Хятадын үндэстэний номын санд хадгалагдаж байсан монгол ховор нандин сурвалжуудын фото авалтыг анх удаа ном болгон хэвлэлээ.
ӨМӨЗО-ны үндэстэний цөөнхийн судар бичиг болон "Гэсэр"-ийг цуглуулан судлах газраас эмхэтгэсэн энэхүү томоохон альбомын нээлтийн ёслол энэ сарын 17-нд ӨМӨЗО-ны төв Хөххотноо болов.
Энэ нь Хятад улсын үндэстний номын сангийн эртний монгол судар бичгийн дээжис хэмээх цувралд багтаж гарчээ. Тус цуврал нь Хятад улсын үндэстэний номын санд хадаглагдаж байсан дэлхийд цорын ганц гэгдэх гурван томоохон монгол сурвалж бүхий нийт 21 сурвалж бичгийг 15 боть болгон хэвлэсэн юм.
Тухайлбал, умард Юань улсын үед "Гэгээн толь" хэмээн алдаршсан "Энэтхэг Төвдийн бодисун хаадын ачийг дэлгэрэнгүй өгүүлсэн цадиг тууж", умард Юань улсын үеийн Увсанж хатныг дурсаж, аялгууч Бандид Гүүшийн орчуулсан "Арван хоёр зохионгуй оршив", Төвд, монгол, манж, хятад хэлээрх "21 дарь эхийн магтаал" зэрэг сурвалж бичиг ажээ. Мөн түүнчлэн уг цувралд түүхийн бүх цаг үеийн төлөөлөл болох бусад үнэ цэнэтэй сурвалжууд ч хамрагдсан байна.
Тодруулбал, "Дээд Эрдэмтийн гуравдугаар оны цэргийн хууль" хэмээх Чин улсын үеийн хамгийн эртний модон барын хэвлэл, "Ногоон дарь эх оршив" хэмээх модон барын эвхмэл судар, "Арван найман хэрэгт хэмээх сургаал оршвой" хэмээх Утай уулын модон барын судар, "Бурхан багшийн намтар" хэмээх цагаан уулын сүмийн модон барын судар зэрэг Дайчин гүрний үед холбогдох бар хэвлэлүүд багтжээ. Мөн орчин үеийн хэвлэлийн чухал газар болох Бээжингийн Монгол бичгийн хороо болон Чуулалт хаалга /Жанчхүү/ дахь цахар бичиг зураг зохион орчуулах хүрээ зэргээс гаргаж байсан монгол хэл бичгээрх үнэт сурвалжууд ч байна. Тэрчлэн "Халхын Засагт хан аймгийн ван гүн нарын гэрийн үеийн бичмэл", "Зуун уд чуулганы Онниуд баруун гарын хошууны ван, гүн, тайж нарын гэрийн үеийн бичмэл" гэх том хэлбэрийн удам ургийн бичгүүд багтжээ.
Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж: CCTV.com
Сэтгэгдэл ( 0 )