Уул усаа буртаглахыг аялж ЗУГААЛАХ гэхгүй

2020 оны 09 сарын 21


Хариуцлагагүй аялал жуулчлал хариуцлагагүй уул уурхайгаас ялгаагүй гэсэн үг бий. Хариуцлагагүй уурхай ухаж төнхөж баялгийг нь сороод онгорхой нүх, хатсан ганга сайр үлдээгээд явдаг бол хариуцлагагүй аялал жуулчлал ч түүнээс дутахгүй хохирлыг сор болсон сайхан газруудад учруулдаг боллоо. Хэдийгээр монголчууд эх орныхоо үзэсгэлэнт газруудаар аялаж зугаалж, танин мэдэх сонирхолтой болсон нь сайшаалтай ч явсан, хүрсэн газар бүрээ буртаглаж бузарладаг муу зуршлаа гээж чадахгүй байна. Хогоор буртаглах бүү хэл, гадасны нүхээ булж, гал түлсэн газраа шороогоор дарж, усанд сүү, шүүс дусаахыг цээрлэдэг байгаль хамгаалах өнө эртний уламжлалтай монголчууд монголоо алдаж буйн шинж энэ гэлтэй.

Уусан ус, ундааны сав, идсэн хоолны үлдэгдэл, өтгөн, шингэнээрээ бохирдуулаад зогсохгүй уул, усандаа “хайртайгаа” илэрхийлж амьд модонд хадаг самбай уяж голыг нь гогодно, хад чулуунд мөнгө төгрөг хавчуулж, торго, даавуу өргөж, тос өөх нялж хогийн цэг үүсгэнэ. Цаад санаа нь хайртайдаа ч биш, хялбар аргаар баяжих далд санаа тээж, лусын эзнээс мөнгө төгрөг, эд баялаг, эрх ямба гуйж байгаа нь тэр.

Нэг хэсэг Хөвсгөл далай үзнэ гэж хөлтэй нь хөлхөж, хөлгүй нь мөлхөж, Улаанбаатар-Хөвсгөлийн замд түгжрэл үүсгэсэн. Үр дүнд нь нуурын эргэн тойрны ой модонд ариун цэврийн цаас хөглөрч, мөчир нахианд нь наалдан дэрвэж хүн ойртох байтугай сэжиглэж дүрвэмээр болгосон. Уг нь эко ариун цэврийн байгууламж шийдсэн боловч “Хүрэхэд хол байна” гэсэн шалтгаар өтгөн, шингэнээрээ ой мод “бордож” байгаа нь тэр. Бас болоогүй, нуур руу түрж орсон Суман хад нэртэй хясааг Хүслийн хад болгоод мөнгө төгрөг зулж, шар тосоор нялж, хамартай амьтан дөхөх аргагүй өмхий самхайн үүр үүсгэв. Баяжих гэж байгаа санаа нь гэнэ. Жуулчны баазууд бохироо нуурын усанд цутгаж, очсон хүмүүс хир тоосоо базсаар цэвэр тунгалаг Хөвсгөл нуурын зах хөвөөгөөр замаг ургаж, жижиг шавьж бужигнадаг болжээ.

“Кэмпүүдийн хоорондох шороон зам цагаан өнгөтэй байгаа нь газрын хөрс зулгарч фосфорид ил гарч буй нь” гэж нутгийн иргэд хэлдэг. Нуурыг сүйтгэж болох хамгийн аюултай бодис хамрын тамхи шиг нунтагхан болоод машины дугуйн аясаар бургилан далай мандалд бургин бууж байгаа нь тэр. Фосфоридоор “бордуулсан” замаг өтгөрөн нуурын усан мандлыг булаан ширгээж, намагжуулахын эх үүдэл энэ юм. Хожим Хөвсгөл далай байсан газар бамбалзуур намаг үлдэж хоцрохын цондон.

Сэлэнгэ аймгийн Ээж модыг хадгаар баглаж амийг нь таслаад зогсохгүй, цайгаар хашаалж, сүү цутгасаар өмхийрүүлж, энд тэндгүй тавьсан чихэр нь халуун наранд хайлж, зөгий цэцэг дамжиж бал хураахаа болиод хялбараар нь чихэр дээр шавдаг болсон харагдана. Хэрэв тэр эзэнтэй, айлын гаршуулсан зөгий бол цэцгийн бал бус, чихрийн бал л цуглуулж харьдаг байж таарлаа.

Эзэн Богд Чингисийн хаан ширээнд залагдсан түүхтэй Хар зүрхний хар нуурыг зорих олны хөл тасрахаа больж, хөрсийг нь талхалж, усыг нь бохирдуулж эхэлсэн. Архангайн домогт Тайхар чулууг цементэн замаар хүрээлж унаган төрхийг нь алдагдуулаад зогсохгүй дээр нь нэр усаа сийлж, шинэ цагийн хадны сүг зураг бүтээгсэд олширчээ.

