УИХ-аас “Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай тогтоол”-ыг батлаад арвангурван сарын нүүр үзэж буйг эхлээд тодотгоё.
Оюутолгойн гэрээн дэх өөрсдөдөө ашиггүй зүйл, заалтуудыг засаж залруулах санаачилга гаргах эрхээ эдлэх тухай олон жил ярьсан бидний хувьд 2019 оны арваннэгдүгээр сарын 21-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар баталсан “Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай тогтоол” хүлээлт үүсгэсэн юм.
ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэний ахалсан Ажлын хэсэг дээрх тогтоолын хүрээнд Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ болон төсөлтэй холбогдох бусад гэрээнүүдийг УИХ-ын 40, 57 дугаар тогтоолууд, Монгол Улсын хууль тогтоомжуудад нийцүүлэн, сайжруулах үүрэг хүлээж байгаа.
Тодруулбал, “Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” УИХ-ын тогтоолын төсөл хоёр зүйлтэй.
Нэгдүгээр зүйлээр Оюутолгой төслөөс Монголын талын хүртэх үр ашгийг дээшлүүлэх 8 чиглэлийн ажлыг Засгийн газарт даалгасан.
Тэдгээр 8 чиглэлийн ажлын нэг нь Засгийн газар, “Оюу Толгой”, “Ресурс Лимитед”, “Ти Эйч Ар Оюутолгой”, “Оюу Толгой Нидерланд”, “Рио Тинто интернейшнл холдинг” компанийн 2015 онд байгуулсан Оюу толгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн нэмэлт төлөвлөгөөг Монгол Улсын эрх ашиг, хууль, тогтоомжид нийцүүлэн сайжруулах тухай тусгасан байдаг.
Тодруулж хэлбэл, Дубайн хэлцэл юм. Түүнчлэн Ажлын хэсэг анхны хуралдаанаараа 34 хувийн асуудлаас гадна төслийн эрчим хүчний эх үүсвэр, Дубайн гэрээ, Татварын маргаан гэхчлэн анхаарал татсан сэдвүүдийг хэлэлцэж байв.
Тэгвэл сүүлийн буюу энэ сарын 18-ны өдрийн мэдээллээр Монгол Улсын Засгийн газраас байгуулсан ажлын хэсгийн төлөөлөл, “Рио Тинто” компанийн шинээр томилогдсон гүйцэтгэх захирал Якоб Стаусхолмтай цахимаар уулзаж, үүсээд буй шаардлага, нөхцөл байдлын талаар ярилцсан байна.
Ажлын хэсгийн дарга Л.Оюун-Эрдэнэ төслийн Далд уурхайн бүтээн байгуулалтын зардал их хэмжээгээр нэмэгдэж, төслийн үр ашиг буурсанд сэтгэл зовниж байгаагаа илэрхийлж, төслөөс Монгол Улсад ногдох үр ашгийг эрс нэмэгдүүлэх, холбогдох гэрээнүүдийг засаж сайжруулах, шаардлагатай бол Дубайн гэрээ буюу Оюутолгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөг цуцлах зайлшгүй шаардлагатай байгааг “Рио Тинто” компанид мэдэгдээд байна.
Харин “Рио Тинто” компанийн зүгээс аль болох зөвшилцөх замаар асуудлыг шийдвэрлэж, төслөөс Монгол Улсад ногдох үр өгөөжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн тодорхой саналыг гаргаж харилцан ашигтай хамтарч ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлээд байгаа юм.
Засгийн газрын ажлын хэсгээс өмнө нь “Оюутолгой” төслийн гэрээний хэрэгжилтийг дүгнэх саналыг хөрөнгө оруулагч талд тавьж үүний дагуу уг төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын зардал ихээхэн нэмэгдсэн асуудлыг судалж, тогтоох үүрэг бүхий хөндлөнгийн шинжээч томилж ажиллуулах тусгай хороог “Оюутолгой” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс байгуулахаар өнгөрсөн сарын 30-нд шийдвэрлэсэн.
Тэгвэл далд уурхайн санхүүжилтийн асуудлаар ойлголцлоо нэгтгээгүй байсан хөрөнгө оруулагч талууд Тусгай хорооны хяналт, шалгалтаас урьтан байр сууриа нэгтгээд байна.
Далд уурхайн бүтээн байгуулалтад шаардагдах нийт зардлыг 6.75 тэрбум ам.доллар, үйлдвэрлэл эхлэх хугацааг 2022 оны аравдугаар сар гэж “Рио Тинто” тооцоолсныг “Туркойз Хилл Ресурс” хүлээн аваад буй юм.
