Европын зөвлөлийг үүсгэн байгуулагч “НУУЦЛАГ НОЁНТОН”

Автор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 16

ХХ зууны түүхэнд нууцлаг, дуулиан шуугиантай нэлээдгүй улстөрчид байсан хэдий ч тэднээс нэг нь илүүтэй онцлог юм. Түүнийг дөрвөн улсын тагнуул, мастер масон, католик шашинт еврей, нууц коммунист, зөрүүд польш эх оронч гээд есөн шидээр нэрлэж, тэрбээр түүхэн олон чухал үйл явдлуудад оролцож байсан боловч Жозеф Ретингер хэмээх нэрийг нь түүхийн сурах бичгүүд дээрээс ч хайгаад олохгүй аж.

Тэр Мексикийн Ерөнхийлөгч асан Плутарко Кальес болон дайны жилүүд дэх Польшийн Ерөнхий сайд асан Владислав Сикорский, Станислав Миколайчик нарын зөвлөхөөр ажиллаж байв. Дэлхийн хоёрдугаар дайны он жилүүдэд тэрбээр Их Британийн тагнуулын албаны итгэмжлэгдсэн бие төлөөлөгчөөр ажилласнаар Польш-Британийн харилцаанд голлох үүрэг гүйцэтгэж, Уинстон Черчилл рүү шөнө дунд ч утасдах эрхтэй байжээ. Дайны дараа Ретингер Европыг нэгдмэл болгох үйлсэд чухал хувь нэмэр оруулж, Европын Зөвлөл болон “Дэлхийн сүүдрийн засгийн газар” хэмээн нэрлэгддэг байсан Бильдербергийн клубыг үүсгэн байгуулахад гол санаачлагчаар оролцсон юм.

Жозеф Ретингерийн тухай ямар нэгэн зүйл бичнэ гэдэг нь нимгэн мөсөн дээгүүр зугаалахтай адил гэлцдэг. Учир нь, тэр бол бүхий л цаг үед байсан улстөрчдөөс хамгийн зальжин нь бөгөөд хэрэгтэй утасны үзүүрээс нэг атгах юм бол өөрийн зорилгодоо хүрэхийн тулд хамгийн ер бусын хувийн харьцаануудаа ашиглан, хэнд ч мэдэгдэхгүй “сүүдэрт” үлдэнгээ барьсан учигаа гайхалтай чадварлагаар татаж чаддаг байжээ. Мөн түүний зорилгууд бусдад төдийлөн ил биш байсан бөгөөд одоо ч тэдгээр нь оньсого хэвээр үлдсэн аж. Тэр албан тушаал төдийлөн хашилгүй, ихэвчлэн нэр нөлөө бүхий хүмүүсийн зөвлөхөөр ажиллан, тэдний арыг бат даадаг нэгэн байв.

Тэгвэл Жозеф Ретингер гэж хэн байв. Тэр хэрхэн өндөрлөгт гарч чадав. Түүний улстөрийн явуулгуудын үр дүн ямар байв.

Ретингерийг ХХ зууны түүхэн дэх хамгийн нууцлаг улстөрч гэдгийг батлахын тулд түүний амьдралын баялаг түүхийн зарим хэсгүүдээс дурдах нь зүйтэй болов уу.

Хуурамч мэдээллийн мастер

Нууц төлөвлөгөө, сониуч байдлыг байнга үүсгэнгээ Ретингер өөрийнх нь тухай элдэв цуу яриаг хэзээ ч хүлээн зөвшөөрдөггүй, бас илт үгүйсгэдэггүй байжээ. Магадгүй, өрсөлдөгчдөө төөрөлдүүлэхийн тулд иймэрхүү тактикийг баримталдаг байсан байх.

Нэгэн удаа түүний найз, Швейцарийн зохиолч, урлаг соёлын онолч Дени де Ружмон түүнээс:

“Жозеф найз минь, чамайг хүмүүс франкмасон, Британи, ТТГ, Ватиканы тагнуулын албаны агент, бас коммунистуудтай хамтран ажилладаг, еврей, тэр ч бүү хэл, ижил хүйстэн /цэнхэр/....гэлцэх юм. Эдгээрээс аль нь үнэн юм бэ” хэмээн асуухад,

Ретингер зальжин инээмсэглэснээ:

“Би юу хэлж чадахсан билээ. Эдгээр нь миний тухай сонирхолтой мэдээллийн талд нь ч хүрэхгүй байна гээд цаадуулдаа дамжуулчихаарай” гэсэн аж.

 

СОРБОННЫ ИХ СУРГУУЛИЙН ХАМГИЙН ЗАЛУУХАН ДОКТОР

Ретингер бас суут ухаантан байсны нэг нотолгоо бол тэрбээр хорь орчим настайдаа Францын бахархал болсон Сорбонны Их сургуульд Францын утга зохиолоор докторын диссертаци хамгаалсан явдал юм. Тэр польш үндэстэн болохоор Франц хэл түүний хоёр дахь, магадгүй, гурав дахь гадаад хэл ч байсан байж магадгүй. Гэтэл маш богино хугацаанд эрдмийн зэрэг хамгаалж, түүнээс өмнө болон түүний дараа ч хэн нэгэн энэхүү амжилтыг эвдэж чадсангүй. Жозеф авьяаслаг зохиолч байсан бөгөөд нэлээн хэдэн роман, жүжгийн зохиолууд туурвин, нэг бүтээлээ өөрийн найз Жозеф Конрадтай хамтран бичсэн байна.

