Манай улсын экспортын гол нэрийн бүтээгдэхүүн бол коксжих нүүрс. Монголчууд бид үүгээр л амь зууж байгаа бөгөөд зарим ихэс дээдсийн чинээлэг амьдралын нэгэн нууц ч энд бий гэх. Тэгвэл Тавантолгой орд газарт эрх мэдэлтнүүдийн хүрээ тэлж, дундаа зөрчилдөх болсноос тэнд ажиллагсад, ард түмний хүртэх өгөөж багасна шүү гэдгийг сануулдаг. Энэ тал дээр эрх баригчид ч, “Эрдэнэс Таван толгой” компани ч тодорхой арга хэмжээ авч байгаа. Гэвч “Нүүрсчидийн нам” гэх бүтэц бүрэн нуран унаагүй нь ихээхэн гай болж байгааг дуулгалаа.
Гэхдээ бид түүхэндээ анх удаа газрын баялгаасаа адил тэгш хувь хүртсэн өдрүүдийн уухай тасраагүй байгааг юуны өмнө дурдах хэрэгтэй. Сүүлийн жилүүдэд “Эрдэнэс Таван толгой” компани зөв менежмент, сахилга хариуцлагатай ажилласан учраас ашиг орлого нэмэгдэж, ийнхүү олсон ашгаа ард түмэндээ хүртээж байгаа хэрэг. Тодотгож хэлбэл, бодитоор ашиг хүртээд иргэд дансандаа мөнгө хүлээж авсан хэрэг. Сонгууль угтсан шоу байсангүй. Ашиг олоогүй байхад “Эрдэнийн хувь”, “Эх орны хишиг” нэрээр тараасан мөнгө ч биш. Жинхэнэ бодит орлого, ашиг байв. Энэ бол монголчуудын ирээдүйд асаж байгаа гэрэл гэгээ.
Түүнээс өмнө “Эрдэнэс Тавантолгой” компани олон жил өр төлж байна гэх нэрийн дор алдагдалтай шахам ажиллаж байсныг нуух юун. Ийнхүү хэдийгээр “Эрдэнэс Тавантолгой” компани менежментээ сайжруулан, хариуцлагатай ажиллаж байгаа ч экспортын зам дагуу эрх ашгаа шургуулсан “Нүүрсчидийн нам”-ын нөлөө юу юунаас илүү хүчтэй байгаа учраас зарим ажил гацах, ажилчдын эрх ашиг хохирох хандлага байгааг дуулгасан юм. Тодотгож хэлбэл МАНАН-гийн үлдэгдэл экспортын зам дээр байгаа хэрэг.
Монгол Улсын хууль тогтоомжоос эхлээд юунд ч үл дийлдэх “Нүүрсчидийн нам”-ыг татан буулгахгүйгээр ажил урагшаа явахгүй нь ойлгомжтой. Тиймээс “Баян зам” тээвэрчдийн холбоо, Тээвэрчдийн зөвлөл, Тээвэрчдийн гэргий нарын холбоо хамтран нүүрсний зам дээр 24 нэр бүхий байгууллага үйл ажиллагаа явуулдаг. Тэдний ихэнх нь “Нүүрсчидын нам”-ын халаасаа зузаалдаг байгууллага учраас дундаа зөрчилдөж, тус зөрчилдөөнд тээвэрчид хамгийн их хохирдог хэмээлээ. Тэдний хүсэж байгаа зүйл гэвэл нүүрсний зам дээр тус тусын эрх ашигтай 24 байгууллага байх шаардлагагүй. Төлөөлөл бол хуулийн дагуу байх ёстой. Тиймээс Ерөнхий сайдын өгсөн чиглэлийн дагуу Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгчийг яаралтай томилж өгөх хэрэгтэй хэмээн шаардсан.
Түүнээс бус тэнд ажиллаж байгаа 24 байгууллага бие биенээсээ давсан эрх эдлэх гэж дундаа зөрчил үүсгэдэг байна. Дийлэнх байгууллагын ар талд нэгэн эрх мэдэлтэн байдаг учраас тэд ийнхүү “Намайг хэн хэлэх вэ” хэмээн амьдардаг ч байж болох юм. Тухайлбал, Тавантолгойн нүүрсний зам дагуу Уул уурай хүнд үйлдвэрийн яамнаас хараат эрх бүхий байгууллага ажлаа хийж байхад Шадар сайдын хараат байгууллага, УИХ-ын дэд даргын хараат байгууллага хөндлөнгөөс ажилд нь хошуу дүрснээр маргаан үүсдэг байна. Мөн Мэргэжлийн хяналтын газраас хяналт шалгалт хийж байхад УИХ-ын нэгэн гишүүний хараат бүхий байгууллага хөндлөн орж ирэх зэргээр зөрчил үүсэж, улмаар ажил гацдаг, дунд нь тээвэрчид, ажилчид хохирдог тухай ярьсан.
