Тэгвэл адилхан “Баянгол”-оо ч шалга, “АПУ”-гаа ч шалга

Автор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 05

Өмч хувьчлал нэрээр үйлдвэр объектыг хэдхэн хүн авч, байгалийн баялаг, уул уурхайн олон лицензийг цөөн тооны хүн эзэмшдэг нь үнэн. Энэ тал дээр шүүмжлэл өрнүүлж байгааг ч буруутгах аргагүй. Гэвч төрөөс шалгаж нягтлах ажил зохион байгуулаагүй байж шууд л “авна, хураана” гэх байдал ажиглагдах болсныг зөвтгөх аргагүй. Ямартай ч Монгол Улсын өнөөгийн нөхцөл байдалд өмч хувьчлалын асуудал нь эргэн харж, цэгцлэхээс өөр аргагүй болчихлоо.

Тодотговол, баялгийн тэгш хуваарилалт явагдаагүй учраас эргэн харахаас өөр аргагүй нөхцөл үүсчээ. Харин үүгээр далимдуулан, бусдын хууль ёсны өмчийг төр өөрөө хураан авах оролдлого хийвэл асуудал үүснэ. Монгол Улс өмч хувьчлал явуулж эхэлсэн цагаас хойш 2000 орчим аж ахуйн нэгжээ хувьчлаад ердөө 300 орчим тэрбум төгрөг олсон гэдэг. Гэтэл өнөөдөр зөвхөн нэг үйлдвэр л 300 тэрбум төгрөг хол давна. Хувьчлал нь 1991 оноос эхэлж явагдсан учраас мөнгөн дүн, ханш бол харьцангуй ойлголт хэдий ч ийм олон үйлдвэр объект хувьчлаад олсон мөнгө гэхээр дэндүү чамлалтай.

Учир нь 2000 он гарсаар “АПУ”, “Мах импекс” тэргүүтэн олон аж ахуйн нэгжийг хувьчилж байсан гэхээр яах аргагүй чамлагдана. Үүнээс гадна хувьчлал эрх мэдэл бүхий хэдхэн хүнд асар их хөрөнгийн эх үүсвэр болж өгсөн. Тиймээс баян, ядуугийн ялгаа илтэд харагдах болсон. Баян нэг нь хөлгүй их хөрөнгөтэй, ядуу нэг нь дэндүү тарчиг байгаа нь баялгийн тэгш бус олголт явагдсантай холбоотой. Дундаж амьдралтай иргэн гэж бараг алга байгаа нь ч үүнийг давхар нотлоно.

Ингэхдээ зөвхөн 1992 онд цэнхэр, ягаан тасалбараар төрийн өмчийн 928 обьектийг хувьчилсан байдаг. Гэсэн ч өнөө хэр нь иргэдийн дунд энэ хувьчлал шударга бус болсон, эрх мэдэлтэй хэдхэн хүний хамаарал бүхий компаниуд авсан гэх гомдол, шүүмжлэл тасрахгүй байсаар өнөөдөртэй золгож байна. Өмч хувьчлалын ажил эхэлж байхад Ерөнхий сайдаар Д.Бямбасүрэн, Тэргүүн Шадар сайдаар ажиллаж байсан Да.Ганболд энэхүү ажлыг гардан эхлүүлсэн гол хүн нь гэдэг. Үүний дараа 1992 оноос Ерөнхий сайдаар П.Жасрай ажиллах үеэр ч хувьчлал явагдаж л байсан. Хуучин цагийн хоёр Ерөнхий сайдаас ч хувьчлалын бурууг хайдаг. Харин өмч хувьчлал хамгийн их өрнөж, хэдхэн хүнд хөрөнгийн эх үүсвэр төвлөрсөн гэх хугацааг 1996-2000 он хэмээн албаны хүмүүс тодорхойлдог. Энэ ч утгаараа тухайн үед Төрийн өмчийн хорооны даргаар ажиллаж байсан З.Энхболдод хувьчлалын бурууг ч тохож л байдаг. Харин З.Энхболд “Цэнхэр ягаан тасалбарыг шалгаад юу ч олж долоохгүй” хэмээн мэдэгдэж байсныг санаж байна. Энэ үед буюу 1996 оноос Ерөнхий сайдаар М.Энхсайхан, Ц.Элбэгдорж, Ж.Наранцацралт, Р.Амаржаргал нар ажиллаж байсан учраас эдгээр нөхдөөс ч бурууг хайсаар ирсэн. Нэгэнт л төрөөс хувьчлалын асуудлыг шалгаж байгаа бол бүгдийг нь шалгаж, нэг талд нь гаргах хэрэгтэй. Өнөөдрийн Төрийн тэргүүнээс эхлээд хувьчлалтай холбогдох олон эрх мэдэлтэн байгааг ч орхих ёсгүй.  

