Дөрвөн ч сайдын нүүр үзээд байгаа Улаанбаатар, Дархан чиглэлийн автозамын ажил хэзээ дуусаж, ашиглалтад орох эсэх тухай асуудал өдгөө ч маргаан дагуулсаар байна. Салбарын сайд болон бусад мэргэжилтнүүдийн мэдээлж байгаагаар бол Дархан, Улаанбаатар чиглэлийн зам энэ онд бүрэн ашиглалтад орохгүй нөхцөл үүссэн тухай байр сууриа илэрхийлсэн.
Зам тээврийн сайдаар Ж.Бат-Эрдэнийг ажиллаж байхад зээлийн ерөнхий гэрээ нь хийгдэж, УИХ-аар батлагдсан Дарханы замын ажил Я.Содбаатарыг Зам тээврийн сайдаар түр ажиллах хугацаанд хөрөнгө нь шийдэгдэх шатанд иржээ. Тодотговол, Азийн хөгжлийн банкы хөнгөлөлттэй зээлээр тус замыг барих анхан шатны гэрээ хэлцэл хийгдсэн гэсэн үг. Ийнхүү Б.Энх-Амгалан сайдын үед Засгийн газрын хуралдаанаар асуудал эцэслэн шийдэгдэж замын ажил эхэлсэн билээ. Тус замын ажил эрчимтэй явж байсан ч цар тахлаас үүдэлтэйгээр ажиллагаа ерөнхийдөө зогсонги байдалд орж дотоодоос шалтгаалах ажлыг дотоодын кампаниуд гүйцэтгэсээр ирсэн юм. Учир нь тус зам, барилгын ажлыг БНХАУ-ын компаниуд гүйцэтгэж байгаад 2019 оны өвөл, хүйтний улирал эхэлсэнтэй холбогдуулан нутаг буцаж, энэ үеэр ч хөл хорио тогтоосон учраас энэ ажил удааширсан билээ.
Харин өдгөө дөрөв дэх сайд буюу Л.Халтар энэхүү ажлыг шуурхайлуулах тал дээр ажиллаж байгаа ч 2020 онд бүгдийг нь амжиж ашиглалтад өгөх боломжгүй аж. Саяхан Дархан-Уул аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Г.Дамдинням Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтарт Улаанбаатар, Дархан чиглэлийн авто замын шинэчлэлийн ажлын талаар асуулга тавьжээ.
Харин салбарын сайд асуулгад хариулахдаа “Зам барилгын ажлын хэрэгжилтийн явцад үүсээд байгаа нөхцөл байдал болон цаг агаарын нөхцөл байдалд үндэслэн 2020 онд багц нэгдүгээр хэсгийн 37.26 километр, багц гуравдугаар хэсгийн 45.74 километр, багц тавдугаар хэсгийн 30.53 километр буюу нийт 113.53 километр авто замын хучилтын ажлыг аравдугаар сард багтаан дуусгаж, арваннэгдүгээр сард холбогдох тэмдэг, тэмдэглэгээ, заслын ажлыг гүйцэтгэж, 12 дугаар сард хөдөлгөөн нээхээр төлөвлөн ажиллаж байна. Харин багц хоёрдугаар хэсгийн 45.5 километр болон багц дөрөвдүгээр хэсгийн 45.08 километр нийт 90.58 километр авто замын ажлыг 2020 онд хэрэгжүүлж дуусах боломжгүй болсон. Тиймээс энэ хэсгийн үндсэн болон түр замаар хөдөлгөөний аюулгүй байдлыг бүрэн хангахаар АХБ, гүйцэтгэгч болон зөвлөх компаниудтай зөвшилцөж байна. Эдгээр багц хэсгүүдийн нийт 70.48 километрт хуучин хучилтаар хөдөлгөөн явагдаж байгаа ба тус хэсгүүдэд гарсан нүх болон бусад эвдрэлүүд засварлах, хучилт хуулагдсан байгаа нийт 20.1 километр хэсэгт хөнгөвчилсөн суурь, хучилт барихаар холбогдох тооцоо, судалгаа хийж байна” хэмээн мэдэгдсэн байна. Тэгэхээр дарханчууд ирэх арванхоёрдугаар сараас 100 гаруй километр орчин цагийн хатуу хучилттай замаар зорчиж, 90 орчим километр замыг засаж сайжруулсан нөхцөлд зорчих аж.
Сэтгэгдэл ( 0 )