Сонгодог урлагийн талбарт 50 шахам жил ажиллаж ДБЭТ-ын алтан тайзнаа дэлхийн болон үндэсний сонгодог балетуудын гол болон туслах дүрүүдийг бүтээж явсан балетмейстер, хөгжмийн зохиолч, А.Батдэлгэртэй ярилцлаа
-Таны амьдралын бүхий л он жилүүд ДБЭТ-тай холбоотой. Энэ алтан өргөөнд балетын жүжигчнээс эхлээд балетмейстер, хөгжмийн зохиолч хүртлээ ажилласан он жилээ эргэн дурсвал?
-Би 11 наснаасаа эхлээд ЗХУ-ын Ленинградын А.Я.Вагановагийн нэрэмжит балетын сургуульд сураад 19 настайдаа төгсөж ирсэн. Дуурь, бүжгийн театрын ягаан өргөөнд 1972 оноос хойш балетын жүжигчнээс гоцлол бүжигчин хүртэл ажилласан даа. Балетын урлагийн жамаар 39 насандаа тэтгэвэрт гарчихсан хэдий ч үргэлжлүүлэн 10 жил бүжиглээд балетмейстер болсон. Үндсэндээ 49 нас хүртлээ бүжиглээд тайлан тоглолтоо хийж Соёлын тэргүүний ажилтан гэдэг цол тэмдгээр энгэрээ мялаалгаж байсан. 30 жил бүжиглэж байж энэ цолыг авсан гэхээр ямар их үнэ цэнэтэй шагнал байж вэ. Одоо ч ганц дуу дуулаад СТА болдог болж дээ /санаа алдав/. Миний анхны балетын гол дүр бол Гавьяат жүжигчин Т. Туултай хамт 1978 онд “Бахчисарайн оргилолт булаг” балетын Вацлавт тоглосон. Дараа нь Б.Энхээ, Д.Алтантуяа нартай олон жил энэ бүтээл дээр портнёр байсан. Вацлав гэдэг маань 20 ч хүрээгүй цэл залуухан хүний дүр бөгөөд энэ дүрд би 14 жил бүжиглэсэн байдаг . Ер нь балетчин хүн хорин жил бүжиглэдэг бол би 30 жил бүжиглэснээрээ бахархдаг. Багш нарын маань л эрдэм шүү дээ. Тухайн үед тайзнаа тоглож байсан дэлхийн сонгодог болон үндэсний сонгодог бүх л бүтээлд гол болон туслах дүрд бүжиглэсэн дээ.
-Таны үед мөр зэрэгцэн бүжиглэж байсан уран бүтээлчдээ дурсан ярина уу?
-Монголын балетын түүхэнд гал цогтой, эрч хүчтэй нэгэн үеийнхэн сонгодог урлагийн тайзнаа ид гялалзаж явсан алтан он жилүүд байжээ. Дэлхийн болон үндэсний сонгодог балетад бидний үеийнхэн бүгд тоглож байсан. Би 49 насныхаа тайлан тоглолт дээр Гавьяат жүжигчин Г.Цолмонтой “Корсар” балетын pas de deux бүжиглэж байлаа. Залуу хүнд ч тоглоход хэцүү, техник шаардсан бүтээл л дээ. Дашрамд дурдахад би Гавьяат жүжигчин Г.Цолмонгийн ээжтэй бүжиглэж байсан. Ю.Оюун, Н. Эрдэнэцэцэг, Б.Энхээ, Ж.Цэцгээ, Э.Оюунбат, Д.Батхүрэл, О.Батсайхан, Ж.Намнанбаяр гээд шижигнэсэн залуус амьдралынхаа 20-30 жилийг балетын урлагт зориулсан. Эргээд харахад 1972-1992 оны үед ажиллаж байсан яг миний үеийн залуусаас Ю.Оюуныг эс тооцвол нэг нь ч гавьяа шагнал хүртээгүй байдаг. Бидний үеэс хожим 60 гарсан хойноо гавьяат цол хүртсэн Э.Оюунбат бол хамгийн эхэнд гавьяат авах хүний нэг шүү дээ. Хөгжим бүжгийн дунд сургуулийг 1970 онд Ж. Жав багшийн удирдлага дор төгссөн Н.Эрдэнэцэцэг, Б.Энхээ нар эмэгтэйгээс, эрэгтэйгээс 1972 онд төгссөн Д.Батхүрэл, 1973 онд төгссөн О.Батсайхан нь цолгорсон сайн бүжигчид байлаа. Хүмүүс энэ өвгөнд өөрт нь шагнал өгөөгүй болохоор дэмий юм ярьж байна гэж бодох байх. Гэтэл бүхэл бүтэн амьдралаа балетын урлагт зориулж явсан олон сайхан чадварлаг, авьяаслаг хүмүүсээ орхигдуулсан гэдгийг ард түмэн мэдэх ёстой болохоор хэрэг болгож дурдлаа.
