Сэтгүүлч, хөтлөгч Х.Доржпаламын үзэгч, сонсогч, уншигчдад бэлтгэн хүргэдэг “100 асуулт” нэвтрүүлгийн зочноор "Startup Marketing Space” төвийн үүсгэн байгуулагч, захирал Ж.Золзаяа оролцсоныг хүргэж байна.
-Та өөрийгөө танилцуулаач?
-Намайг Жаргалсайханы Золзаяа гэдэг. Би Монголын маркетингийн холбооны ерөнхийлөгчийн албыг давхар хашдаг. Монгол Улсад гарааны бизнес, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмждэг "Startup Marketing Space” төвийг үүсгэн байгуулаад одоо гурав дах жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Манай аавыг Жаргалсайхан, ээжийг Отгонцэцэг гэдэг. Аав маань хувиараа бизнес эрхэлдэг. Ээж маань хүний их эмч. Доороо нэг дүүтэй, айлын том хүүхэд. Дүү маань Улаанбаатар хотын Д.Нацагдоржийн номын сангийн орлогч даргаар ажилладаг.
-Таны хэлэх дуртай үг юу вэ?
-“Хурдан явъя гэвэл ганцаараа, хол явъя гэвэл олуулаа” гэж үгийг хэлэх дуртай. Сүүлийн үед дэлхий нийтээрээ амжилттай явъя гэвэл багийн тоглолт маш чухал гэдгийг ойлгоод энэ тал руу хандлага нь давамгайлдаг болчихсон. Тийм учраас олуулаа явъя л гэж их боддог.
-Та ямар мэргэжилтэй болъё гэж боддог байсан бэ?
-Жүжигчин болно гэж боддог байсан. Арван жилийн урлагийн үзлэгээр “Ромео Жульета”-д тоглодог, бүжиглэдэг байлаа. Урлагийн чиглэлийн хүн болно гэж боддог байсан. Гэтэл би нэг их өндөр болоогүй. Тиймээс урлагийн салбарын хүн болоход нуруу намдсан.
-Тэгээд ямар мэргэжил эзэмшсэн бэ?
-Бизнесийн удирдлага, тэр дотроо маркетингийн мэргэжил эзэмшсэн. Энэ салбартаа 12 жил ажиллаж байна. Маркетинг бол бүх салбарт байдаг зүйл. Тиймээс энэ мэргэжлээр суралцвал бүхий л салбарт, тэр дундаа урлагийн салбарт ойрхон ажиллаж болох юм байна гэж бодоод энэ мэргэжлийг эзэмшсэн. Кинонд хүртэл ажиллаж байлаа.
-“Startup Marketing Space” төв байгуулагдаад гурван жил болжээ. Энэ хугацаанд хэрхэн өргөжсөн бэ?
