Эрчим хүчний хангамж өнөөдөр л эмзэг болчихсон юм биш. Угаасаа монголчууд гэрэл улалзуулж эхэлсэн цагаасаа эхлэн дотоодын хэрэгцээгээ 100 хувь хангаж, эрчим хүчний хувьд тусгаар тогтносон тохиолдол байдаггүй юм билээ. Өнөөдрийн хувьд Монгол Улсын эрчим хүчний суурилагдсан хүчин чадал 1300 МВт. Харин хэрэглээ 1300 МВт хүрч, тэнцжээ. Мэргэжлийнхний хэллэгээр энэ бол аваарын байдал, нэг л газар доголдол үүсэхэд эрчим хүчний систем бүхэлдээ тэг зогсох эрсдэл. Хэрэглэгчдийн бидний хувьд улсаараа гал алдаж, хөлдөж үхэх гамшгийн аюул байж мэднэ. Стандартын шаардлагаар бол эрчим хүчний систем 20 хувийн нөөцтэй ажиллах ёстой байж. Гэвч энэ өвөл системийн хэмжээнд бүх хүчин дайчлан, ямар ч нөөцгүй ажиллаж байна. 2018 онд ч ийм байдлын улмаас улсын тал хэсэг тог цахилгаангүй болж үзсэн.
Тухайн үед Эрчим хүчний хэрэглээний 70 хувиас гадна өвөл хотын дулааны 60 гаруй хувийг дангаараа үйлдвэрлэдэг IV цахилгаан станцын үйл ажиллагаанд доголдол гарснаар нийслэл хот хөлдөх хүртэл эрсдэлд хүрч байлаа. Цахилгаан станцууд бүх хүчин чадлаараа ажиллаж, шаардлагатай тохиолдолд ОХУ-аас авч буй импортоо нэмэгдүүлж байж өвлийг өнтэй давсан. Энэ үеэр бэлтгэл зуух, турбингүй ажилласан. Өөрөөр хэлбэл, ямар гэмтэл саатал гарсан болон ОХУ-аас авч цахилгаан эрчим хүч саатсан үед нөхөх үүсвэр байхгүй нөхцөлд ажилласан гэсэн үг. Ер нь Монгол Улсын эрчим хүчний систем төвлөрсөн төлөвлөгөөт нийгмийн үеийн хуучирсан станцууд, Орос, Хятадын импортоос хараат гэсэн цагтай тэсрэх бөмбөгөн дээр тогтсоор байгаа. Станцуудын насжилтын хувьд 1961 онд ДЦС-2, ДЦС-3 1968 онд, ДЦС-4 1983 онд, Дарханы ДЦС 1965 онд, Эрдэнэтийн ДЦС 1986 онд, Дорнодын ДЦС 1969 онд, Даланзадгадын ДЦС 1980 онд ашиглалтад орсон байдаг. Дэлхийн жишгээр цахилгаан станцын насжилтыг 30-40 жилээр мөрддөг. Энэ нь манай эрчим хүчний эх үүсвэрийн насжилт хэдийнэ 35 жилээс дээш, зарим нь 60-аас дээш жил болсныг илтгэж байна. Өнгөрсөн хугацаанд станцуудаа засаж сэлбэн, нөхөн өргөтгөх байдлаар ажиллуулсаар ирсэн ч өсөн нэмэгдэх хэрэгцээгээ хангаж дийлэхгүй байгаа нь ийм шалтгаантай. Эрчим хүчний хэрэглээ жилд дунджаар 5-8 хувиар өсөн нэмэгдэж байгаа бөгөөд цаашид өндөр хэрэглээтэй үйлдвэр технологийн паркууд баригдсан нөхцөлд шууд 10-20 хувиар нэмэгдэхийг үгүйсгэхгүй. Зөвхөн Оюутолгойн далд уурхайн төсөл ашиглалтад ороход л Төвийн бүсийн эрчим хүчний системд 340 МВт-ын ачаалал шууд үүснэ. Чойрыг тойрсон цементийн үйлдвэрүүдэд 80 орчим МВт-ын хэрэгцээ бий. Энэ мэт мега төслүүд болох Цагаан суврагын ордны эрчим хүчний асуудал мөн адил шийдэгдээгүй, нефтийн үйлдвэр, зэс хайлуулах үйлдвэр, цаашилбал аж үйлдвэрийн