Ретингер хэл сурах асар авьяастай учраас хамгийн багадаа таван гадаад хэлийг яг л унаган хэл мэтээр чөлөөтэй эзэмшиж, өөрийн ур чадвар, авьяас билгийн хүчээр элит дипломат албанд хамгийн тохиромжтой нэр дэвшигч болж чаджээ.

Дэлхийн “хүчтэнүүдийн” найз

Ретингер гайхалтай ухаантайгаас гадна бас нэгэн ер бусын, өвөрмөц авъяастай нэгэн байж. Нэгэн түүхч түүний тухай:

“Ретингер нягт нямбай сонгож авсан нөлөө бүхий хүмүүсийн хөшүүргийн системийг ашиглангаа өөрийн хүссэн зүйлээ гайхалтайгаар олж авч чаддаг байсан. Түүнд эр хүнд ховорхон байдаг, ямар ч алдаа мадаггүй төрөлх зөн совин заяасан” хэмээн бичсэн байна.

Ретингер ярилцаж буй хүнийхээ давуутай чанаруудыг тэр дор нь мэдэрч, найз нөхөд болчихдог ер бусын чадвартай байсан бөгөөд карьераа эхлүүлэх үедээ л нөлөө бүхий хүмүүсийн дунд аль хэдийн орж чадсан байв. Тэрбээр Жозеф Конрад, Андре Жид /Нобелийн шагналтан/, Эрик Сати, Диего Ривера, Морис Равел нартай найзалж нөхөрлөн, ХХ зууны түүхэнд голлох нөлөө үзүүлсэн олон алдартан, баячууд, хүчирхэг улстөрчдийн, ялангуяа Британийн Ерөнхий сайд асан Уинстон Черчилл, Европын Холбооны үндэслэгчдийн нэг Поль-Анри Спаак нарын итгэмжит төлөөлөгчөөр ажиллаж байжээ.

1946 онд түүний хувийн нарийн бичгийн даргыг ЗХУ-ын Засгийн газарт хамаардаг аюулгүйн албаныхан баривчлахад тэрбээр Вячеслав Молотов руу ганц утас цохиод л нарийн бичгээ суллуулж байснаас харахад, түүнийг хэдийгээр британийн тагнуулын нууц агент гэлцдэг байсан ч хувийнх нь харилцаа улстөрийн агуулгаас ч хүчтэй байхуйц тийм өндөр түвшний харилцаа холбоог тэр тогтоож чаддаг байсныг гэрчилнэ.

 

НУУЦЛАГ НОЁНТОН

1939 онд Польш улс нацистын Герман болон Зөвлөлт Холбоот улсын халдлагад нэгэн зэрэг өртөх үед тус орны улс төрийн элитүүд хилийн чанадад гарч, цөллөг дэх Польшийн Засгийн газрыг байгуулан, нэртэй улстөрч, дайны баатар, зэвсэгт хүчний ерөнхий зааварлагч Владислав Сикорскийг Ерөнхий сайдаар томилсон байна. Уг Засгийн газрын төв штаб Лондон хотод байрлаж, үйл ажиллагаа нь Их Британитай байгуулсан Польшийн эвслээс ихээхэн хамаарч байв. Тухайн үед Жозеф Ретингер Лондонд 28 жил амьдарч буй, бараг л уугуул оршин суугч шахуу байсан тул Британийн улстөр дэх Польшийн хамгийн чанга дуу хоолой болж чаджээ. Ингээд Ерөнхий сайд Сикорский хамгийн түрүүнд Ретингерийг хувийн зөвлөхөөрөө авах шийдвэрийг гаргаж, хоёр жентльмэн эр төд удалгүй албаны болон хувийн маш ойр дотно харьцаатай болсон байна.

Тэр үед Польш улстөрийн газрын зураг дээрээс бараг л арчигдсан байсан хэдий ч Европын улстөрийн бодлого дахь Польшийн оролцоог хангахад Ретингер, Сикорский хоёулаа идэвхийлэн зүтгэж, Дэлхийн хоёрдугаар дайны үеийн хамгийн чухал баримт бичгүүдийн нэг болох Сикорский-Майскийн хэлцлийг 1941 онд байгуулж чаджээ.

Энэхүү шинэ хэлцэл нь 1939 оны Польшийн хуваагдлыг оролцуулаад нацист Герман болон ЗХУ-тай урд өмнө байгуулсан гэрээнүүдийг хүчингүй болгож, Польш-ЗХУ-ын хооронд шинээр дипломат харилцаа тогтоосноор 1939 оны Зөвлөлтийн довтолгооны үеэр олзлогдож, хуаранд цөлөгдсөн Польшийн бүх иргэдэд баталгаатай "өршөөл үзүүлэх" боломжтой болсон аж. Ингээд хуарангаас суллагдсан польшийн цэргийнхэн Андерсын арми буюу 40 мянган цэргийн бүрэлдэхүүнтэй шинээр байгуулагдсан армид нэгдсэн байна.

ЗХУ-тай эвлэрлийн хэлцэл байгуулахыг Польшийн ихэнх улстөрчид эсэргүүцэн, цөллөгийн Засгийн газарт үймээн самуун дэгдээж байсан хэдий ч тухайн үед түүнээс өөр олигтой гарц шийдэл байгаагүй аж.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top