-Сүүлийн 12 жилийн турш дандаа залуучуудтай хамтарч, монгол бренд бүтээгдэхүүнүүдийг дэмжиж ажиллаж байгаа. Монгол залуучуудаа бодитоор хэрхэн хөгжүүлэх вэ, үндэсний брендүүдээ хэрхэн бодитой дэмжих вэ гэсэн санаагаа 2013 оноос анх бодож эхэлсэн. Ингэхдээ дэлхий нийтийн чиг хандлага болоод байгаа “Хамтын оффис”-оор дамжуулан гарааны бизнесийг хөгжүүлдэг байдлыг судлаад энэ бизнесээ 2017 оны наймдугаар сарын 30-ны өдрөөс эхлэн явуулж байна. Гурван жил гэдэг их биш ч бас бага хугацаа биш. Монгол Улсад энэ салбар маань дөнгөж хөгжиж байгаа учраас энэ хугацаанд бид нар ажиллангаа алдаж, онож суралцаад явж байна. Үүнийгээ ч маш их азтай гэж боддог. Хийж байгаа ажил маань нүдэн дээр харагддаг. Дөнгөж шинэ санаа байхаас нь хөгжүүлээд бодит зах зээл дээр хэрэглэгчдийн гарт хүргэдэг. Үүнээс цаашаа олон улсын зах зээл дээр гарах гэсэн энэ процесс өөрөө их гайхалтай. Өнгөрсөн хугацаанд бид нар 53 мянга гаруй залуучуудад үйлчилгээ үзүүлсэн байна. Салбар бүрийн 300 гаруй арга хэмжээ зохион байгуулсан. Эдгээрээс 170 гаруй бизнесмен төрж гарсан байгаа. Манай төвийн гишүүнчлэлд байгаад гарсан нийт бизнесийн 40 хувь нь амжилттай явж байна. Анх хийж байгаа ажлаа хүмүүст ийм хэрэгтэй гэдгээ манай багийнхан өөрсдөө ч сайн мэддэггүй байсан. Явцын дунд монгол залуусын ирээдүй бол энэ оюуны уурхай юм байна гэж ойлгосон. Бид нар оюун ухаан, спортоороо дэлхийд тэргүүлдэг болсон. Тэгвэл одоо технологи, инноваци, шинэ санаагаараа дэлхийд тэргүүлэх цаг ирсэнд итгэлтэй байдаг. Ийм залуучуудынхаа хүсэл мөрөөдлийг биелүүлэх гүүр болж өгдгөөрөө энэ ажилдаа үнэхээр их хайртай.
-“Хамтын оффис”-ийн давуу тал нь юу вэ?
-Хөгжих, хамтарч ажиллах, хамтрагчдаа олох, мэдээллийг нэг дороос авах, зөвлөгөө авах гээд бүх боломжийг олгодог. Энэ соёл бол дэлхийд өнөөдөр тренд болж байгаа. Монгол Улс ч гэсэн энэ хөгжлөөс хоцролгүй явж байна.
-Бусад улсуудад шинэ гарааны бизнес эрхэлдэг залуучуудыг яаж дэмждэг вэ. Харьцуулбал манайх ямар түвшинд яваа вэ?
-Нийтдээ 10 оноогоор үнэлдэг. Гарааны бизнесийн таатай орчин буюу эко систем гэж нэрлэдэг. Мэдээж хууль, эрх зүй асар чухал. Төрийн шийдвэр, дэмжлэг, гадна, дотны хөрөнгө оруулалтын таатай орчин бас чухал байдаг. Энэ маань шинэ соёл. Тийм учраас уламжлалт бизнесүүдээс илүү шинэлэг, хурдтай явагддагаараа онцлог. Өнгөрсөн жилийн судалгаагаар Монгол Улс таван оноотой явж байгаа. Тэгэхээр бид нар дахиад нэмээд таван оноо авахад маш их хийх зүйл байна гэсэн үг. Зөвхөн “Хамтын оффис”-оор яваад байвал хөгжил маш удаан явагдана. Бүх оролцогч талуудыг эрх тэгш хамруулж, оролцуулж чадаж байж цогцоороо хурдацтай хөгжинө. Бусад улс орнуудад төр нь маш таатай орчныг бий болгоод улсаасаа хөрөнгө оруулалт хийгээд, гаднын зах зээлд гарахад нь дэмжлэг үзүүлээд явдаг юм билээ. Зүүн Азийн улс орнууд сүүлийн үед технологи суурьтай “Startup”-уудыг маш хүчтэй бодлогоор дэмжиж байгаа. Би бол үүнийг цоо шинэ эдийн засаг гэж боддог.
-Зарим улс оронд бүр хариуцсан яам байна уу?
-Энэ салбарыг хариуцсан яам, агентлаг байна. Казахстан улс гэхэд л төв Ази Европын хооронд технологийн орон болсноо зарлаж байгаа. Бусад улс орнуудаас шилдэг залуусыг цуглуулаад нэг инкубатор төвд бойжуулаад дэлхийн зах зээлд гаргадаг. Эхний 5-10 жилд ямар ч татваргүй байх ч гэдэг юм уу бодлогоор маш сайн дэмждэг.
