Оюуны өмчийн газрын дарга Б.Энхсүх, Оюуны өмчийн газрын Захиргаа удирдлагын хэлтсийн дарга С.Ганзориг нар өнгөрсөн баасан гарагт /2020.10.09/ Оюуны өмчийн газар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт гарын үзэг зурж баталгаажууллаа.
Энэ үйл ажиллагаанд Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн болон бусад удирдлагууд оролцлоо.
Эрдэнэтийн овооны зэс-молибдены ордын нөөцөд түшиглэн байгуулагдсан, бүтээгдэхүүн нь “Эрдэнэтийн зэсийн баяжмал” хэмээн газар зүйн нэртэйгээ хосолсон байдаг. Мөн “Эрдэнэт үйлдвэр” хэмээх нэрийг1978 оноос хойш ашиглаж, Монгол улс болон олон улсад танигджээ. Одоогийн ашиглаж байгаа тэмдэгийг анх 1993 оны №391 дугаар тушаалын албан бланканд хэрэглэснээс хойш 27 дахь жилдээ ямар нэгэн дүрс болон томьёоллын өөрчлөлтгүйгээр ашиглаж байна. Иймд Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын үйл ажиллагаанд ашиглагдаж байгаа нэр, тэмдэгийг Монгол Улсын Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн дагуу барааны тэмдэгээр бүртгүүлж, эрхийн хамгаалалт хийлгэх ажлыг эхлүүлжээ. Эхний ээлжинд Эрдэнэт үйлдвэрийн лого, Эрдэнэт үйлдвэр нэршлийг Монгол, Орос, Англи хэл дээр үндсэн барааны тэмдэгтээр бүртгүүлж, гэрчилгээг Оюуны өмчийн газрын дарга Б.Энхсүх Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захиралд гардуулан өглөө.
Хоёр тал санамж бичгийг баталгаажуулснаар хамтран оюуны өмчийн соёлыг бүрдүүлэх, оюуны өмчийн тухай мэдлэгийг дэлгэрүүлэн сургалт зохион байгуулж, судлаачдын бүтээл туурвих, шинийг санаачлах, оюуны өмчийн бүтээлийн эрхийг хамгаалах үйл ажиллагааг дэмжих юм. Түүнчлэн оюуны өмчийн ашиглалтыг нэмэгдүүлэн, эдийн засгийн эргэлтэд оруулах зөрчлийг бууруулан, зөвлөгөө мэдээлэл солилцон хамтран ажиллах юм. Ингэснээр шинжлэх ухаан, технологи, инноваци, оюуны өмчийн салбарын хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, төрийн бодлогын үр нөлөө, үр ашгийг дээшлүүлэх юм.
Оюуны өмчийн тухай хууль 2020 оны 12-р сарын нэгнээс эхлэн хэрэгжиж эхэлэх юм. Энэхүү шинэ хууль хэрэгжихээс өмнө харилцан ойлголцлын санамж бичигт гарын үзэг зурж баталгаажуулж байгаа нь онцлог боллоо гэж Оюуны өмчийн газрын дарга Б.Энхсүх мэдээллээ.
А.Бямбамаа
Фото: Б.Баттөгс
Сэтгэгдэл ( 0 )