Энэ мэтээс харахад эрх мэдэл, мэдээлэлд ойр байсан нөхөд хувьчлал нэрээр шууруулчихсан байдал ажиглагдах хэдий ч хууль дүрэм гэж нэг зүйл бий. Хамгийн наад зах нь шалгах, хянахаас эхлээд үйлдвэр объект, орд газар эзэмшиж байгаа аж ахуйн нэгж байгууллагуудтай харилцан ойлголцохоос эхлэх баймаар. Гэтэл шуудхан л “авна, хураана” гэдэг нь тохиромжгүй зүйл.

Хамгийн сүүлийн жишээ дурдахад, АН-ын бүлгээс тэтгэврийн доод хэмжээг нэмэгдүүлэх хуулийн төсөл санаачилж, эх үүсвэр болох 400 орчим тэрбум төгрөгийг Цагаан суваргын орд газрыг эдийн засгийн эргэлтэд оруулан, босгоно хэмээн мэдэгдсэн. Гэтэл Цагаан суварга нь төрд биш, хувийн хэвшилд байдаг. С.Одонтуяа тэргүүтэй гишүүд шууд л мөнгөний эх үүсвэрийг Цагаан суваргаас босгоно хэмээн дээрмийн шинжтэй мэдэгдэл хийж байна. Тус орд газрыг эзэмшдэг МАК компани орд газарт 400 сая ам.доллараа оруулчихсан гэдгээ мэдэгдэж байсан. Их наядаар тооцогдох хөрөнгөө оруулчихсан компани “Май, үүнийг ав” гээд зүгээр өгчихгүй. Тэгэхээр булаах хэрэг үү. Орд газрыг өгч авах тухай нэг ч яриа төр хувийн хэвшил хоёрын дунд өрнөөгүй байхад ийн мэдэгдэж суугаа нь цаашид төр иргэнээсээ юуг ч хамаагүй булаан авах нь гэсэн ойлголтыг төрүүлж байна.

Мөнхүү менежментын хувьчлалаар хувьд очсон “Асса” циркийн хувьчлалын асуудлыг эргэн харна, төрд буцаан авна хэмээн Соёлын сайд С.Чулуун мэдэгдсэн. Жүжигчин Д.Сосорбарамын өмчлөлд байдаг “Ард” кино театрыг ч буцаан авах тухай мэдэгдэв. Энэ мэтийг шалгах ёстой бол шалгаж таарна. Буруутгах аргагүй. Тэр тусмаа “Асса” циркийн хувьд шалгах нь зүйн хэрэг гэдгийг мэргэжлийн байгууллагаас ч удаа дараа мэдэгдэж байсан. О.Магнай ШӨХТГ-ын даргаар ажиллаж байхдаа тус асуудлыг хөндөж эхэлсэн байдаг. 

Хамгийн наад зах нь Монголын циркийн урлаг гудамжинд гарчихсан байгааг ч хувьчлалтай холбож ойлгохоос өөр аргагүй. Өнгөрөгч 2018 онд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс захирамж гаргаж бусдын гарт ороод байгаа стратегийн болон стратегийн бус 400 гаруй лицензийг төрд авахаар болсон. Тиймээс энэ ажиллагааны салхийг хагалж, Салхитын мөнгөний ордыг төрд буцаан авсан билээ. Үүний үрээр ахмад настнуудын тэтгэврийн зээлийг тэглэв дээ. Энэ мэтчилэн хувьчлалаар бусдын гарт очсон орд газар, бусад хөрөнгийг төр шалгана, хураана гэвэл асар урт жагсаалт гарна.

Юуны өмнө Төрийнхөө тэргүүнээс эхлэх байх. Нэгэнт л тодорхой бус хувьчлалын асуудлыг шалгаж байгаа бол бүгдийг нь шалгах ёстой. Жилийнх нь ашиг орлого тэнгэрт /40 шахам тэрбум төгрөг/ тулж байгаа “Баянгол” зочид буудлыг 40-хөн сая төгрөгөөр хувьчилж авсны цаана юу байв. Ашиг орлогоороо Монгол Улсаас бараг хальж байгаа “АПУ” компанийг гэхэд 4.5 тэрбум төгрөгөөр худалдаж авсан байдгийг ч шалгах ёстой. “Мах импекс”-ыг 20 тэрбумын үнэлгээтэй байсныг хоёрхон тэрбум төгрөгөөр хувьчилж авсан гэх мэдээлэл ч хэвлэлээр байнга л үзэгдэх болсон зэргийг эцэслэх хэрэгтэй. Түүнчлэн “Залуучууд” зочид буудал, “Ажнай” Д.Бат-Эрдэнийн эзэмшилд байх “жижиг” Таван толгойн орд газар, бусад үйлдвэр объект,  “Алтан тариа”, “Спирт бал бурам” гээд олон зүйлийг бултаар нь шалгах учиртай. Хувьчлалд хамаарах бол өчүүхэн төдий булан тохой, “00”-ын өрөө байсан ч шалгах нь зүйд нийцнэ. Нэгэнт л баялгийн тэгш олголт бий болгох, хууль ёсны ажил явуулах гэж байгаа бол адил тэгш шалгаж, үлдээхийг нь үлдээж, хураахыг нь хураах учиртай. Хувьцаа нэрээр цөөн төгрөг тараачихаад бүгдийг нь халаасалж суудаг хүмүүс цөөнгүй байгааг ч шалгах учиртай.   