-Одоогоор хэчнээн салбартай болсон бэ?
-Анх 21 аймагт үндэсний сүлжээ бий болгоно гэсэн маш том зорилго тавьж байсан. Одоогоор бид нар таван аймагт салбараа нээн ажиллуулж байна. Зөвхөн Улаанбаатар хотын залуус боломж эдлээд сайхан орчинд ажиллаж амьдрах ёсгүй гэсэн анхны бодлоос үүдэн орон нутагт салбараа нээх эхлэл болсон. Аймаг, сумдад байгаа залуучууд эрх тэгш байдлаар боломж, мэдээллийг авах боломжтой. Ингэснээр орон нутагт байгаа залуучууд, бизнес эрхлэгчдэд энд болж байгаа бүхий л зүйлд зэрэг оролцож, мэдээллийг зэрэг хүртэнэ.
-Өнгөрсөн онд “Seedstars Ulaanbaatar-2019” арга хэмжээг амжилттай зохион байгуулсан. Үүний үр дүнд “IHotel” компани ялагчаар тодорсон. Энэ жилийн хувьд хэрхэн зохион байгуулах гэж байна вэ?
-Ковид-19 цар тахлын үе бол технологийн салбарын залуучуудад маш их боломжийг олгож байгаа. Бүгд онлайн болж байгаа учраас дэлхийтэй нэг зэрэг алхах боломжтой болж байна. Өнгөрсөн жилийн хувьд “IHotel” компани маань дэлхий даяар 5000 “Startup”-уудаас шилдэг 46-гийн нэг болж чадсан. Энэ бол урьд өмнө үзүүлээгүй том амжилт. Тэгэхээр бид нарт дэлхийд олон улсын шилдэг “Startup”-уудтай өрсөлдөх боломж байна, чадаж байна гэдгээ харуулж байгаа нэг үзүүлэлт гэж боддог. Энэ жилийн хувьд улсын тэмцээнээ яг бодитоор явуулж, үндэсний ялагчаа тодруулна. Бүртгүүлсэн дөч гаруй технологийн “Startup”-уудаас Швейцарь дах хөрөнгө оруулалтын баг нь 10 шилдэг гарааны бизнесийг цаанаас нь тодруулаад өгнө. Үүнээс шилдэг нэгийг нь шалгаруулаад бүсийнхээ онлайнаар болох хуралд оролцоно. Эндээс шалгарч чадвал дэлхийн 95 улс оролцох тэмцээнд өрсөлдөнө. Дэлхийн 95 улсад салбартай Швейцарьт төвтэй гарааны бизнесийн энэ төвийн төлөөлөгчөөр нь гурван жилийн өмнөөс миний бие ажиллаж байна. Бидний мөрөөдөл бол дэлхийд сая долларын үнэлгээтэй цор ганц том компанийг төрүүлэх юм. Ингэж чадвал улсынхаа эдийн засагт маш их үр ашигтай, хөрөнгө оруулагчдыг олноор нь улсдаа татах боломжтой болно. Тэгэхээр энэ тэмцээнд маш өндөр амбицтай, төлөвлөгөө, зохион байгуулалттай оролцож байгаа.
-Цар тахлаас болж эдийн засаг, бизнес нилээд хүнд байх шиг байна. Та энэ цар тахлын нөлөөллийг хэрхэн үзэж байна вэ?
