1995 оноос хойш Австралийн Их шүрэн далангийн шүрний тэн хагас нь устаж үгүй болжээ. Үүний гол шалтгаан нь дэлхийн дулаарал.
Дэлхий дээрх хамгийн том шүрэн тогтолцооны бүх төрлийн шүрний хэмжээ ялангуяа 2016 болон 2017 онуудад шүр өнгөө алдаж, цайрснаас хойш огцом буурсныг Австралийн Куинсландын Шүрэн далангийн судалгааны төвөөс явуулсан судалгаа харуулжээ. Энэ жил шүрний өнгө мөн их хэмжээгээр цайрсан аж. Судлаачдын тогтоосноор, шүрэн далангийн мөчирт болон ширээ хэлбэрт шүр их хэмжээгээр устаж үгүй болсон байна. Эдгээр төрөл нь загас зэрэг далайн амьтдын амьдрах орчинг бүрдүүлдэг тул далайн экосистемд чухал үүрэг гүйцэтгэдэг аж. Эрдэмтэд шүр өнгөө алдаж, цайрч байгаа нь зооксантелл гэгч онцгой ургамал үхэж буйтай холбоотой гэж үзэж байна. Шүрийг тэтгэгч эдгээр нэг эст организм хүчилтөрөгч ялгаруулж, илүүдэл нүүрсхүчлийн хийг шингээдэг аж. Зооксантелл нь шүрний байгалийн өнгийг дэмждэг байна. Таатай нөхцөл бүрдсэн тохиолдолд цайрсан шүрний өнгө дахин сэргэх боломжтой хэдий ч үүнд олон арван жил шаардагдана гэж эрдэмтэд онцолжээ. Сүүлийн жилүүдэд ИХ шүрэн даланд залуу, боловсорч гүйцсэн шүр цөөрсөн нь нөхөн сэргээлтэд сөргөөр нөлөөлж байна гэж тэд анхааруулсан байна.
Судлаачид далайн шүрний эрүүл мэнд, хэмжээг 1995 оноос 2017 оны хооронд судалжээ. 2300 км гаруй үргэлжилсэн гүрэн далан шинжлэх ухааны болон байгалийн ач холбогдлоороо 1981 онд Дэлхийн өвд бүртгэгдсэн. Сүүлийн арван жилд далай тэнгисийн ус халсны улмаас шүр мөхаж, ойр орчимд амьдардаг далайн амьтад дайжин, замаг болон бусад бохирдуулагч ургамал нэмэгдэхэд хүргэсэн байна.
Сэтгэгдэл ( 0 )