Японы “ЖАЙКА” байгууллагаас Монгол Улсад ЗУРГААН ТӨСӨЛ хэрэгжүүлнэ 

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 09 сарын 15

Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар Япон улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Тамүро Эрико-г хүлээн авч уулзлаа.

Монгол Улсын Шадар сайд уулзалтын эхэнд Монгол Улсын “гуравдагч хөрш” нийтлэг үнэт зүйлс бүхий стратегийн түнш Япон Улстай найрсаг харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх нь манай гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг гэдгийг хэллээ.

Мөн Монгол Улсын шинэ Засгийн газар КОВИД-19 халдварын цар тахлаас улбаатай нийгэм, эдийн засгийн хүндрэлийг хохирол багатай даван туулах, эдийн засгаа богино хугацаанд сэргээхэд тэргүүлэх ач холбогдол өгч байгааг тодотгосон. ЖАЙКА-гийн Суурин төлөөлөгчийн газар, ОБЕГ хамтран 2 дахь үе шатны төсөл хэрэгжүүлэх хэлэлцээ хийж, дэд бүтэц, барилга байгууламжийн газар хөдлөлтийн тэсвэртэй байдлыг дээшлүүлэх, хот төлөвлөлтийг зөв зохистой хийхэд нэн шаардлагатай удирдамж, стандарт, аргачлалын тогтолцоог сайжруулахад чиглүүлэхээр ажиллаж байгааг сайшаасан юм.

Япон улсын “ЖАЙКА” байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Тамүро Эрико хэлэхдээ Монгол улсад зургаан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр ажиллан, судалгааг эхлүүлж буйг хэлсэн.

Үүнд:

-Коронавируст халдвартай холбоотой системийн өргөтгөлийг дэмжих хөтөлбөр

-Коронавирусийн дараах үеийн Нийгмийн хамгааллын салбарт үзүүлэх дэмжлэгийн талаар мэдээлэл цуглуулах судалгаа

-Гамшгаас сэргийлэх салбар дахь хамтын ажиллагаа

-Монгол улс дахь Шударга өрсөлдөөний орчинг бэхжүүлэх төсөл

-Шинэ нисэх онгоцны буудал орчмыг хөгжүүлэх

-Үйлдвэрийн хаягдал усны хяналтын талаар төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр боллоо. Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой 2022 онд тохионо. Энэхүү тэмдэглэлт ойг бидний хамтран хэрэгжүүлэх төслүүдийн амжилтаар угтан тэмдэглэнэ гэдэгт итгэл төгс байгааг Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар онцоллоо гэж Монгол Улсын Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top