цогцолборууд гарч ирвэл 2030 онд нийт 3000 МВт байтугай эрчим хүчний хэрэглээ үүснэ. Азийн хөгжлийн банкнаас хийсэн Монгол Улсын эрчим хүчний салбарын мастер төлөвлөгөөнд төвийн бүсийн эрчим хүчний хэрэглээ 2030 онд багадаа 2309 МВт, их дээ 3734 МВт байх аж. Ердөө өрхүүдийн хэрэглээн дээр хөлж алдаж байгаа Монголын эрчим хүчний салбарын ирээдүй, Монгол Улсын хөгжлийн дүр зураг ийм байна. Мөн сүүлийн хэдэн хоногт эрчим хүчний хэрэглээ өссөнөөр ОХУ-аас авдаг импортын хэмжээ тулсан. Тус улсаас дээд тал нь 245 МВт цахилгаан эрчим хүч авах боломжтой. Эрчим хүчний шинэ эх үүсвэр зайлшгүй шаардлагатай болсныг дээрх үзүүлэлтүүд илтгэж байгаа. Харамсалтай нь, яаралтай шинэ станц байгуулахгүй л бол улсын хөгжил олон арван жилээр ухарна гэдгийг бүгд ярьж хэлдэг боловч яг хэрэгжих шатандаа унасаар байгаа. Эмзэг сэдэв болсон эрчим хүчний хангамжийг нөхөх төслүүдийн эхний зураг 30-40 жилийн тэртээд гарсан нь бий.
Хятадаар айлгаж гацаасан Багануурын цахилгаан станц
Бүр барилгын ажил нь эхэлсэн ч гацсан төсөл бол Багануурын цахилгаан станц. Тэртээ 1986 онд барихаар шийдвэрлэж, 2015 онд концессын гэрээ нь зурагдсан байдаг. Монголдоо л хамгийн том тооцогдох уг төсөл хэрэгжсэнээр Багануурын нүүрсний уурхайг түшиглэн 700 МВт-ын цахилгаан станц байгуулах ТЭЗҮ бэлэн байгаа. Гэвч суурилагдах турбин том гэх технологийн шалтгаанаар үйлдвэрийн ажлыг 2017 онд гацаасан байдаг. Улмаар концесс эзэмшигч талаас турбиныг нь жижигрүүлэх технологийн шийдэл санал болгосон. Анхны ТЭЗҮ-д тусгагдсан 350 МВт-ын хоёр трубины хүчин чадлыг бууруулж 200 МВт-ын хоёр, 300 МВт-ын нэг турбин суурьлуулах шийдэл дэвшүүлсэн юм. Мөн технологийн хувьд хүчин чадлаа 140 МВт хүртэл бууруулан маневрлан ажиллах боломжтой 350 МВт-ын хоёр турбин суурилуулахаар төлөвлөсөн гэж танилцуулсан. Гэвч энэ төсөл нэг хэсэг улстөр-бизнесийн бүлэглийнхний эрх ашигт харшилснаар өнөөдрийг хүртэл гацсан хэвээр байна. Тиймээс хамгийн ойрын хугацаанд бодит ажил болж, эрчим хүчний системийн доголдлыг хаах ирээдүйд өсөн нэмэгдэх хэрэгцээг хангах ач холбогдолтой чухал төсөл бол Багануурын цахилгаан станцын төсөл. Уг төслийн нийт өртөг 1.2 тэрбум ам.доллар. Энэ төслийг гацаах үйл явц “Багануурт цахилгаан станц баригдсанаар Монголын эрчим хүчний салбар Хятадын хяналтад орно” хэмээн зарим хэвлэл мэдээлж эхэлсэн бөгөөд тэр дагуу эрх мэдэлтнүүдийн шийдвэр ч гарсан байдаг. Энэ төсөлтэй зэрэгцэн Төв аймгийн Баянжаргалан сумын нутагт орших Бөөрөлжүүтийн нүүрсний ордыг түшиглэн 300 МВт-ын цахилгаан станц барих төсөл эрчимжсэн. Бөөрөлжүүтийн цахилгаан станцын төсөл мөн л Хятадаас 600 сая ам.долларын санхүүжилт авна.
