Энэ зун хур бороо элбэгтэй байсан тул цаг агаарын хувьд өвөлжилт хүндэрч болзошгүй байгааг мэргэжлийн байгууллагууд мэдээлж буй.
"Эрдэнэт" үйлдвэрийнхэн хүйтний улирлаас урьтаж, намар өвлийн бэлтгэл ажлын хүрээнд 292 ажил төлөвлөн, үндсэн дөрвөн чиглэлээр хангаж байна. Үүнд, тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг хангахад нийт 77 ажил төлөвлөсөн бол эрчим хүчний тоног төхөөрөмж болон системийн найдвартай ажиллагаанд 108 ажил хийж гүйцэтгэхээр төлөвлөжээ.
Түүнчлэн аж ахуй, нийгмийн барилга байгууламжийн засвар үйлчилгээ, бүрэн бүтэн байдлыг хангах чиглэлээр 85 ажил хийж байгаа бол түүхий эд материалын хангамж нийлүүлэлтийн 22 ажил төлөвлөн, ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар, нийт ажлын 156 нь 80-аас дээш хувийн гүйцэтгэлтэй байна. Харин 40-80 хувийн гүйцэтгэлтэй 83 ажил хуваарийн дагуу үргэлжилж байна. Мөн цаг хугацаатай уялдуулж хийх шаардлагатай 24 ажил хүлээгдэж байгааг Үйлдвэрлэлийн хэлтсээс мэдээлэв.
Өвөлжилтийн бэлтгэлээ хэрхэн хангаснаар тухайн жилийн ажлын чанар үзүүлэлтэд нөлөөлдөг тул үйлдвэрийн бүтцийн цех нэгжүүд, намар өвлийн ажилд шамдаж байгааг тус хэлтсийн мэргэжилтнүүд нэмж онцоллоо.
М.Балжинням
Гэрэл зургийг Б.Баттөгс
Сэтгэгдэл ( 0 )