Ч.Ундрам: Газар тариаланг эрчимжсэн мал аж ахуйтай хослуулж хөгжүүлэхэд төрийн дэмжлэг шаардлагатай

Н.Гантуяа | Zindaa.mn
2020 оны 09 сарын 21

Ерөнхий сайд У.Хүрэлсүх УИХ-ын болон Засгийн газрын зарим гишүүдийн хамт өнгөрөгч долоо хоногт Дархан, Сэлэнгэ аймагт ажиллаж, ургац хураалтын явц болон газар тариалан, эрчимжсэн мал аж ахуйн нөхцөл байдалтай танилцсан.

Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд энэ үеэр “Газар тариалангийн салбарын техник, технологийн шинэчлэл-Эрчимжсэн мал аж ахуй” сэдэвт нээлттэй өдөрлөг зохион байгуулж, Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан, УИХ-ын гишүүн Ч.Ундрам, Д.Өнөрболор болон албаны хүмүүс оролцсон юм. Тариаланчдын хувьд Сэлэнгэ аймгийг Газар тариалангийн бүс нутаг гэж зарласан Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлэхгүй бол нүүдлийн мал аж ахуйгаас болж тариан талбай нь сүйдэж, нийт 20 орчим хувийн ургацаа малаас шалтгаалж алдаж байгааг хэлж байв.

Энэ талаар УИХ-ын гишүүн Ч.Ундрамаас байр суурийг нь тодруулахад "Монгол бол хөдөө аж ахуйн орон. Мал аж ахуйн салбарыг системээр нь цогцоор хөгжүүлж байж нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн болгож, малынхаа үр шимийг бид нийтээрээ хүртэнэ. Нэг малаас авах ашиг шимийг нэмэгдүүлэх, малын үүлдэрийг сайжруулах, боловсруулах үйлдвэр, агуулах барих, эрчимжсэн мал аж ахуйг газар тариалантай хослуулж хөгжүүлэхэд анхаарах шаардлагатай юм. Ингэж байж экспорт нэмэгдэнэ. Өнөөдрийн нөхцөл байдалд Сэлэнгэ аймагт малчид, тариаланчдын дунд үл ойлголцол бий. Сэлэнгэ бол газар тариалангийн бүс нутаг. Мөн хөрсний үржил шим сайтай хэсэгт малчид малаа малладаг. Тариалангийн талбай руу нь мал орсноос малчид, тариаланчид хоорондоо муудалцах тохиолдол байдаг. Эрчимжсэн мал аж ахуйг газар тариалантай хослуулж хөгжүүлэх тал дээр Сэлэнгэ аймгийн малчид сэтгэл зүйн хувьд бэлтгэгдсэн гэж хэлж болно. Тэд малын тооноос илүүтэй чанарт шилжих ёстой гэдгийг ойлгож байгаа ч хэрхэн хийхээ төдийлэн мэдэхгүй байна. Тиймээс энэ хүмүүст төр бодлогоор дэмжлэг, туслалцаа үзүүлж, малынх нь үүлдэр угсааг сайжруулах, ашиг шимийг нь нэмэгдүүлэх, цаашлаад худалдаж авах ноос ноолуур, арьс шир, үүлдэрүүдийг нь барих нь зөв.

Малынхаа вакциныг дотооддоо үйлдвэрлэх, цаашлаад мах, сүүний чиглэлийн, арьс шир боловсруулах гээд бүх шатны үйдвэрлэлийг цогцоор нь хамтад нь хөгжүүлэх хэрэгцээ харагдаж байна. Ер нь, Сэлэнгэ аймгийг эрчимжсэн мал аж ахуй, газар тариалангаас гадна боловсруулах үйлдвэр болгож, аж үйлдвэрийг парк маягаар хөгжүүлэх нь зүйтэй гэж үзэж байна" хэмээсэн юм.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
A.Erdenebat(202.126.89.34) 2020 оны 09 сарын 25

Sain bn, amjilt

0  |  0
Балай хог(43.228.129.86) 2020 оны 09 сарын 25

Балай авгай.

1  |  0
Top