Увсын Хяргас нуурын Хэцүү хад, Завханы Улаагчны хар нуур гээд дараа дараагийн үзэсгэлэнт газрууд руу хошуурахын хэрээр хур хогийн цэг үүсэж, хүн зүглэхэд хэцүүхэн болж хоцорч байна. Үзэсгэлэнт сайхан амууд нь хүний өтгөн, ус, ундаа, шар айрагны саванд дарагдаж, хоёр хөлт бүү хэл араатан жигүүртэн дайжихад хүрч буй нь эмгэнэл. Сайн санаат хүмүүс хогийг нь цэвэрлэх боловч буртаглагсдын тоо тэднээс үлэмж илүү. Нутаг орны зүгээс ариун цэврийн газрууд, хогийн цэг байгуулах гэхээсээ илүү хэдэн төгрөг олж байвал газар орон сүйдэх юу ч биш гэсэн сэтгэлтэй. Байгалийн үзэсгэлэнг үзэж харж бахархах атлаа өтгөн шингэн, хог новшоороо дарчихаад хамар амаа даран дүрвэх нь хүн бүү хэл, адгууснаас гарах авир биш.

Сүүлийн үед дуулдаж буй гэгээтэй мэдээ гэвэл БОАЖЯ-наас хөрсний бохирдлоос сэргийлэх, жуулчид, аялагчдыг тав тухтай байлгах, байгаль орчноо хамгаалах зорилгоор 100 газарт отоглох цэг барих зорилт тавьжээ. Энэ жил үүнээс 16-г байгуулж буйн нэг нь "Хяргас нуур" байгалийн цогцолборт газар юм. Отоглох цэгт машины зогсоол, майхан барих, ил гал түлэх тусгай талбай, эко жорлон, хогийн цэг, гэрэлтүүлэг, саравч, сандал бүхий цогц орчин бүрдүүлэх ажээ.

Тэгвэл хог, новшоор байгаль дэлхийгээ буртаглагсдад улс орон бүр таарч тохирох арга хэмжээг оноодог болжээ. Тухайлбал, Тайландын тусгай хамгаалалттай газар нутагт аялсан жуулчдад тарьсан хогийг нь буцааж шуудангаар хүргүүлдэг болох гэж байна. Нийслэл Бангкокоос холгүй орших Кхао Яй үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зугаалсан иргэд их хэмжээний хог хаяж орчныг бохирдуулдаг  муу зуршилтай.

Хариуд нь Тайландын Байгаль орчны сайд Варавут Силпа-арча хогийг хайрцаглан хэргийн эздийн гэр рүү шуудангаар илгээх даалгавар өгчээ. Хайрцагтай хог нь зүгээр ч үгүй “Бид таны тарьсан хогийг шуудангаар илгээлээ. Энэ нь танд том сургамж болж, дахин байгальд хог тарихгүй болоход туслана гэдэгт итгэж байна” гэсэн дагалдах бичигтэй. Цэцэрлэгт хүрээлэнд нэвтрэгсэд хувийн мэдээллээ нарийвчлан бүртгүүлдэг, булан тохойд камертай тул хаана, хэн амарсныг олоход хялбар, хогийг нь буцаахад ч төвөг багатай аж.

Хог хаясан иргэн ингээд өнгөрөхгүй, шуудангийн хөлсийг төлөхөөс гадна тухайн хүний мэдээлэл орон нутгийн цагдаагийн байгууллагад хүрнэ. Байгаль орчныг ихээр бохирдуулсан хүн тав хүртэл жил шоронд хоригдох, эсвэл 500,000 тайланд бат буюу 16 мянган ам. долларын торгууль хүлээх ёстой .

БОАЖЯ одоо байгуулах 100 отоглох цэгийнхээ дэргэд экологийн цагдаа, байгаль хамгаалагчдыг ажиллуулж, тэднийг унаа, холбооны хэрэгслээр хангаж, хог таригсдыг торгож, өөрсдөөр нь буртгийг нь цэвэрлүүлж арга хэмжээг нь чангатгаад өгвөл сайхныг нь харж бахархах гэж очоод бохироороо булаад буцдаг арчаагүй зангаасаа аялагчид салахад тустай. Уул усаа буртаглахыг аялаж зугаалах гэхгүй гэдгийг сануулж, байгаль, эх дэлхийгээ хамгаалж ирсэн өвгөдийнхөө ёс уламжлалыг дунд сургуулийн сурагч байхаас нь иргэддээ түгээдэг соён гэгээрүүлэх ажил ч чухал болж байна.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин (103.229.120.127) 2020 оны 09 сарын 21

ТЭР ОТОГЛОХ ЦЭГТЭЭ САЙХАН ОО БАРЬЧИХААД ЭЗЭНГҮЙ ХАЯЧИХААР ЧИНЬ ДҮҮРЭЭД БӨГЛӨРӨӨД ҮНЭР ТАНАР НЬ ОЙРТОХ АРАГГҮЙ БОЛЧИХООР ОЙР ОРЧИНД НЬ ШЭЭЖ БААГААД ХОГОО ХАЯАД БАЙНА ЛЭЭ . АЯЛАГЧДААС ХУРААМЖ АВААД АРЧЛААД БАЙВАЛ ЗҮГЭЭР ЮМ ШИГ.

0  |  0
Top