Орон нутгийн сонгуульд НЭР ДЭВШИГЧИД хэзээ бүртгүүлэх ёстой вэ?

Автор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 09

Орон нутгийн сонгууль аравдугаар сарын 15-нд товлогдсон. Сонгууль болохоос өмнө улс төрийн намууд аймаг нийслэлийн сонгуулийн хороондоо хэрхэн бүргүүлэх, нэр дэвшүүлэх ажиллагаа ямар хугацаанд үргэлжлэх талаар тодруулан хүргэж байна.


Орон нутгийн сонгууль нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулиар зохицуулагдана.

Уг хуульд зааснаар иргэдийн шилжилт хөдөлгөөнийг сонгууль болохоос 60 хоногийн өмнө хязгаарлана гэсэн байна. Тэгэхээр наймдугаар сарын 14-нөөс иргэдийн шилжилт хөдөлгөөн түр зогссон гэсэн үг юм.

Сонгуульд өрсөлдөх нам эвслүүд өөрийн харьяа аймаг, сум дүүргийн сонгуулийн хороондоо наймдугаар сарын 16-наас өмнө бүртгүүлэх ёстой.

25.1. Нам, эвслийг төлөөлж тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэг дэх намын салбар байгууллага нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийг дагаж мөрдөхөө илэрхийлэн, орон нутгийн Хурлын сонгуульд оролцох тухай хүсэлтээ санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө тухайн шатны сонгуулийн хороонд ирүүлнэ.

Харин сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчээ тодруулах ажлыг есдүгээр сарын 6-нд эхлүүлж, есдүгээр сарын 12-ны өдрөөр дуусгавар болгоно. Одоогоор МАН, ХҮН нэр дэвшигчдээ тодруулж, нийслэлийн Сонгуулийн хороонд мэдүүлээд байгаа билээ.

28.1. Орон нутгийн Хурлын сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, эвсэл нэр дэвшүүлэх ажиллагааг санал авах өдрөөс 45 хоногийн өмнө эхлүүлж, долоо хоногийн хугацаанд дуусгана.

28.2. Бие даан нэрээ дэвшүүлэх ажиллагааг санал авах өдрөөс 45 хоногийн өмнө эхлүүлж, долоо хоногийн хугацаанд дуусгана.

29.1. Нам, эвсэл нэр дэвшүүлэхдээ тухайн орон нутгийн Хурлын сонгуулийн тойрог тус бүрд ногдсон мандатын тооноос илүүгүй хүнийг нэр дэвшүүлнэ.

29.2. Нам, эвслээс нэр дэвшиж байгаа нэр дэвшигчийн 20-оос доошгүй хувь нь аль нэг хүйсийн нэр дэвшигч байна.

29.3. Намаас нэр дэвшүүлэх асуудлыг тухайн намын аймаг, нийслэл, сум, дүүргийн байгууллага хуралдаанаараа хэлэлцэж, нууцаар санал хурааж, олонхын саналаар шийдвэрлэнэ.

Харин бие дааж нэр дэвших хүсэлтэй иргэд хаана нэр дэвшиж байгаагаас хамаарч 51-501 хүний гарын үсэг, баримт бичгийн хамт есдүгээр сарын 6-12-ны дотор сонгуулийн хороондоо мэдүүлнэ.

30 дугаар зүйл. Бие даан нэр дэвшүүлэх

30.1. Энэ хуульд заасан шаардлага хангасан иргэн бие даан нэрээ дэвшүүлж болно.

30.2. Бие даан нэр дэвшигч нь Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан маягтад тухайн сонгуулийн тойргийн дараах тооны сонгогчдын гарын үсгийг зуруулна:

30.2.1. Аймаг, дүүргийн Хурлын сонгуульд бие даан нэр дэвшигч 201-ээс доошгүй;

30.2.2. Нийслэлийн Хурлын сонгуульд бие даан нэр дэвшигч 501-ээс доошгүй;

30.2.3. Сумын Хурлын сонгуульд бие даан нэр дэвшигч 51-ээс доошгүй.

30.3. Тухайн шатны сонгуулийн хороо Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан маягтыг тэмдэг дарж баталгаажуулан бие даан нэр дэвшигчид энэ хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа явагдаж эхэлсэн өдрөөс олгоно.

30.4. Сонгогчдын гарын үсэг цуглуулах маягтад тухайн нэр дэвшигчийг дэмжиж гарын үсэг зурж байгаа сонгогчийн эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, регистрийн дугаар, оршин суугаа газрын хаяг, хөдөлгөөнт, эсхүл суурин утасны дугаарыг тодорхой бичсэн байна.

Нэр дэвших хүсэлтээ өгсөн иргэдийн материалыг харьяа сонгуулийн хороо нь есдүгээр сарын 15-ны дотор нягталж шалгаад хариуг нь өгөх аж.

31.2. Нэр дэвшүүлсэн нам, эвсэл хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа  дууссан өдрөөс хойш гурав хоногт багтаан дараах баримт бичгийг тухайн шатны сонгуулийн хороонд ирүүлнэ:

Ийнхүү нэр дэвшүүлэх хүсэлт явагдаж дуусмагц Сонгуулийн сурталчилгааг нэр дэвшигчид үнэмлэх олгосон өдрөөс эхлүүлж, санал авах өдрөөс 24 цагийн өмнө буюу аравдугаар сарын 13-ны өдрийн 00:00 цагт сурталчилгаа зогсооно гэжээ.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top