20 жил яригдсан ч мартагдаагүй Тавантолгойн төсөл
Анх л Таватолгойн нүүрсний ордыг ашиглаж эхлэх зэрэгцэн цахилгаан станц байгуулах асуудал яригдсан байдаг. Гэвч өнөөдөр тус ордод Ухаа худгийн жижиг цахилгаан станцаас өөр бий болсон зүйлгүй байна. Уг нь Тавантолгойн цахилгаан станцын төслийг нийгэм, эдийн засгийн ашиг, агуулгаараа хамгийн төгс гэж тодотгодог. Тавантолгойд цахилгаан станц баригдсан тохиолдолд хамгийн том хэрэглэгч нь Оюутолгойн уурхай. Хөрөнгө оруулалт нь ч Оюутолгойн хөрөнгө оруулагчидтай хамаатай бөгөөд зөвхөн энэ шалтгаанаар хэрэгжилгүй өнөөдрийг хүрлээ. Монголын Засгийн газар уг станцын хөрөнгө оруулалтын талаар Оюутолгойн удирдлагуудтай олон жил маргаан үүсгэсний эцэст энэ онд төрийн мөнгөөр байгуулах шийдвэр гаргасан. Засгийн газар Тавантолгойн цахилгаан станцыг одоо бэлэн байгаа ТЭЗҮ барихаар болсон. Эрчим хүчний яамны тооцооллоор станцын хөрөнгө оруулалт нь Оюутолгой компанийн санал болгож буй саналаас 30 хувь бага, цахилгаан эрчим хүчний өртөг 50 хувь хямд байх хэмнэлттэй гэж үзсэн. Энэ шийдвэрийн дагуу Тавантолгойн нүүрсний ордыг түшиглэн 450 МВт хүчин чадалтай цахилгаан станцыг 2024 он гэхэд ашиглалтад оруулна гэсэн. Ингэснээр Оюутолгой компанийн жилд бүр Хятадаас худалдаж авдаг эрчим хүчнийг Тавантолгойн цахилгаан станц нийлүүлэх боломж бүрдэнэ. Тэр хэрээр Тавантолгойн ордын үнэ цэн өснө.