-Та 1977-1990 оны үед улс төрийн дууны “Үүрийн туяа” хамтлагт дуулж хуурдаж явсан гэдэг. Социализмын үеийн залуусын соёлын чиг хандлагыг тодорхойлж, шинэ уриа дуудлага, хүсэл тэмүүлэл асаасан уран бүтээлчдийн шинэ давлагаа үүсэж байжээ?
-Тийм шүү. 1973 оноос гурван гишүүнтэй хамтлаг байгуулж хоёр гитар, нэг бөмбөртэй гурвуулаа тоглодог байв. Дараа нь хамтлаг маань өргөжөөд гурван гитар, даралтат хөгжим, бөмбөр, флейта, гобой, хийл хөгчимчидтэй болсон. 1977 онд МХЗЭ-ийн төв хорооноос улс төрийн дууны анхдугаар уралдаан зарласан. Энэ тэмцээнд орох хүсэлтэй боловч хамтлаг маань нэргүй байсан учраас цөмөөрөө зөвлөлдөж байгаад “Үүрийн туяа” гэдэг нэр өгсөн. Тэр уралдаанд бид гурван дуутай оролцож нэгдүгээр байрт Ж.Чулууны “Бөмбөг дэлбэрвэл аюултай”, хоёрдугаар байрт Г. Дарамзагд “Сансар биднийг дуудаж байна”, мөн хоёрдугаарт байрт миний “Хилчний хөшөө” гэдэг дуу шалгарч байлаа. Манай хамтлагийн хөгжимчид нь ДБЭТ-ын хөгжмийн оркестрын уран бүтээлчид байлаа шүү дээ. Манай хамтлагынхан жилийн эцсээр хөдөө, орон нутгаар аялан тоглолт хийж дуурийн театрын жилийн орлогын төвлөгөөний дутууг нөхөж, орлогыг нь олж өгдөг байлаа. Тийм л урлагт хайртай, зүрх сэтгэлээрээ залуус явлаа даа. Манай хамтлагийн бүрэлдэхүүнд Д.Баатар, Д.Ганбаатар, Ё.Бат-Өлзий, С.Ганболд, П.Урнаа, Д.Түвшинжаргал, Л.Мөнхцэцэг, Н.Ганболд болон миний бие байв. “Тэр жилийн тэр өдөр”, “Миний эх орон”, “Хилчний хөшөө”, “Ханийн дуу”, “Өвлийн уянга” зэрэг олон дуу Монголын Радиогийн урын санд мөнхрөн үлджээ. МУГЖ Г.Эрдэнэбат “Тэмээн сүргийн говь” дууг дуулахад нь манай хамтлаг хөгжмийг нь тоглож байлаа. Дууны бүтээлээрээ “Тэр жилийн тэр өдөр” нэртэй цомог гаргаж байсан. Мөн “Үүрийн туяа” хамтлаг “Суварган цэнхэр уулс”, “Тойрох хуудас”, “Загийн алим”, “Бид мартахгүй” зэрэг нэлээн олон киноны хөгжмийг тоглосон доо.
-Та Орост найман жил номын дууг нь сонсоод ногоотой шөлийг нь идээд ирсэн хэр нь хожуухан хоёр ч сургууль дүүргэсэн байх юм. Та ер нь хэдэн балетын цомнол, хөгжим бичиж, балетаа дэглэж найруулсан бэ?
-Дуурь, балетын хөгжим бичиж, балетаа тавих гэтэл хөгжмийн зохиолч, балетмейстерийн диплом байхгүй гэдэг шалтгаанаар уран бүтээлээ тайзнаа тоглуулж чадахгүй байсан. Тийм учраас 52 настайдаа СУИС-ийн балетмейстерийн ангийг, 62 настайдаа ХБК-ийн хөгжмийн зохиомжийн ангийг төгссөн дөө /инээв/. Ер нь би гурван балетын хөгжим бичиж дэглэсэн. 2007 онд “Гэсэр Номун Хан” балетын хөгжим, цомнолыг нь бичиж, өөрөө дэглэн найруулж тавьсан. Энэ бүтээл Монголын балетын урлагт үндэснийхээ эртний сонгодог утга зохиолын сэтгэлгээг хөндсөн анхны бүтээл юм. “Гэсэр Номун Хан” балетыг гадаад, дотоодын үзэгчид маш их үздэг байсан. “Гэсэр Номун Хан” балет тайзан дээр сүүлийн10 жил тоглогдсонгүй. Миний бие 2011 онд Хөдөлмөрийн баатар,Төрийн шагналт, Ардын жүжигчин Б.Жамъяндагвын цомнолоор хөгжмийг нь бичсэн “Тэнгэрийн ташуур” балет бол Атилла хааны тухай бүтээл юм. Харамсалтай нь, миний бүтээлүүдийг дахин тавиагүй хасчихсан байна лээ. Залуус хойч үед л хэрэгтэй бүтээл юм байгаа юм. Нэг баярлууштай зүйл нь 2018, 2019 онд ДБЭТ-ын уран сайхныг удирдагч Б.Түвшинбат ажиллаж байхдаа “Тэнгэрийн ташуур” балет ДБЭТ-ын тайзнаа дахин амилж үзэгчдийн талархал хүлээсэн.
