ӨВӨРХАНГАЙ: Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоолоо

2020 оны 11 сарын 11

Улаанбаатар хотод тусгаарлалтад 21 хоноод гарсан иргэнээс коронавирусний халдвар илэрсэнтэй холбогдуулан урд шөнө Улсын онцгой комисс хуралдаж, өнөөдрөөс эхлэн гурав хоногийн хугацаатай нийслэлээс гарах хөдөлгөөнийг хязгаарлаж, бүх шатны сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоосон шийдвэр гаргасан.

Учирч болох эрдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор Өвөрхангай аймгийн Онцгой комисс өнөөдөр өглөө 7:30 цагт шуурхай хуралдаж дараах шийдвэрүүдийг гаргалаа.

1. Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг аймгийн хэмжээнд 11 дүгээр сарын 11-нөөс 14-ний өдрийг хүртэл түр зогсоох

2. Архи, согтууруулах ундааг 11 дүгээр сарын 11-нээс 13-ны өдөр дуустал хугацаанд худалдан борлуулахыг хориглох

3. Олон нийтийг хамарсан сургалт цуглаан, секц, дугуйлан, соёл урлагийн арга хэмжээ, үзвэр үйлчилгээг зохион байгуулахгүй байх

4. Бүх шатны төрийн байгууллага, аж ахуйн нэгж, үйлчилгээний газрууд амны хаалт зүүгээгүй иргэдэд үйлчлэхгүй байх шийдвэрийг гаргалаа.

Аймгаас гарах, орох хөдөлгөөн хэвийн явагдана. Чухал шаардлагагүй тохиолдолд Улаанбаатар хот руу зорчихгүй, гэрээсээ гарахгүй байхыг иргэдэд анхааруулж, эрсдэлээс урьдчилан сэргийлэх хүрээнд дээрх шийдвэрүүдийг гаргаж байгаа тул олон нийтийг айдаст автахгүй, тайван байхыг аймгийн Онцгой комиссоос зөвлөв.

Улсын онцгой комисс халдвар илэрсэн иргэний явсан маршрутыг тогтоон, нийт иргэдэд мэдээлж, ойрын болон дам хавьтлыг илрүүлэн ажиллаж байна.

 

Top