УИХ-ын гишүүн асан Г.Солтаны ЯЛЫГ хэвээр үлдээлээ

Б.Амирдаа | Zindaa.mn
2020 оны 09 сарын 22

УИХ-ын гишүүн асан Г.Солтанд холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр /2020.09.22/ болж өнгөрлөө. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн хуралдаанаар эрүүгийн хэргийг шүүгдэгч Г.Солтан, түүний өмгөөлөгч Д.Тунгалаг нарын гаргасан гомдлуудыг үндэслэн хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дараах өөрчлөлтийг оруулав. Үүнд:

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Солтаны гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 7.880.500 төгрөгийг шүүгдэгч Г.Солтанаас албадан гаргуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар улсын төсөвт шилжүүлсүгэй.” гэсэн нэмэлт заалтыг оруулж, шийтгэх тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээсэн байна. 

Тэрбээр Монгол Улсын Их хурлын гишүүний бүрэн эрхийг хэрэгжүүлэх явцдаа өөрийн үүсгэн байгуулсан, захирлаар өөрийн хүү С.Ахмед, менежерээр эхнэр Б.Алтанчимэг ажилладаг өөрийн хамаарал бүхий “Монгол шаазан” ХХК-д “Малын тэжээл үйлдвэрлэх” төслийн зориулалтаар урт хугацааны хөнгөлөлттэй зээл авахын тулд Улсын Их хурлын гишүүн бөгөөд, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзоригт хууль бусаар нөлөөлөн түүнийг төсөл сонгон шалгаруулах хорооны дарга Д.Энхбат, гишүүн С.Төгсбилэг нарт тухайн төслийг Улс төрд нөлөө бүхий хүнтэй холбоотой, учраас шалгаруулах шаардлагатай гэж хэлж, хууль бус үүрэг чиглэл өгч, нөлөөлсөн хэмээн үзжээ. Иймд 2018 оны тавдугаар сарын 14-ний өдрийн А/88 дугаартай тушаалаар “Монгол шаазан” ХХК-нд 950,000,000 /есөн зуун тавин сая/ төгрөгийг урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох шийдвэр гаргуулж, өөрт болон өөрийн гэр бүлд эдийн засгийн давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдэхэд хатгагчаар хамтран оролцсон гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон аж. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top