-Та 1990-ээд оны үед Буриад улсын театрт 4-5 жил ажилласан байх аа?
-Тухайн үед би нэг балет бичээд хөгжмөө сонсгоод, бүжгээ дэглээд байж байтал намайг балетмейстерийн дипломгүй гээд зөвшөөрөөгүй юм. Хийж бүтээх хүсэл сэтгэлийг минь хааж боох шиг хэцүү тарчлан үгүй шүү дээ. Сэтгэл жаахан гундуухан явтал тэр үед Буриадын театрын хүнтэй тааралдлаа. Тэгээд л Буриадад очиж ажилласан даа. Хүний газар очоод бие дааж юм хийж, өөрийгөө боловсруулах боломж бүрдсэн. Буриадад “Арван хоёр жил” гэдэг хүүхдийн балетыг бичиж, тайзнаа тавьсан. Нэг бүлэгт хүүхдийн балет бөгөөд арван хоёр жилийн өнгө төрх, дотоод араншин, өөрийн гэсэн онцлогийг харуулдаг. Буриадын үзэгчид их сайхан хүлээж авсан. Тэндэхийн балетын сургуулийн хүүхдүүдийн бүрэлдэхүүнийг хамруулж тоглуулсан. Монголд ирж тэрхүү балетаа тоглосноос хойш манайд тэр жилээ их олон тоглогдсон доо. Хүүхдийн амралт эхлэхээр л тоглодог байлаа. Өдөрт хоёр гурван удаа тоглодог байсан. Балетмейстерийнхээ гарааг би ямар ч сургуулийг нь төгсөөгүй атлаа ийнхүү эхэлж байжээ. Одоо цагт хүүхдэд зориулсан бүтээл маш их дутагдалтай байгаа.
-Та хувийн уран бүтээлээ тун шаргуу туурвиж байх шиг?
-Буриадын Агинскийн “Амар сайн” театрт 2019 онд тоглогдсон Ардын жүжигчин А.Энхтайваны хөгжим, Б.Баярмагнайгийн зохиол “Тэнгэр язгуур” кино жүжгийн бүжгийг дэглэсэн. Мөн Ардын жүжигчин А.Энхтайваны хамтаар “Дангина” балетын хөгжим дээр ажиллалаа. “Амин холбоотой Дарьганга нутаг” гээд дууны цомог гаргалаа. “Үүрийн туяа” хамтлагийнхаа “Тэр жилийн тэр өдөр” цомгийг шинэчлэн хэвлүүлсэн. Сүүлийн үед дууны уран бүтээл дээр ажиллаад сууж байна даа. Рок дуурын цомнол хийх бодол аль эртнээс тээж яваа. Өвөг дээдсийнхээ тахиж ирсэн овооны тухай “Баянбадрах хайрхан” дуу маань Сүхбаатар аймагт зохиогдсон Алтан Дарь овоог төрийн тахилгатай болгосны 100 жилийн ойд зориулсан дууны уралдаанд тэргүүн байр эзэлж байсан. Тухайн үед Э.Амартүвшин дуулж байлаа шүү дээ. Одоо ч МУГЖ Э.Амартүвшин маань дэлхийд данстай дуучин болжээ.
-Шинэ үеийн сонгодог урлагийн чиг хандлага хуучин зүйлтэйгээ “зууралдаад” байх нь хэр оновчтой юм бол. Таны хэлсэнчлэн рок балет зэрэг шинэ урсгал жанраар төрөлжүүлээд явбал?
