“Үхлээр наймаалцагч” инженерээс буяны үйлстэн болсон түүх

Автор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 09

Энэ удаагийн Нобелийн 119 дэх долоо хоног аравдугаар сарын 5-12-ны өдрүүдэд явагдах бөгөөд физиологи болон анагаахын салбарын шагналтнуудаар нээлтээ хийн, 6-нд физикийн, 7-нд химийн, 8-нд утга зохиолын салбарын алдартан тодрох бол, 9-нд энхтайвны шагналтан, 12-ны өдөр эдийн засгийн салбарын алдартныг тодруулах аж. Коронавируст цар тахлын улмаас энэ жилийн шагнал гардуулах ёслол арванхоёрдугаар сард теле шууд дамжуулалт хэлбэрээр явагдах хэдий ч зөвхөн Нобелийн Энхтайвны шагналыг Осло хотноо хязгаарлагдмал хүрээнд биечлэн гардуулахаар төлөвлөжээ.

 

Нобель яагаад эрдэмтдийг дэмжихээр шийдэв

Шведийн химич, инженер-зохион бүтээгч Альфред Нобель 1833 оны аравдугаар сарын 21-нд Стокхольм хотноо архитектурчийн гэр бүлд мэндэлжээ. Тэрээр ер бусын бүтээлч нэгэн байсан бөгөөд амьдралынхаа туршид янз бүрийн чиглэлээр 355 патентын эзэн болсон аж. Тэдгээрээс хамгийн алдартай нь бидний сайн мэдэх, тэсэрдэг динамит.

Нобель тэсэрч дэлбэрэх бодисууд зохион бүтээх асар сонирхолтойн улмаас тэдгээрийг янз бүрийн хэлбэр дүрс, төрөл бүрийн хүчин чадалтайгаар тооцоолж гарган, идэвхтэй туршилтууд явуулдаг байжээ. Түүний энэ чиглэлийн бүтээлүүдийг байлдааны зэвсгийн үйлдвэрлэлд ашиглаж, тэрээр патентуудаа зарж борлуулсан мөнгөөрөө “Бофорс” төмөрлөгийн концерныг худалдаж аван, томоохон хэмжээний зэвсгийн үйлдвэр болгож чадсан байна.

1888 онд нэгэн эндүүрэл гарсан нь түүний амьдралын замналыг өөрчилж орхив. Тухайн үед Нобелийн ах Людвиг таалал төгссөн хэдий ч сэтгүүлчид алдаа гарган, Альфред Нобелийг нас барсан тухай мэдээ нийтэлчихсэн аж. Тэр өглөө химич эр сонин уншихаар дэлгэтэл “Үхлээр наймаалцагч таалал төгслөө” хэмээх гарчиг бүхий өөрийнх нь тухай эмгэнэлийг олж харсан байна. Чухам энэхүү агшинд л түүнийг жинхнээсээ нас барсны дараа хүн төрөлхтөн ямраар дурсах бол гэсэн бодол гэнэт төржээ. Эрдэмтэн эр хүмүүсийн ой дурсамжинд “үхлээр наймаалцагч” маягаар үлдэхийг огтхон ч хүсээгүй учраас амьдралынхаа хамгийн хачирхалтай шийдвэрийг тухайн үед гаргаж, өөрийн бүхий л хөрөнгө мөнгийг эрдэмтэд, утга зохиолчид, энхтайвны төлөө тэмцэгчдэд зориулахаар гэрээсэлсэн аж.

 

Шагналыг олгох зарчим, тоо хэмжээ

Нобелийн өв хөрөнгийг залгамжлагчдын зүгээс хүчтэй эсэргүүцэл гарсан хэдий ч түүний гэрээслэл хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлжээ. Зохион бүтээгч эрдэмтэнд хамаарагдаж байсан бүх эд хөрөнгийг худалдсан мөнгийг банканд байршуулаад, түүнийг удирдан, захиран зарцуулах зорилго бүхий Нобелийн Сан үүссэн байна. Гэрээслэл ёсоор, хөрөнгө оруулалтаас олсон орлогыг таван тэнцүү хэсэгт хуваагаад, физик, хими, анагаах ухаан, утга зохиолын салбарт шилдэг нээлт, бүтээл туурвисан эрдэмтэд болон “"Улс үндэстнүүдийн эв нэгдлийг хангах, боолчлолыг устгах, цэрэг зэвсэглэлийн тоог багасгаж, энх тайвныг сурталчлахад хамгийн чухал хувь нэмэр оруулсан”  байгууллага, хувь хүмүүст жил бүр шагнал олгохоор болжээ.

Анхны шагнал гардуулах ёслолын ажиллагаа 1901 онд болсон бөгөөд 1969 онд Шведийн Банк эдийн засгийн шинжлэх ухааны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулагчийг өөрийн зүгээс шагнах санал гаргаснаар номинацийн тоо нь зургаа болсон аж. Эхний жилүүдэд шалгарсан нэр дэвшигчдийг 150 мянган швед крон буюу өнөөгийн ханшаар 60 мянга орчим ам.доллараар шагнадаг байсан бол жил бүр хөрөнгө оруулалтын ашиг нэмэгдэх хэрээр шагналын сан ч даган нэмэгдэж, 2020 оны байдлаар есөн сая швед крон буюу нэг сая гаруй ам.доллараар шагнаж байна. Нобелийн шагналыг түүний нас барсан өдөр болох арванхоёрдугаар сарын 10-нд гардуулдаг бөгөөд энхтайвны салбарын шагналаас бусад таван шагналыг Шведийн нийслэл Стокхольм хотын концертын танхимд, энхтайвны шагналыг Норвегийн нийслэл Осло хотын захиргааны байранд гардуулдаг.