Үүний дараа төслийн гол хөрөнгө оруулагч “Туркойз Хилл Ресурс” компани Далд уурхайн санхүүжилтийг шийдвэрлэх хувилбаруудыг зах зээлийн судалгаанд үндэслэн гаргаснаа албан ёсоор мэдэгдсэн.
Хамгийн боломжтой, үр дүнтэй хувилбаруудаар “Оюут” уурхайгаас олборлох алтыг худалдах урт хугацааны гэрээ байгуулах, урьдчилсан худалдаа хийх нөхцлийг худалдан авагч талуудтай тохиролцох, дунд хугацааны бонд гаргах гэж мэдэгдээд байна.
Хөрөнгө босгох хувилбар нь Чалкогийн түүхийг давтах нь гэсэн өнцгөөр харагсад олон байна.
Ер нь асуудлыг үндсээр нь буюу гэрээ, хэлцлийн талаас авч үзье.
Хөрөнгө оруулалтын гэрээний 9.8 дахь заалтад:
9.8. Хөрөнгө оруулагч нь бэлэн мөнгө, техник, тоног төхөөрөмж, түүхий эд, бараа материал, оюуны болон аж үйлдвэрийн өмчийн эрх зэрэг хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийн бүх хэлбэрээр хөрөнгө оруулалт хийх эрхтэй гэж заасан байна.
2015 оны тавдугаар сарын 18-нд Дубайн хэлцлээр далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөөг гаргахдаа олон улсын банк, санхүүгийн байгууллагуудаас мөнгө босгохоор манай талтай тохирч, 14 банкнаас дөрвөн тэрбум ам.долларын зээл авсан.
Мөн төслийн зардал, үнийн тооцоолол ИХ, БАГА хэмжээгээр зөрөх магадлалтай гэдэг дээр хөрөнгө оруулагч тал манай талтай тохирчихсон байдаг.
Тодруулбал, “ТЭЗҮ-ийг боловсруулахад тухайн цаг үеийн тоо баримтад үндэслэдэг тул тооцоолол нь гүйцэтгэлийн үеийн тооцооллоос зөрж болохыг хүлээн зөвшөөрнө гэж заасан.
Хөрөнгө оруулагчид гүний уурхайн олборлолт эхлэх хүртэл шаардагдах хөрөнгийг 100 хувь гаргах бөгөөд Засгийн газрын эзэмшлийн хувьд ногдох санхүүжилтэд LIBOR дээр нэмэх нь 6.5 хувиар хүү тооцно. Үндсэн болон хүүгийн төлбөрийг “Эрдэнэс Оюу толгой”-н ирээдүйн ногдол ашгаас суутгана.
Төслийн санхүүжилт Хувьцаа эзэмшигчдэд ашигтай байх бол хөрөнгө оруулалтыг олон улсын банк, санхүүгийн байгууллагуудаас босгохыг эрмэлзэнэ” гэж заасан байгаа юм.
Тэгэхээр төслийг санхүүжүүлж гаднаас орж ирж буй мөнгөний өсөлтөд оролцогч талуудын хяналт байх нь бизнесийн зарчим талаасаа шударга гэдгийг тодотгоход илүүдэхгүй байх.
Сүүлийн арваны онцлох сэдвүүдийн нэг Оюутолгой төсөл замд гарснаар Монголын эдийн засагт том нөлөө үзүүлсэн. Гэхдээ энэ нь Оюутолгойн гэрээ болон дагалдах бусад гэрээ, хэлцэл дэх бидэнд ашиггүй асуудлуудыг засаж залруулах санаачилга гаргах эрх Монголын Засгийн газарт байх ёсгүй гэсэн үг биш гэдгийг тодотгоё.
Сэтгэгдэл ( 5 )
Oyutolgoi yagaad mongoloos gargaj bgaa zuilee shalguulj bolohgui bgaad horig tavimaar bid yamar yum hedii unetei yum gargaj bgaag medeh erhtei bj toocoo zardlaa nohoj avah yostoig ogloo gej toocmoor sonin ter london shiuhed n tavimaar
Корона г ашиглаад бас нэг нэмээд авлаа көөрхи их мундаг санаа толгоуйтай хүмүүс
дээрэмчдийг монголоос хөөж зайлуул!!!!
Luivarchdiiig huuj garga!
Одоо Оюутолгойн гэрээний зүйл заалтыг олон нийтэд тодорхой байдлаах мэдээлэх хэрэгтэй байна. Яг хэдий хугацаанд ямар хөрөнгө оруулалт хийж, нийт хэдий хэмжээний орлого олох. Үүнээс монгол улсад хэдийг татварт мөн ашиг болгон өгөх. Нийт өр хэд байх гээд.