ХӨЛ ХОРИО ба ХОРИГ

Автор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 28

Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-аас баталсан 2021 оны төсөв болон дагалдах хуулиудад бүхэлд нь хориг тавьсныг Сангийн сайд хэлбэрийнх нь хувьд шүүмжлэв.

Харин агуулгатай нь санал нийлж буй эсэхийг төсвийн тодотгол харуулах учиртай.  Сангийн сайд ирэх оны төсвийг хугацаанд шахагдан батлах үеэр төсөвт тодотгол хийнэ гэдгээ мэдэгдсэн. Ямартай ч УИХ эхний ээлжид  Ерөнхийлөгчийн хөл хорионы үеэр тавьсан хоригийг хэлэлцэх нөхцөл үүслээ. Хуулиараа УИХ  Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг 14 хоногийн дотор хэлэлцэн шийдвэрлэхээр заалттай. Хоригийг  тухайн өдрийн хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёр нь хүлээж аваагүй бол хууль, УИХ-ын шийдвэр хүчин төгөлдөр хэрэгжинэ.

Тэгвэл Ерөнхийлөгч Х.Баттулга энэ удаагийн хоригоо ирэх оны төсөвт хэсэгчлэн бус бүхэлд нь тавьсан учраас УИХ-ын гишүүдийн дийлэнх олонх хүлээж авах магадлал бага байгаа юм. Хэрэв зарлага тал дээр хэсэгчлэн хориг тавьсан бол УИХ-ын гишүүдээс дэмжлэг авах өндөр хүлээлт бий.

Гэхдээ энэ удаагийн хориг цар тахлын улмаас тавьсан хөл хорионы үетэй давхцаж буй гэдгээрээ онцлог. УИХ өнгөрсөн сард ирэх оны төсвийг хэлэлцэн батлах үед Ерөнхийлөгчийн зүгээс цар тахлын үед төсвөөс өрх бүрт нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх саналаа илэрхийлсэн. Тэр саналыг Засгийн газар зарчмын хувьд дэмжээгүй бөгөөд УИХ төсвийг хуулийн хугацаанд баригдан яаруу сандруу баталсан юм. Тиймээс  Ерөнхийлөгч цар тахлын үеийн нөхцөл байдлаар үндэслэлээ болгон хориг тавих эрхээ эдэлж буй хэрэг. Тэрбээр хориг тавих үндэслэлээ “Дэлхий дахинд тархаад байгаа   /КОВИД-19-ийн цар тахал дотоодод алдагдаж, нөхцөл байдал 2021 оны төсвийг УИХ-аар хэлэлцэж байх үеэс эрс хүндэрч, цар тахал улс орон, ард иргэдийн амьдралыг орвонгоор нь өөрчилж мэдэх эгзэгтэй, хүнд цаг үе тулгарч байна.  Гэвч 2021 оны улсын төсөв нь цаг үеийн шаардлагад нийцээгүй төдийгүй, төсвийн урсгал ба хөрөнгө оруулалтын зардалд  хатуу шалгуурыг тогтоон, үрэлгэн байдлыг бүрэн халж чадаагүй, улсын болон дэлхийн эдийн засагт үүсээд байгаа нөхцөл байдлыг олон талаас нь бодитойгоор дүгнэж, төсвийн бодлогод тусгаагүй байна гэж Монгол Улсын Ерөнхийлөгч үзэж байна. Тухайлбал, УИХ-ын гишүүд ард иргэдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалахад амин чухлаар хүлээгдэж байгаа вакцины тухай мэдсээр байж гарсан даруйд нь худалдаж авах хөрөнгийг төсөвт тусгалгүй, гадны зээл тусламжаар шийдвэрлэнэ гэсэн хоосон мөрөөдөлд хөтлөгдөн, улсын төсвийн бодлогод хүйтэн хөндий, сэтгэлгүй хандсан нь дэндүү хариуцлагагүй үйлдэл мөн” хэмээн тайлбарлажээ. Улмаар  ирэх оны төсвийн нийт зардлыг 20 хувиар хэмнэж, хүндрэл бэрхшээлийг даван туулахад зориулсан эрсдэлийн сан байгуулах, өрх бүрд нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх, төсвийн хэмнэлтээр бий болсон хөрөнгийн тодорхой хувийг коронавируст халдварын эсрэг вакцин худалдан авахад зарцуулж, иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах, ЖДҮ болон үйлчилгээний салбарыг дэмжихийг санал болгож байгаа. Ерөнхийлөгчийн зүгээс УИХ-д тавьсан энэхүү саналууд нийгэм, тэр дундаа бизнес эрхлэгчдийн зүгээс ихээхэн дэмжлэг хүлээж эхэллээ. Бизнесийн салбарынхан өрх бүрд очих нэг сая төгрөгийн  бэлэн болон бэлэн бус дэмжлэг өрхийн хэрэглээгээр дамжин эдийн засгийг дэмжинэ гэж харж байгаа аж. Энэ утгаараа дангаар төсөв батлах эрхтэй УИХ-ыг Ерөнхийлөгч нийгмийн дэмжлэгээр шахаанд оруулж буй.

