ЭРДЭНЭТ: Хүний нөөцийн мэргэжилтнүүд сургалтад хамрагдаж байна

2020 оны 10 сарын 13

Хүний нөөцийн ажилтны өдрийг угтаж “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Захиргаа, хүний нөөцийн бодлогын газраас мэргэжилтнүүдийнхээ онол, ур чадварын мэдлэгийг дээшлүүлэх, багаар ажиллах чадварыг хөгжүүлэхэд чиглэсэн хэд хэдэн үйл ажиллагаа төлөвлөсний нэг нь өнөөдөр /2020.10.13/ болж буй “Хүний нөөцийн стратеги төлөвлөлт” сургалт юм.

Энэхүү сургалтад Эрдэнэт үйлдвэрийн бүтцийн нэгжүүдийн хүний нөөцийн ажилтнууд хамрагдаж, хүний нөөцийн өнөөгийн байдалд дүгнэлт хийх, шаардлагатай мэргэжилтнүүдийг шинжлэх ухаан, онолын түвшинд зөв төлөвлөх мэдлэг, чадвараа зузаатгаж байна.

Саяхан, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хүний нөөцийн мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадварын түвшинг тогтоосон бөгөөд үүний нэг шалгуур үзүүлэлт нь хүний нөөцийн төлөвлөлт гэсэн ур чадварын даалгавар байсан юм. Энэ хүрээнд бүтцийн нэгжүүдийн хүний нөөцийн төлөвлөлт сэдэвт илтгэл тайлан сонссон юм. Энэ үйл ажиллагаанаас Захиргаа, хүний нөөцийн бодлогын газар дүгнэлт хийж энэхүү сургалтыг зохион байгуулахаар болжээ. “Эрдэнэт үйлдвэрийг 2031 он хүртэл хугацаанд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хүрээнд одоо хийгдэж байгаа болон алсдаа хэрэгжих томоохон төсөл, хөтөлбөрүүд амжилттай, үр дүнтэй байх үндэс нь мэдлэг, ур чадвартай ажилтнууд юм. Иймээс хүний нөөцийн мэргэжилтнүүд Эрдэнэт үйлдвэрийн хэт ирээдүйн хөгжилтэй уялдуулан төлөвлөлт хийх мэдлэг чадварт суралцаж байгаа нь чухал ач холбогдолтой” гэж Захиргаа, хүний нөөцийн бодлогын газрын дарга О.Отгонбаяр ярилаа.  

М.ОДГЭРЭЛ
Ш.ЛХАМСҮРЭН

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top