-Энтрепренер хүн гэдэг бол бүх зүйлийг боломж болгож хардаг гэж боддог. Ямар нэгэн асуудлыг харсан бол шийдлийг нь олоод ажлыг эхлүүлдэг. Тийм ч болохоор цар тахлыг боломж болгон харж байгаа. Ялангуяа манай салбарынхан бол яаж урьд нь орхигдсон төслүүдийг эхлүүлэх вэ гэдэг дээр ажиллаж байгаа. Энэ хугацаанд амьд үлдэж чадсан бүх төслүүд цар тахлын дараа маш амжилттай явна. Энэ хугацаанд яаж бизнесээ тогтвортой явуулж, “амьд үлдэх вэ” гэхээр ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг компаниуд хамтын ажиллагаагаа нэмэгдүүлж, хамтарсан маркетинг хийх хэрэгтэй гэж бодож байна. Хямралын үед дэлхий даяар дандаа шинэ бизнесүүд гарч, тэр нь амжилттай явж ирсэн байдаг.
-Нийгэмд стрессддэг үү?
-Стрессдэнэ.
-Таны үнэт зүйл юу вэ?
-Тууштай байдал. Яагаад гэхээр анх 2008 оноос хойш өнөөдрийг хүртэл юу бодож байснаа тууштай хийсээр ирсэн.
-Ямар спортоор хичээллэдэг вэ?
-Газрын теннисээр багаасаа хичээллэж байна. Энэ спорт яг усанд сэлэлт шиг маш их хөдөлгөөн хийдэг, бүх булчин ажилладаг юм. Тийм болхоор эрүүл мэндэд маш тустай.
-Хүн амьдралдаа яаж явах нь юунаас шалтгаалдаг вэ?
-Үнэн, зөв явах гэж боддог. Худлаа ярьж, хулгай хийхгүй байхыг багаас эцэг, эх маань сургасаар ирсэн.
-Таны хамгийн том мөрөөдөл юу вэ?
-Мэдээж хувь хүний хувьд маш сайн суралцах. Маш сониуч хүн. Гадаадад их дээд сургуульд суралцана, салбартаа амжилт байгуулахыг бодож байна. Мөн таван сарын өмнө “Dreams” гээд нэгдэл байгуулсан. Энэ нэгдэл бол яг хүсч байсан зүйл маань мөн. Яагаад гэхээр залуучууд бид сошиалд шүүмжлэх биш өөрсдөө дуу хоолойгоо нэгтгэн хүргэж, нөлөөллийг үзүүлэх нь чухал гэж боддог. Мөрөөдлөө, зорилгоо нэгтгээд төрийн гаргасан шийдвэрүүдэд хөрсөнд буусан шийдлүүдийг олж өгч явах юм. Хамгийн том мөрөөдөл гэвэл улсаасаа нэг сая долларын үнэлгээтэй 3-5 компанийг гаргах.
-Ер нь мөрөөдөж л байх хэрэгтэй юу?
-Хязгааргүй мөрөөдөх хэрэгтэй. Зүгээр мөрөөдөөд суух биш түүнийхээ төлөө үйлдэл хийх нь чухал.
-Таны хамгийн аз жаргалтай байсан мөч?
-Өнгөрсөн жилийн аравдугаар сард бүтэн долоон жилийн дараа аав, ээж хоёртойгоо уулзсан. Долоон жил чинь богино хугацаа биш. Технологи хөгжөөд өдөр бүр цариайгаа харалцаж байгаа ч уулзаад тэврэх үнэхээр сайхан байсан.
-Та өөрийнхөө төрсөн өдрийг их өвөрмөц тэмдэглэдэг юм билээ. Яагаад ингэж тэмдэглэдэг болсон юм бэ?