Эрчим хүчний найдвартай эх үүсвэр бий болгох энэ мэт төслүүд сүүлийн хэдэн жил эрчимтэй яригдаж байгаа. Хэрэгжих шатандаа ч гацах улс төр, эдийн засгийн ашиг сонирхол олон байдаг. Тавантолгой, Багануурын цахилгаан станцуудаас гадна V цахилгаан станц, Шивээ энержи зэрэг өндөр технологийн эрчим хүч, дулааны томоохон эх үүсвэрийг бий болгохыг салбарын эрдэмтэн судлаачдын зүгээс дэмжиж суурийг нь тавиад байсан ч төрийн дэмжлэггүй гацаанд ороод байгаа. V цахилгаан станцын байгуулах газрыг тодорхойлж чадаагүй учраас өмнө нь хийгдсэн төслийн бүх ажил хаягдал цаас болсон бол Шивээ энержи төсөл одоогоор цаасан дээр л хэрэгжиж байгаа. Монгол Улсын хувьд нүүрсний нөөц арвинтай учраас нүүрсний цахилгаан станц өртөг багатай тусдаг. Харин технологийн хувьд хоцрогдож буй гэдэг утгаараа Эгийн гол тэргүүтэй сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдийг зайлшгүй бий болгох ёстой. Энэ байнгын тасралгүй ажиллаж байх ёстой системийн найдвартай байдлаа давхар хангаж чадна, ирээдүйд. Өнөөдрийн хувьд эрчим хүчний эх үүсвэрээ үнэтэй, эсвэл үнэгүй ч хангасан найдваргүй ажиллаж байгаа бодит үнэн. Ийм нөхцөлд аваар осол, аюулгүй байдал алдагдсан тохиолдолд хэн ч сэлэм эргүүлээд нэмэргүй. Эрчим хүчний яам үнэгүй болсон эрчим хүчээ үнэтэй болгох л шийдэл хайж байгаа бололтой. Угаасаа монголчууд үнэгүй шахуу цахилгаан хэрэглэж, цахилгаан станцууд эсвэл нүүрсээ нийлүүлдэг уурхайнууд жилийн жилд алдагдалтай ажилласаар ирсэн. Ер нь төр засаг салбарын мэргэжилтнүүдийн үгийг сонсож, шийдвэрээ гаргадаггүйн гай л юм даа.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 12 )
ЗАСАГ шийдвэр гаргахдаа цахилгааны хэрэглээ гэнэт өсөхийг таамаглаж чадсангүй юү? ЦАХИЛГААНЫ хэрэглээ эрс нэмэгдүүлэхээс сэргийлэх арга хэмжээг урьдчилан авах ёстой байлаа.
Ма.найх шиг 1200 квт гаргагдаг ядуу улс ч байхгүй
Ганцхан атомын цахилгаан станц бариачээ монгол өргөн уудам нутагтай бид чаднаа. Монголчууд чадамжгүй гэж үзвэл Японы 20 жил менежментээ өгөө одоо болноо том тоглоом дэлхий тасарлаа
Ганцхан атомын цахилгаан станц бариачээ монгол өргөн уудам нутагтай бид чаднаа
Erunhiilugchiin shahaand orson zasgiin gazriin bodloggyi syrjin tyyhen shiidveriin buruu yildel.ynegyi heregleeg ard olondoo uguh genee\n.munch uhaalag tyyhen shiidver shyy.
Erchim hvch yalna
Erchim hvch yalna
Даваасүрэнгийн балаг. Нүүрсний станцад зээл олдохоо байсан. Хүссэн ч эс хүссэн Хятадаас өөр санхүүжүүлэх газар олдохгүй. Гэтэл Багануурын станцыг зогсоосон. Эгийн голын УЦС-д бол санхүүжилт олдоно. Харин Оросыг л сөрөх хэрэгтэй.
Багануурын төсөл хужаа орох учир угаасаа ашиггүй асар үнэтэй аюулгүй байдалд маш хортой өмхий хужаа вирусээс болгоомжил.өмхий вирус хятад дэлхийн 18 улстай газар нутгийн маргаантай үүнд Монголыг оруулсан байна билээ өмхий вирус хятадаас болгоомжил.
Үнэгүй шахам тог хэрэглэдэг гэнэ үү хажуугөөр нь авдаг сэргээгдэх эрчим хүчний мөнгө тэгвэл юунд зарцуулагддаг юм бэ
21-р ЗУУНД ОРЧООД ЭРЧИМ ХҮЧНИЙ НЭГДСЭН СИСТЕМГҮЙ ДӨНГӨЖ 1200 Мвт ХҮЧИН ЧАДАЛТАЙ БҮХЭЛ БҮТЭН УЛС ГЭХЭД АРАЙ Ч ДЭЭ. ЭНЭ САЙД АЖИЛ ХИЙХГҮЙ БАЙХ
Хязгаарлалт хэрэгтэй унэгуй юманд нугасгуй хумууст