Хэнтий аймаг жил бүр оны шилдгүүдээ шалгаруулдаг уламжлалтай. Энэ жил Дэлхий нийтийг цочроосон /Ковид-19/ цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалж, албан байгууллагууд зарим саруудад зайнаас ажилласан, олон нийтийг хамарсан үйл ажиллагаа, урлаг соёлын арга хэмжээ хэвийн хэмжээнд зохион байгуулагдаагүй. Мөн дээрх хүндэтгэн үзэх шалтгааны улмаас аймгийн “Оны шилдэг ажилтан”-уудыг шалгаруулахад журамд нийцэхгүй гэж Хэнтий аймгийн Засаг дарга, Засаг даргын орлогч, ЗДТГ-ын удирдлагын бүрэлдэхүүн хурлаараа дүгнэж, МУ-ын Засгийн газар, Улсын онцгой комисс, аймгийн Онцгой комиссын үүрэг даалгаврыг хэрэгжүүлэн, гамшгаас хамгаалах Бүх нийтийн бэлэн байдал, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хөл хорионы үед 24 цагаар жижүүрлэн ажилласан албан байгууллагуудыг шагнаж, урамшуулахаар боллоо.
Цар тахлаас урьдчилан сэргийлж, хүн ардын эрүүл мэнд, аюулгүй амар тайван байдлыг ханган шуурхай ажилласан Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Эрүүл мэндийн газар, Зооноз өвчин судлалын төв, орон нутгийн сумдаа хошуучлан ажилласан Бор-Өндөр сумын Онцгой комиссыг тус бүр нэг сая /нийт 6 сая/ төгрөгөөр урамшуулахаар болжээ.