Харин  Сангийн сайд Ч.Хүрэлбаатар "Ерөнхийлөгчийн 2021 оны төсөвт тавьсан хоригийг хараад сууж байна. Уламжлал ёсоороо алдаатай, зөрчилтэй хориг болжээ. Төсөвт бүхэлд нь эсвэл, хэсэгчлэн хориг тавьдаг. Бүхэлд нь хориг тавихдаа Эрүүл мэнд, нийгмийн даатгалын санд хориг тавихгүйгээр зөвхөн Улсын төсөвт хориг тавьжээ. Алдаагүй юм хийж болдоггүй л юм байх даа" хэмээн шүүмжилсэн. Ерөнхийлөгч болон Сангийн сайд хоёрын төсөв дээрх маргаан энэ удаагийнх анхны биш  бөгөөд мөн эцсийнх ч биш гэдгийг өнгөрсөн хугацааны үйл явдлууд баталдаг. Ерөнхийлөгчийн  бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлсэн 2017 оны дундаас хойш төсөвтэй холбоотойгоор энэ удаагийнхтай нийт таван хориг тавиад байгаа юм.

2017.11.03-Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль болон Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль тус бүрт бүхэлд нь хориг тавив.

2017.12.05-Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2018 оны төсвийг хэт үрэлгэн байна хэмээн үзэж Төсвийн тухай хуулийн зарлагын хэсэгт хориг тавив.

2018.11.15-Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хууль болон дагалдан батлагдсан хуулиуд, УИХ-ын тогтоолуудад бүхэлд нь хориг тавив.

2019.12.03-Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хууль болон түүнийг дагалдан батлагдсан зарим хуульд хэсэгчлэн хориг тавив.

2020-11.25-Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хууль болон дагалдан батлагдсан хуулиудад бүхэлд нь хориг тавилаа.

Ерөнхийлөгчийн зүгээс энэ мэтээр төсөвт хоригт тавих бүрдээ үрэлгэн зардал, хэт өндөр алдагдлыг шүүмжилж ирсэн бол улс төрийн хүрээнийхэн үүнийг Ерөнхийлөгч Х.Баттулга, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нарын хоорондын зөрчил гэж тайлбарлах нь бий. Учир нь УИХ-ын гаргасан  хуулийн төсөл, тогтоолд тавьсан хамгийн анхны хоригоо Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын томилгоогоор эхлүүлж байсан юм. 2017 онд Ерөнхий сайд У.Хүрэлсүх кабинетаа бүрдүүлж, УИХ-аар томилуулахад Ерөнхийлөгч Засгийн газрын гишүүдийг томилох тухай УИХ-ын 58 дугаар тогтоолд хэсэгчлэн хориг тавьж байлаа. Энэ нь Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын томилгоог эсэргүүцсэн явдал байсан. Тухайн үед УИХ Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж аваагүй. Ерөнхийдөө Ерөнхийлөгчийн зүгээс УИХ-ын хуулийн төсөл, тогтоолд нийтдээ арав гаруй удаа хориг тавиад байгаа бол үүнийхээ тэн хагасыг Сангийн сайд Ч.Хүрэлбаатарт зориулан хаягласан байдаг. Ээлжит удаагийнх нь хөл хорионы үеэр гэдгээрээ онцлог. Мөн УИХ  цар тахлын үед шаардлагагүй төсөл арга хэмжээнд зориулан их наяд төгрөг баталсан нь зохих ёсны хэмнэлт дутагдаж буйг илтгэж байгаа юм.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Mariane(156.0.213.4) 2020 оны 12 сарын 14

Сайн байцгаана уу хатагтай нар аа\nНамайг Мме Мариане ДУМОУЛИН гэдэг, би санхүүгийн чиглэлээр мэргэшсэн, томоохон санхүүгийн байгууллагыг төлөөлдөг.\nТанд зээл хэрэгтэй юу? Хэрэв хариулт нь тийм бол\nЗээлийг буцааж өгөх боломжтой бүх хүмүүст санал болгож байна.\nБид 5,000-5,000,000 еврогийн хооронд санал болгож байна\nМанай зээлийн хүү жилд 2% байдаг.\nБид танд тодорхой чиглэлээр туслах болно.\n* Хувийн зээл\n* Хөрөнгө оруулалтын зээл\n* Авто зээл\n* Моргежийн зээл\n* Бусад чиглэлүүд .....\nБидэнтэй имэйлээр холбогдоорой: marianedumoulin20@gmail.com\nwhatsapp: 0033 7 52 43 26 19

0  |  0
Top