“Баян зам” тээвэрчдийн холбооны мэдэгдэлд дурдаснаас харахад УИХ-ын дэд дарга, УИХ-ын нэр бүхий зарим гишүүдийн хараат байгууллага тэнд ажилладаг бололтой. Тэгвэл Зам, тээврийн хөгжлийн яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Сангийн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Гадаад харилцааны яам, Эрүүл мэндийн яам, Орон нутгийн засаг захиргаа гээд эрх бүхий байгууллагууд ч ажилладаг. Тэд ажиллах үүрэгтэй ч бүгд хэн нэгэн эрх мэдэлтний хараат, тэдний эрх ашгийн төлөө ажиллах хандлага ажиглагдаж байна. Тийм учраас эрх мэдэл булаалдах, нэгнийхээ ажлыг үгүйсгэх, хөндлөн орж ирэх, нөгөө байгууллагынхаа шийдвэрийг дагах, эс дагах тухай байнгын маргаан үүсгэдэг ажээ. Үүнээс гадна Мэргэжлийн хяналтын газар, Гаалийн ерөнхий газар, Тагнуулын газар Тээврийн цагдаагийн алба, Хил хамгаалах ерөнхий газар, Авто тээврийн үндэсний төв гээд мэргэжлийн байгууллагууд тодорхой үүрэг хүлээн ажилладаг ч эрх мэдэлтнүүдийн хараат байгууллагуудтай мөн л зөрчилтэй байдаг гэнэ. Гагцхүү үүнийг болиулах зүй ёсны шаардлага ч тулгарчээ. Ерөнхий сайдын хэлсэнчлэн Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгч томилох цаг нь болсон. Засгийн газраас томилсон Бүрэн эрхт төлөөлөгч бүх мэргэжлийн байгууллагаа хуулийн дагуу зангидан ажиллаж, энэ олон эрх ашгийг нураахыг л хүссэн хэрэг байх.
Уг нь тус газарт “Ногоон гарц” журмаар нүүрсний тээвэрлэлт эхлүүлж, төсөвт ихээхэн хэмжээний мөнгө төвлөрүүлэх замаар ажиллаж байгаа ч энэ замд ажиллаж байгаа гэх 24 байгууллагын ашиг сонирхол чөдөр тушаа болж байгаа хэрэг. Хэвлэл мэдээллээр дурдаж байгаагаас харахад манай эрх мэдэлтнүүд, УИХ-ын зарим гишүүдийн тээврийн компани, машин тэрэг ч байна, бусад компаниуд ч энд байдаг тухай мэдээ бий. Эрх мэдэлтнүүдийн эрх ашиг нэгэн зам дээр багталцахгүй зодолдож байгаа учраас энэ замд хүний амь нас эрсдэх, авлига хээл хахуулийн сүлжээ торлох, бусдыг дарамтлах гээд юу эс мундах билээ. УИХ-ын чуулганы хуралдаан дээр ч гишүүд сайд нар бие биенээ “Нүүрсний хулгайч”, Нүүрсчидийн нам” гэх зэргээр хэрэлдэж маргаж л байдаг. Ерөнхийлөгч Х.Баттулга хүртэл “Нүүрсчидийн намынхан төмөр замын ажлыг гацаасан” хэмээн нэгэнтээ ярьж л байсан.
Дорноговь аймгийн Замын-Үүд суманд чөлөөт бүс байгуулах тухай олон жилийн яриа бий. Үүнийг байгуулахаар ид ярьж байх үед Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгч томилон ажиллуулж л байсан. Байгуулаагүй чөлөөт бүсэд Бүрэн эрхт төлөөлөгч байхад нэгэнт бий болсон энэ газарт Бүрэн эрхт төлөөлөгч байх зайлшгүй шаардлага байна.
Сэтгэгдэл ( 2 )
Дэлхийн хэмжээний том орд газрын ноогдол ашиг ийм байх учиргүй. 85 мян төгрөг өгч монголчуудыг доош нь чихсэн доромжилсон үйлдэл хийлээ. Бидний өмчийг баяжих эх үүсвэрээ болгоод байгаа хүмүүсийг илчилж устгах ёстой.
zuv