Ерөнхий сайд ногоон наадмын бүтээн байгуулалттай танилцлаа

Б.Амирдаа | Zindaa.mn
2020 оны 09 сарын 22

Монгол Улс спортын түүхнээ анх удаагаа 22 төрөлтөд “Green Games” олон улсын залуучуудын наадмыг ирэх жил эх нутагтаа зохион байгуулахаар ажиллаж байгаа билээ. Наадмын хүрээнд төрийн болон хувийн хэвшлийн санхүүжилтээр Хөл бөмбөгийн талбай, “Мөсөн өргөө”, “Цэнгэлдэх хүрээлэн, спорт цогцолбор”-ын ажлууд Яармагийн дэнжид сүндэрлэж эхэлсэн бөгөөд мөн 30 жилийн түүхтэй Техник спортын төвийг бүрэн шинэчлэх ажил хийгдэж дууссан байна.

Өнөөдөр буюу 2020 оны 9-р сарын 22-нд энэхүү бүтээн байгуулалтуудыг МУ-ын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, НЗД-ын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан нарт Green Games наадмын зохион байгуулагч “Улаанбаатар спорт менежмент” компанийн гүйцэтгэх захирал Б.Тамир танилцууллаа. Тус “Цэнгэлдэх хүрээлэн, спорт цогцолбор” нь Спорт цогцолбор, Хөл бөмбөгийн талбай, Усан спортын ордон гэсэн гурван үндсэн хэсгээс бүрдсэн бөгөөд үндсэн төлөвлөлтийг Монгол улсад мөрдөж байгаа холбогдох норм дүрэм, стандартын шаардлагыг баримтлан олон улсын стандартыг хангахаар тусгаж тухайн орон зайд зохицсон байхаар шийджээ.

Cпорт заалын бүтээн байгуулалт нь 2075 хүний үзэгчдийн суудалтай спорт заал, 200 хүн хүлээн авах хүчин чадалтай ресторан, 100 хүн нэг дор хичээллэх хүчин чадалтай тоног төхөөрөмжөөр тоноглогдсон фитнесс заал, 100 хүний суудалтай хурлын заал, 15 өрөө бүхий 60 ортой тамирчдын зочид буудал, оффисын 8 өрөө, 22 автомашины гараж, 270 автомашины гадна ил зогсоолтой цогц барилга юм. Усан спортын ордон нь дэлхийд шалгарсан, шилдэг агаарын эко технологи “DUOL” ХХК-д үйлдвэрлэгдэж байгаа ба 120х60 харьцаатай, 7200м2 талбайтай, 1200 хүний суудалтай байхаас гадна 28х15 хэмжээтэй сагсан бөмбөгийн заалтай байх юм. Усан бассейны тоноглол нь олон улсын шаардлагад нийцсэн Тайвань улсын МАМ брендын 50м-ийн урт, 1,5м-ийн гүн, 10 эгнээ бүхий тоноглолтой байхаар төлөвлөжээ. Хөл бөмбөгийн талбай нь ОУ-ын хөл бөмбөгийн холбоо (FIFA)-оос Монголын хөл бөмбөгийн холбоонд олгосон санхүүжилтийн хүрээнд 109х74м хэмжээтэй хөл бөмбөгийн талбай нь бүрэн автомат усалгааны системээр тоноглогдсон, 109х74м хэмжээтэй 300 LUX хүчин чадалтай дөрвөн гэрэлтүүлэгч буюу прожектортой байхаар төлөвлөсөн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top