-Жил бүрийн төрсөн өдрөөрөө бага ч болов буяны ажил хийдэг болоод найман жил өнгөрч байна. Манай ээж маш мундаг эмч хүн. Өөрөө зүрхээр өвдөж, манай улсад эмчлэгдэх боломжгүй болсон. Энэ бол манай гэр бүлийн маш эмзэг сэдэв. Тэгээд 2012 онд Америкт 180 мянган долларын хагалгаанд орох шаардлагатай болсон. Тэгээд бид хэд байр сав, бизнес гээд бүх зүйлээ зараад ах дүү, хамаатан садангаасаа хандив авсан. Энэ үед манай найзууд “Золоо чи олон салбарт олон хүнийг хамарсан ажил хийдэг. Тиймээс ээждээ зориулсан хандивын арга хэмжээ хий. Найз нар нь дэмжье” гэсэн. Тэгээд “Наран ээж” гэж хандивын арга хэмжээг өөрийнхөө төрсөн өдрөөр зохион байгуулсан. Тэр үед би үг хэлж байхдаа уйлаад “Би баян хүн биш. Гэхдээ найз нөхдөөр үнэхээр баян хүн юм. Та нартаа үнэхээр их баярлалаа. Ээжийг маань аварсанд баярлалаа. Жил бүр нийгэмд сайн үйлс хийх болно” гэсэн амлалт өгсөн. Тэгээд ээж маань эмчилгээндээ ороод одоо эрүүл саруул Америкт байгаа. Тэгээд л дараа жилээс нь хүүхэд, эмнэлэг, боловсролын салбарт төсөл сонгоод найзууддаа санал тавиад хийж эхэлсэн. “Амгалан” амаржих төвийн төрсний дараах төвийн таван өрөөг тохижуулж байсан. Тархины саажилттай хүүхдүүдийн цэцэрлэгт хэрэгтэй зүйлсийг нь авч өгсөн. “Ид шидийн орон” төсөлд хандив өгч байлаа. Харин өнгөрсөн жил хийж байгаа ажилтайгаа холбоотойгоор арван жилийн сургуулиас нь эхлээд ойлгуулах хэрэгтэй юм байна гэж үзээд 84-р сургууль дээр “Сурагч энтрепренер” танхим нээн, 10-12-р ангийн хүүхдүүдийг хамруулаад 10 жилийн бизнес эхлүүлчихсэн явж байгаа.
-Таны юунд хүмүүс татагддаг бол?
-Харилцаа байх. Харилцаа маш чухал гэж бодож ажилладаг.
-Тэгвэл Ж.Золзаяад дургүй хүмүүс хэр байдаг бол?
-Байдаг байх. Мэдээж юм хийх гэж оролдож яваа хүн чинь хүн бүрт таалагдах ажил хийхгүй шүү дээ.
-Таны үг ер нь хэр хүчтэй байдаг гэж боддог вэ?
-Хүчтэй гэж бодож байна. Хүчтэй байж өөрөө нөлөөллийг бий болгох учраас өөрөө хүчтэй байх ёстой.
-Амжилт гэж ер нь юу вэ?
-Амжуулж хий л гэсэн үг шүү дээ.
-Өөрийгөө хэр амжилттай яваа гэж боддог вэ?
-Өөрийгөө магтах нь их сонин байна. Ер нь шинэ зүйлийг санаачлаад хийсэн бол ард нь гардаг. Амжилтгүй боллоо гэхэд дараа нь дахиад ахисан түвшинд хийхийг хичээдэг, хийдэг. Тэгэхээр тодорхой хэмжээний амжилт үзүүлсэн байх. Үүнийг маань бусад хүмүүс илүү дүгнэх байх.
-Таны муу зуршил юу вэ?
-Би эртэч хүн бол биш.
-Эртэч биш гэдэг нь муу зуршил уу?
-Зарим талаараа муу байдаг. Өглөө эрт хүмүүс маш их ажил амжуулчихсан байхыг хараад цагаан шар хөдөлдөг. Би найман цагт сэрдэг. Гэтэл үүнээс ч эрт сэрдэг хүмүүс олон байдаг.
-Таны хамгийн сайн хийж чаддаг зүйл юу вэ?
-Ярилцах. Хүмүүс хоорондын харилцааг маш сайн зохицуулах, холбож зуучлах гэж бодож байна.
-Ж.Золзаяа маш их уурлавал яах вэ?