Өнгөрөгч 2018 онд  МИАТ, Хөрөнгийн бирж, Төрийн банк тэргүүтэй 27 аж ахуйн нэгжийг хувьчлах асуудал яригдаад чимээ намдаав. Учир нь өмнөх эмх замбараагүй хувьчлалынхаа учрыг нь олоогүй байхад нэмж өмч хувьчлал ярих нь өрөөсгөл байх. Тэгээд ч энэхүү хувьчлалын асуудал нь захиалгын гэмээр орж ирснийг гишүүд дурдаж байсан. Тэр тусмаа МИАТ бол стратегийн чухал салбар учраас хувьчлах нь зөв үү, буруу юу гэдэгт ихээхэн маргаан дагуулсан. Стратегийн чухал салбар төдийгүй маш эмзэг зүйлийг хувьчлаад эцэст нь цирк шиг болвол яах билээ. Тиймээс одоо хувьчлахаа түр азнаж, өнгөрсөн гучаад жилийнхээ хувьчлалын асуудлыг нэг мөр эргэн харсан дээр гэдэгтэй олон хүн санал нийлэх байх. Нэг улсын туурга дунд нэгэн хууль дүрмийн дор амьдарч байгаа хүмүүнлэг нийгэмд юуны өмнө  тэгш байдал байх учиртай.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Жэнко(210.217.18.79) 2020 оны 11 сарын 08

Стратегийн vйлдвэрvvд болох Мах Ммпекс, Талх чихэр, Милл хаус гурилын vйлдвэпр, Баянгол зочид буудлыг Жэнко Зикагаар дамжуулж хулгайлж авсан! Жэнко буцааж ег!!!

1  |  0
Жэнко(210.217.18.79) 2020 оны 11 сарын 08

Стратегийн vйлдвэрvvд болох Мах Ммпекс, Талх чихэр, Милл хаус гурилын vйлдвэпр, Баянгол зочид буудлыг Жэнко Зикагаар дамжуулж хулгайлж авсан! Жэнко буцааж ег!!!

1  |  0
Жэнко(210.217.18.79) 2020 оны 11 сарын 08

Стратегийн vйлдвэрvvд болох Мах Ммпекс, Талх чихэр, Милл хаус гурилын vйлдвэпр, Баянгол зочид буудлыг Жэнко Зикагаар дамжуулж хулгайлж авсан! Жэнко буцааж ег!!!

1  |  0
Жэнко(210.217.18.79) 2020 оны 11 сарын 08

Стратегийн vйлдвэрvvд болох Мах Ммпекс, Талх чихэр, Милл хаус гурилын vйлдвэпр, Баянгол зочид буудлыг Жэнко Зикагаар дамжуулж хулгайлж авсан! Жэнко буцааж ег!!!

1  |  0
Жэнко(210.217.18.79) 2020 оны 11 сарын 08

Стратегийн vйлдвэрvvд болох Мах Ммпекс, Талх чихэр, Милл хаус гурилын vйлдвэпр, Баянгол зочид буудлыг Жэнко Зикагаар дамжуулж хулгайлж авсан! Жэнко буцааж ег!!!

0  |  0
bat(66.181.191.84) 2020 оны 11 сарын 06

Ter ene geltgui omch huvichilliig dahin yavuulj yagaad bolohgui gej??? Ongorson jiluuded hangalttai ashig olson odoo bolloo bish uu.Odoo dahin huvichlal yavuulaad tegsh garaanaas ehluuleh heregtei bna

0  |  0
Ууу(150.129.140.73) 2020 оны 11 сарын 05

Улсын мөнгөөр баригдсан Чингис зочид буудлыг буцааж өгөө Сүүбатболдоо

0  |  0
Иргэн(192.82.76.79) 2020 оны 11 сарын 05

Бугдийг эргэн шалгах нь зов, Маш замбараагуй хувьчлал Болсон, орон сууцтай нь сууцаа авсан, малтай нь малаа авсан Харин жирийн ажилчин, Албан хаагчид юуч угуй хоцорсон, одоо гуйлагчин болж Байна даа

0  |  0
ЗОЧИН(119.40.98.177) 2020 оны 11 сарын 05

БҮГДИЙГ БУЦААН ТӨР АВАХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ АРД ТҮМЭНИЙ ӨМЧ....

0  |  0
Top