“Роскосмос” Их Британийн “OneWeb” хиймэл дагуулыг хөөргөх болзол тавив

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 03

ОХУ-ын “Роскосмос” корпорац энэ сарын 4-ний дотор зөвхөн иргэний зорилгоор ашиглах эрх зүйн баталагаа олгохгүй бол Их Британийн харилцаа холбооны “OneWeb” хиймэл дагуулуудыг "Союз-2.1б" пуужин тээвэрлэгчийн тусламжтай хөөргөх боломжгүй гэж мэдэгджээ.

Тус корпорацын ерөнхий захирал Дмитрий Рогозины мэдээлснээр, Францын “Arianespace”, “OneWeb”  компанид хоёр хоногийн дотор “OneWeb” хиймэл дагуулуудыг цэргийн зорилгоор ашиглахгүй гэсэн эрх зүйн баталгаа гаргаж өгөхийг шаардсан байна.

Түүний хэлснээр, баталгааг пуужинг хөөргөх зөвшөөрөл олгох комиссын хуралдаанаас өмнө гаргаж өгөх ёстой. Энэ сарын 4-ний өдрийн 21.30 цагаас өмнө “Роскосмос” эрх зүйн баримт бичиг авахгүй бол пуужинг хөөргөх системээс буулгаж, хиймэл дагуулуудыг туршилт, монтажийн корпус руу илгээх гэнэ.

Их Британи улс “OneWeb” компанийн хувьцаа эзэмшигч болж, Пентагонтой гэрээтэй ажилладаг үйлдвэрийн газартай мэдээлэл, холбооны үйлчилгээ үзүүлэх тухай хэлэлцээ хийж эхэлсэн тухай мэдээлэл ирсэн тул “Роскосмос” ийм шаардлага тавьж байна гэж Рогозин тодруулжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top