-Гал шиг дүрэлзэнэ. Гэхдээ маш хурдан унтарна.
-Танай лого их гоё. Логоныхоо утга учрыг тайлбарлаач?
-Энэ лого зургаан сарын хугацаанд 40 логоны дараа бий болсон юм. Маш эрч хүчтэй, хөгжлийг илэрхийлсэн. Манай төв “Зөгийн үүр” хэлбэртэй. Зөгийн үүрэнд зөгийнүүд маань бойжоод дэлхийн зах зээлд гарна гэсэн утгатай. Цэнхэр өнгө бол бизнес харилцааны, шар нь эрдэм мэдлэг, боловсролын өнгө. Энэ хоёр нэгдээд сурч боловсроод хамтраад явах юм бол амжилтад хүрнэ гэсэн утга агууллагатай. Манай уриа үг “Зөгий шиг ажиллана”. Тэр дотор ажиллаж байгаа 30 гаруй компаниуд өөрсдийгөө зөгий гэж боддог. Манай ажилтнууд тус, тусдаа өөрсдийн зөгийний нэртэй. Зөгий маань өөрөө зохион байгуулалт маш сайтай, багаар ажилладаг, бүтээлч амьтан. Бид нар зөгийн дээр судалгаа хүртэл хийж байсан. Тэгэхэд нохой шиг хүний сэтгэл хөдлөлийг мэдэрч чаддаг, тэсрэх бөмбөг илрүүлж чаддаг амьтан юм билээ.
-Таны сонсохыг ч хүсдэггүй үг юу вэ?
-Дараа болъё.
-Та өөрөө тэгж хэлэхгүй юу?
-Маш бага тохиолдолд хэлдэг. Юм хойшилно гэдэг чинь ажил болон бүх зүйл хойшилно гэсэн үг. Цагийн юмыг цагт нь л хийх хэрэгтэй.
-Хүн үхтлээ суралцдаг гэсэн. Одоо та юунд хамгийн ихээр суралцахыг хүсэж байна вэ?
-Одоо бол технологийн чиглэлээр илүү нарийн мэргэжил эзэмшхийг хүсэж байгаа. Яагаад гэхээр дэлхийн шилдэг 100 компанийн 50 нь сүүлийн аравхан жилийн дотор бий болсон компани байгаа. Хүн төгс биш учраас суралцаж дуусахгүй. Тэгэхээр аливааг хийж чаддаг багийг бүрдүүлэх нь чухал. Бас хөрөнгө оруулалтын чиглэлээр ажиллаж байгаа. Залуучуудад маань маш гоё санаа, хийх баг нь байдаг. Тиймээс хөрөнгө оруулагчдыг илүү мэдээлэлтэй болгох, мэдүүлэх ажлыг хийж байгаа.
-Сүүлийн үеийн залуучуудаас маш сайхан санаанууд гарч байгаа байх?
-НҮБ-ийн судалгаан дээр нийслэлд амьдарч байгаа Z үеийнхний 90 хувь нь хувиараа бизнес эрхлэх сонирхолтой гэж гарсан. Энэ нь хоёр талтай. Ажил хийх хүн ховор болох гээд байна. Нөгөө талдаа маш их ажлын байр бий болгох хүмүүс бидний араас хүч түрж байна. Маш мундаг болж байгаа.
-Саяхан “Хамтын оффисс”-оо цар тахалтай холбоотойгоор үнэгүй болгосон?
-Тэгсэн. Залуучууд маань маш их ирсэн. Ядаж нэг бизнес нь үүн дээр тогтоод үлдээсэй гэж бодсондоо үүнийг хийсэн.
-Танай төвөөр үйлчлүүлсэн “Startup”-уудаас хамгийн амжилттай яваа нь ямар салбарынх байгаа вэ?
