Цөмийн реактортай сансрын зүтгүүр бүтээнэ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 16

ОХУ-ын “Роскосмос” корпорац 2020 онд багтаан цөмийн реактортай сансрын зүтгүүр бүхий “Нуклон” цогцолбор бүтээх гэрээ байгуулахаар төлөвлөж байна. Эл сансрын аппарат 2030 онд Бархасбадь гарагийн дагуулуудын нэг дээр хүрэх зорилготой холын зайн нислэг үйлдэнэ гэж тус корпорацын гүйцэтгэх захирал Александр Блошенко мэдээлжээ.

Энэ цогцолборын бүрэлдэхүүн хэсэг болох цөмийн реактортай зүтгүүрийг Нарны аймгийн алсын гарагт хүрэх нислэгт ашиглах бөгөөд анхны нислэгийг 2030 хийхээр төлөвлөж байна. Энэ нь зүгээр нэг хар хайрцагтай туршилт бус шинжлэх ухааны цогц хөтөлбөр байх юм гэж Блошенко онцолжээ.

Тухайлбал, эхний үе шатанд “Нуклон” зүтгүүр ашигт ачааны аппараттай сансарт залгагдаж, сар руу хөөрч, сарны тойрог замд судалгааны хиймэл дагуул үлдээх гэнэ. Хөтөлбөрийн хоёрдугаар үе шатанд сансрын зүтгүүр Сугар гараг руу хөөрөх ба замдаа зүтгүүрийг түлшээр /ксенон хий/ цэнэглэх туршилт хийх аж. Сугар гараг орчим ашигт ачааны аппаратаас судалгааны хиймэл дагуул салж үлдэх бол сансрын зүтгүүр эцсийн зогсоол болох Бархасбадь гараг руу зорих юм гэж Блошенко мэдээлжээ.

Түүний хэлснээр, сансрын зүтгүүр нь тээвэр, эрчим хүчний аппаратын үүрэг гүйцэтгэх гэнэ. Түүний гол онцлог нь мегаваттын хүчин чадалтай цөмийн реакторын тусламжтай эрчим  урт хугацааны турш эрчим хүч гаргаж, төрөл бүрийн ашигт ачааг тээвэрлэх зориулалттай. Олон улсын сансрын станц нь нарны зай ашиглан 60 орчим киловатт эрчим хүч гаргадаг бол сансрын эл зүтгүүрийн эрчим хүчний хүчин чадал нь мегаваттаар хэмжигдэх гэнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top