх аа. Яагаад гэвэл эндээс амьдралын утга учир, хүмүүсийн зан харилцааны талаар “амьд” мэдрэмж авна. Үеийнхэн маань дуурь, балет, театрын жүжиг гэх мэт сонгодог урлагийг үзэж сонирхож байх хэрэгтэй. Сонирхолгүй байж болох ч оюун санаандаа хөрөнгө оруулалт хийж, соён гэгээрэх хэрэгтэй шүү дээ. Сонгодог урлаг бол хүнийг төлөвшүүлнэ. Би ч үүнд суралцаад л явж байна. Театрт ороод нэг жүжиг үзээд гарвал нэлээд зүйл ойлгоод гарна. Театрын жүжигчид бүгд мэргэжлийн жүжигчид. Харин кино урлагт зүгээр л “тик ток”-оор олны танил болчихсон хүмүүс мэр сэр харагдах юм. Энэ нь мэргэжлийн жүжигчин гэх тодотголыг дараад байгаа юм шиг санагддаг.
А.ЗОЛЗАЯА
Сэтгэгдэл ( 0 )