-Манайх анх нээгдсэн өдөр ирсэн нэг бүсгүйн “Mayara” гээд хүмүүсийн сайн танил болсон брэнд байгаа. Зургаахан метр квадратаас өнөөдөр үйлдвэртэй, олон салбартай болон өргөжөөд явж байна. Энэ маань зөвхөн нэг бүтээгдэхүүн үйлдвэрлээд байгаа биш маш их судалгаатай, монгол өв соёлоо орчин үед шингээж, сурталчилсан бүтээгдэхүүн үйлчилгээ гаргадаг. Үүгээр би маш их бахархдаг. Үүний дараа “Print pro” гэж компани бий. Утсаар захиалга авдаггүй, бүх зүйлээ онлайнаар хийдэг. Нэрийн хуудас, брошур гээд бүх захиалгаа фээсбүүкээр аваад нэг ч харилцах шаардлагагүйгээр захиалагчид хүрдэг. Жилийн дотор нэрийн хуудас хэвлэлтийн 70 хувийг эзэлдэг болчихсон байсан.
-Таны хамгийн их айдаг зүйл юу вэ?
-Харуй бүрий, харанхуйгаас их айдаг. Аймшгийн кинонд дургүй. Дөрөвдүгээр ангид байхдаа нэг аймшгийн кино үзээд бүтэн сар хар дарж зүүдэлсэн.
-Хэнд хамгийн ихээр баярлалаа гэж хэлэхийг хүсч байна вэ?
-Маш олон хүн байгаа. Энэ амьдралд би их азтай хүн юм шиг байгаа юм. Нэг ажил хийе гэхээр тэр хүмүүс нь гараад ирдэг. Энэ бизнес дөнгөж санаа төдий хөрөнгө оруулагч хайгаагүй байхад хөрөнгө оруулагч маань өөрөө гараад ирсэн. Тэгээд л хоёр өдрийн дотор төслөө бичээд ир гэсэн. Ингэж тэг төгрөгнөөс 530 сая төгрөгийн хөрөнгө оруулалт нэг өдрийн дотор босгосон азтай тохиолдол байдаг. Манай хөрөнгө оруулагч “Газар групп” гээд компани бий. Өөрөө ч анх энэ олон мянган залуучуудад гэрлийг нь асааж, гүүр нь болно гэж бодоогүй байх. Монгол Улсад олон мянган залуучуудыг дэмжсэн хөрөнгө оруулагчдаа баярлалаа гэж хэлмээр байна. Дээрээс нь аав, ээж хоёртоо маш их баярлалаа гэж хэлье.
-Шинэ залуу “Startup”-ууд маань хамгийн анх гарч ирэхдээ юун дээр илүү анхаарах ёстой вэ?
-Хүн бүрт санаа байгаа. Гагцхүү тэрийг бодит болгож биелүүлэх арга замууд нь өөр. Тэгэхээр тэр арга замыг л сайн хийх хэрэгтэй. Тодорхой хэлбэл энэ бүхний эхлэл нь маш сайн судалгаа. Дэлхийн шилдэг 200 компанийн амжилтыг судлахад тэдний ихэнх нь цаг хугацаа нь яг мөн үү гэдгийг судалгаа, чиг хандлагаар тодорхойлсон байдаг. Дээрээс нь чадварлаг баг хамт олон. Санаа харин гуравт нь ордог. Үүний дараагаар өөртөө таарсан бизнес загварыг бий болгох хэрэгтэй. Энэ дөрвийг бий болгочихсон байхад хөрөнгө оруулагч маш амархан олддог.
-Бидний нийгэмд болохгүй, бүтэхгүй зүйл олон л байгаа. Таныхаар ер нь юунаас эхлэх ёстой вэ?
-Алхам тутамд л асуудал байгаа. Би бол иргэн бүрийн оролцоо л чухал гэж хэлмээр байна. Хүн бүр нэг асуудлыг шийдээд өөрийн ажлаа сайн хийгээд, идэвхитэй дуу хоолойгоо хүргээд явах ёстой. Ингэх юм бол хөгжил ойрхон байгаа. Бид нарын хандлагад их учир бий.