 

Шагналын эргэн тойрон дахь сонин хачин

Нобелийн шагналыг тойрсон элдэв маргаан жил бүр өрнөдөг бөгөөд өгөх ёсгүй хүнд олгосон, эсвэл авах ёстой нэгэнд олгоогүй гэх мэтээр элдэв хэл ам гардаг аж. Гэвч энэхүү шагналын түүхийг сөхөөд сайн судалбал Нобелийн шагналын хороо барагтай л бол алдаа гаргадаггүй гэж болохоор. Шагнал хүртэгсдийн жагсаалтыг харахад л хүн төрөлхтөний хөгжилд үнэхээр агуу хувь нэмрийг оруулсан хүмүүсийн нэрс тэнд дурайх аж. Жишээ нь:

•Вилгельм Рентген-1901 онд түүний нэрээр нэрлэгдсэн “Гайхалтай туяаны нээлтээр” физикийн салбарт,

•Альберт Эйнштейн-1921 онд “Фото-электро эффектийн нээлт болон бусад ажлууд” /үүнд харьцангуйн онол нь багтсан/ физикээр,

•Энрико Ферми-1938 онд “Удаашралтай нейтроноос үүдэлтэй цөмийн урвалыг илрүүлэх” нээлт буюу анхны цөмийн реакторыг бүтээснээрээ физикийн салбарт,

•Александр Флемминг-сая сая хүмүүсийн амийг аврагч пенициллинийг нээсний төлөө 1945 онд физиологи, анагаахын салбарт,

•Альбер Камю-“Хүн байхын утга учрыг гэрэлтүүлсэн бүтээлээрээ утга зохиолд үнэтэй хувь нэмэр оруулсны төлөө” 1957 онд утга зохиолын салбарт,

•Френсис Крик, Морис Уилкинс, Жеймс Уотсон нар-“ДНК бүтцийн амжилттай загварчлал”-аар 1962 онд физиологи, анагаахын салбарт тус тус Нобелийн шагнал хүртэж байжээ. 

2013 онд Нобелийн Энхтайвны шагналыг НҮБ-ын дэргэдэх Химийн зэвсгийг хориглох байгууллагад олгоход Сирийн химийн дайныг зогсоохоор явсан НҮБ-ын 23 химийн зэвсгийн шинжээч дотор Монголын иргэн Д.Эрдэнэцогт багтан шагнал хүртэж байлаа. Нобелийн шагналыг нэг хүнд нэг л удаа өгөх зарчимтай хэдий ч тус шагналын түүхэнд дөрвөн хүн хошой шагналтан болсон аж. Эдгээр нь:

-Мари Кюри - 1903 /физик/, 1911 /хими/

-Лайнус Полинг - 1954 /хими/, 1962

/Энхтайван/

-Жон Бардин - 1956, 1972 /физик/

-Фредерик Сенгер - 1958, 1980 /хими/  тус тус хүртжээ.

Альфред Нобель шагнал гардуулах номинац дотроо математикийг оруулаагүй нь бас сонин түүхтэй аж. Тэрээр Данийн усан онгоцны үйлдвэрийн эзний охин Аннад ухаангүй дурласан хэдий ч уг бүсгүй царайлаг математикч залуу Франц Лемаржийг сонгож, нөгөөх нь Нобелийг олны өмнө доромжилсноос үүдэлтэйгээр уг салбар энэхүү нэр хүндтэй шагналын гадна үлдэхэд хүрчээ.

Японы физикч Юкава 1948 онд энэ шагналыг хүртсэнээр Нобелийн шагналт анхны ази хүн болжээ. Мөн Францын философич, нийгмийн зүтгэлтэн Жан-Пол Сартр, Вьетнамын хувьсгалч, улс төрч Ле Дук То, ОХУ-ын зохиолч, яруу найрагч Борис Пастернак нар Нобелийн шагнал хүртэхээс татгалзаж байсан аж.

1991 оноос хойш Нобелийн шагналын элэглэсэн хувилбар болох Шнобелийн шагналыг гардуулж байгаа бөгөөд энэхүү "Ig Nobel Prize"-ийг Америкийн  Annals of Improbable Research сэтгүүл анх санаачилсан байна. Энэ жилийн Шнобелийн анагаахын боловсролын шагналын эздээр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон, Беларусийн төрийн тэргүүн Александр Лукашенко нар болон өөр таван улсын удирдагч тодорсон байна. Энэхүү шагналын эздийг АНУ-ын Массачусетс мужийн Харвардын Их сургуульд зарлаж, шагналыг гардуулдаг уламжлалтай бөгөөд энэ жил цар тахлын улмаас цахим хэлбэрээр шууд дамжуулсан юм.

Эх сурвалж: Өглөөний сонин

 
 
 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.161.11) 2020 оны 10 сарын 10

Хүний амийг үл хайрлан их хэмжээний ашиг олсныхоо дараа буян хийх аяддаг

0  |  0
зочиг(64.119.18.151) 2020 оны 10 сарын 10

ТЭСРЭХ БӨМБӨГТ НЬ АМИА АЛДСАН ОЛОН САЯ ХҮНИЙ АМИЙГ ЮУГААР Ч ҮНЭЛЖ БАРАХГҮЙ .

1  |  0
Top