-21 дүгээр зуун гараад 20 жил болж байхад ДБЭТ-ын тайзнаа Д.Лувсаншаравын “Хархорин” дуурь, Б.Шаравын “Чингис хаан” дуурь, Ц.Нацагдоржийн “Гүн гэрийн гүнж” дуурь, миний найруулсан “Гэсэр Номун Хан” балет, “Тэнгэрийн ташуур”, Х.Алтангэрэлийн “Төгсөшгүй” балет л тавигдсан байдаг. 20 жилийн хугацаанд гурван дуурь, гурван балет тавигдсан гэхэд чамлалттай л юм даа. Залуус шинэ бүтээл хийх гэхээр дэмждэггүй байх л даа. Уран сайхны зөвлөлөөр нь зөвшөөрөгдөөд тавьсан бүтээлүүдийг нь тоглуулахгүй байдаг нь хэсэг бүлэг хүмүүсийн эрх ашиг байна гэж хардаг.
-Та сонгодог урлагийн охь манлай болсон Ж.Чулуун, З.Хангал нарын дэг сургуулиар явсан. Олон жил урлагийн гал тогоонд чанагдаж явсан хүний хувьд авьяас чухал уу, аль эсвэл?
-Аливаа урлаг мөнхийн хөдөлгөөнд оршин байж хөгждөг. Гэтэл үндэсний сонгодог урлаг ухрах биш урагш дүүлэх ёстой. Жишээ нь би “Гэсэр Номун Хан” балетын хөгжим, цомнолыг нь бичих гэж 20 жил хөгжмийн эрдэм болон байлетмейстерийн эрдэмд албан бусаар суралцсан. Гэтэл зарим уран сайхны зөвлөлийн гишүүд заавал мэргэжлийн диплом нэхээд гөжүүдлээд суучихдаг. Алдарт хөгжимчин, хөгжмийн зохиолч, удирдаач Ардын жүжигчин,Төрийн шагналт Ж.Чулуун багш бол намайг хөгжмийн урлагт хөтлөн оруулж багштай болгосон ачтан юм. Төрийн шагналт хөгжмийн зохиолч З.Хангал бол хөгжмийн зохиомж анх зааж өгсөн миний багш юм.
Ер нь би олон багштай “Гэсэр Номун Хан” балетын хөгжим болон хөгжмийн найруулга дээр Төрийн шагналт Ц.Нацагдорж багш зөвлөж ажилласан. “Тэнгэрийн ташуур” балетын хөгжмийн найруулга дээр Урлагийн гавьяат зүтгэлтэн В.Боролдой багш зөвлөж ажилласан. Хамгийн сүүлд ХБК-д албан ёсоор суралцаж байхдаа хөгжмийн зохиолч Х.Алтангэрэл багшийн удирдлаган доор “Саран хөхөө” хэмээх хоёр бүлэгт, есөн үзэгдэлт дуурь бичиж 2015 онд дипломоо хамгаалсан. Хэчнээн сайн сургууль төгсөөд эдийг нь хийж чадахгүй хаячихсан хүн олон л байдаг. Байгалиасаа өгсөн өгөгдөл гэж зүйл хүнийг мөнхөд дагадаг. Түүнийгээ орхиж чадахгүй бурханы өгсөн заяа тавилангаар урлагтай насаараа холбогдсон урлагийн бурхад ч олон бий. Хүний авьяас, урлагт хайртай сэтгэл, хийж бүтээсэн бүтээл нь уран бүтээлчээ мөнх амьдруулдаг даа.
ЭХ СУРВАЛЖ: "Өглөөний сонин"
Сэтгэгдэл ( 4 )
Hiisen ajiltai shudarga uhaalag humuusiig deesh gargadaggui zuvuun muu tsag ym daa ..... tanid sain saihniig husiye
Батдэлгэр ахтай олон жил хамт ажиллаж байсандаа бахархаж явдаг их мөрөн дөлгөөн эрдэмтэй хүн даруу гэдэг үг яг таарна маш дөлгөөн авьяастай гавьяат байтугайр авах ёстой гэж боддог энэ ганц миний бодол биш хамт ажиллаж явсан түүнийг мэдэх бүх хүмүүсийн бодол
A.Batdelger guai bol yostoi olon talin avyastai jinhene yasni uran buteelch hin dee Mash ih hudulmurch buteej tuurivah asar ih temuuleltei mundag hun Huvi huniihee huvid shuluun sudarga alivaa ymand tun chig hariutslagatai Uran buteelchiin huvid dundarch tsutsashgui turmul ih avjastan ym bilee Bid hed heden duu hamtarch hiisen dee Mundag hun Hudulmur buteeliig n zui yosoor uneleh tsag aly ert bolson Tand bayar hurgei !
Сонгодог хөгжим балет гэж 80 жил уриаллаа. Явсангүй ээ. Тоосонгүй ээ...Даравч далдайна булавч бултайна...рок поп хип хоп л хөгжсөөр байна даа....Хөгжил урд урд зуун руу биш ирээдүй хэтийг багадаг юм.