-Таныг өөрийнхөө ажилд дүн тавь гэвэл ямар дүн тавих вэ?
-Ёстой бодож байгаагүй юм байна. Хамт олон маань л мэдэх байх.
-Таны тэвчихэд хамгийн хэцүү зүйл юу вэ?
-Хүн хүлээх.
-Та өөрөө хүлээлгэхгүй юу?
-Би Германд сурч байсан учраас нэг тийм зарчим бий. Ямар ч уулзалтад таван минутын өмнө ирэхийг эрмэлздэг. Замын түгжрэл гээд олон асуудал байгаа ч ядаад урьдчилж хэлэх хэрэгтэй. Бусдын цагийг үнэлэх ёстой.
-Мөнгийг хэрхэн хардаг вэ?
-Мөнгийг олж ч болно, үрж ч болно. Мэдээж амьдрахад хэрэгтэй. Гэхдээ хамгийн чухал зүйл бол биш. Өнөөдөр би мөнгөний төлөө явсан бол маш их боломж байсан. Гэхдээ хүн дуртай ажлаа хийж ирээдүйд бүтээх үнэ цэн нь чухал.
-Хэрвээ ямар нэгэн ид шидээр таны гурван хүслийг биелүүлэх бол юу хүсэх вэ?
-Яг үнэхээр тийм боломж гарвал бүх хүмүүсийг өвчин зовлонгүй болгоосой гэж бодож байна. Нэг гэр бүлд нэг л хүн өвчин тусахад ямар хэцүү байдгийг би яс махаараа мэднэ. Тэгээд тийм олон хүсэл биелүүлээсэй гэж бодохгүй байна. Залуу хүн учраас өмнө минь байгаа даваа бүрийг өөрөө давж гармаар байна.
-Та өөрийгөө нэг үгээр тодорхойлооч?
-Инээмсэглэл байж болно.
-Та ер нь юунд зориулагдсан хүн юм бэ?
-2012 онд би Энэтхэг явсан юм. Драмсала хотод маш олон монголчуудтайгаа очсон. Тэнд л би баталгаажуулсан байх гэж боддог. Юуг баталгаажуулсан бэ гэхээр олон нийтийн, нийгмийн ажил хийнэ гэдэг нь миний амьдралын зорилго юм байна. Үүндээ би өөрөө маш дуртай юм байна гэдгээ баталгаажуулсан гэж боддог. Өнөөдрийг хүртэл дандаа залуучуудтай хамт олон нийтийн байгууллагаар явж олон ажил хийсэн. Тэр бүрдээ хөгжиж, суралцаж ирсэн. Нэг үгээр бусдад гүүр болоход зориулагдсан хүн байх.
-Таны хамгийн сайн мэддэг гадаад хэл?
-Уг нь германаар их сайн ярьдаг байсан. Сүүлийн үед англи хэлэндээ илүү сайн болсон. Хэлийг хэрэглэхгүй болохоор мартагдчихдаг юм билээ.
-Хайр таныхаар юу вэ?
-Буцааж нэхэхгүй сэтгэл юм болов уу. Хайр их олон янз л даа. Гэвч бүгдээрээ буцааж хариу нэхэхгүй байх хэрэгтэй.
-Амьдрал таныхаар?
-Адал явдал, аялал юм даа. Дараа нь дурсагдах нэртэй. Гэхдээ нэг л амьдарч байгаа залуу хүн бүр хийж үзье гэснээ хийж, сурахыг хүссэнээ сурч дараа нь харамсахгүй амьдрах хэрэгтэй гэж бодож байна.
-Хэрвээ та хүн болж төрөөгүй байсан бол ямар амьтан болж төрөх байсан бол?
-Зөгий л байх даа
Сэтгэгдэл ( 0 )