Монголын Улсын засаглалын гурван институцийг толгойлж буй гурван эрхэм тус бүрдээ ард түмэндээ хандан шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлэв. Төрийн тэргүүний хувьд өрх бүрд нэг сая төгрөг тараах санаачилгаа дахин дэвшүүлж, шударга ёсны тэмцлийг үргэлжлүүлэхийг сануулсан бол УИХ-ын дарга эрх зүй, эдийн засаг нийгмийн гурван хувьсгалыг ирэх онд эхлүүлэх тухай сануулж, гүйцэтгэх засаглалын тэргүүн цар тахлын үед толгойлж буй кабинет нь хэрхэн ажилласан тухай тайлагналаа. Дэлхийн улс орнуудын төрийн өндөр албан тушаалтнуудын мэндчилгээг харвал рациональ, юуг хэрхэн хийв гэдгээ тодорхойлж байв. Харин манай төрийн гурван өндөрлөг эмоц давамгайлсан, зөвхөн нэг зүйлд анхаарсан гэдгээрээ арай дутуудсан гэж дүгнэхээр байлаа. Гэхдээ УИХ-ын даргын мэндчилгээ агуулгаараа ч, хөндсөн асуудлаараа ч, нөгөө хоёроосоо илүү жин дарсан мэндчилгээ байсан гэж дүгнэж болохоор байв. Төрийн гурван өндөрлөгийн шинэ жилийн мэндчилгээг уншигч та бүхэнд задлан танилцуулъя.
Шударга ёс, нэг сая
Төрийн тэргүүний үгийг дөрөвхөн үгэнд багтаа гэвэл шударга ёс, нэг сая гэж дүгнэж болохоор байв. Шинэ оны өмнөхөн өрх бүрд нэг сая төгрөг тараах санаачилгаа парламентад зүтгүүлээд унасан Ерөнхийлөгч он солигдох мөчид энэ санаагаа дахин зүтгүүллээ. Ерөнхийлөгч энэ удаад шинэ зүйл ярьсангүй. Төрийн тэргүүний цулбуурыг атгаснаасаа хойш хэлсэн шударга ёс, шударга ёсны тэмцэл гэдгээ ч энэ удаагийн мэндчилгээндээ дурдлаа.
“...Сүүлийн гурван жилийн хугацаанд хууль хяналтын байгууллагын нийт албан хаагчид маань олигархуудын оффшор бүсэд нууцалсан асар их хэмжээний хууль бус хөрөнгийг нь илрүүлж, буух эзэнтэй, буцах мөртэй эзэн холбогдогчдыг нь тогтоосоор байна...” гэж Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга шинэ жилийн мэндчилгээндээ дурдав.
Мэндчилгээний энэ хэсэг олон хүний анхаарлыг татна. Учир нь оны өмнөхөн Ерөнхийлөгч Х.Баттулгын гадаад дахь оффшор дансны тухай мэдээлэл гаднын сайтад гарсантай холбоотой. Нэр хүнд, мэдээллийн даац зэргээрээ том нэрнүүдтэй өрсөлдөхгүй бага сайтууд дээр гарсан нь мэдээллээ дахин нягтлах шаардлагатай гэдгийг дээрх мэдээлэл харуулсан. Гэхдээ Ерөнхийлөгчийн сонгуулийн үнэр ханхийж байгаа энэ цагт улс төрийн өнгө будгаар дээрх мэдээллийг баахан сэвсэн гэдгийг анхаарах хэрэгтэй.
Ерөнхийлөгч эхний хэсэгтээ монголчуудынхаа анхаарлыг татах эв хавгүй улиг болсон үг хэлсэн бол хоёр дахь хэсэгтээ өрх бүрд нэг сая төгрөг тараах санаачилгаа дурдан, гурав дахь хэсэгтээ шударга ёсны төлөөх тэмцэл саарах ёсгүйг сануулсан. Үүнийг сануулахдаа Ерөнхийлөгч л өнгөрсөн жилүүдэд шударга ёсны тэмцэл эхлүүлэх үйлсэд оройлсон боловч хэн ч үүнийг тоогоогүй гэсэн хохирогчийн байр сууринаас хандсан гомдлын үгийг хэлж орхив. Ийнхүү үндсэн гурван хэсгээс бүрдсэн Ерөнхийлөгчийн үг утга найруулгын хувьд тааруу, үндсэн санаагаа илэрхийлэхийн тулд тоо баримт нэг ч дурдаагүй, Төрийн тэргүүний хувьд жин дарж чадахгүй мэнчдилгээ байсан гэж дүгнэхээр байна.
Үндэсний гурван хувьсгал
Бас ямар хувьсгал вэ гэж уншигч та бодож байгаа нь лав. Хууль тогтоох байгууллагын тэргүүн Г.Занданшатарын шинэ жилийн мэндчилгээний үндсэн санаа нь үндэсний гурван хувьсгал байлаа. Төрийн тэргүүний мэндчилгээг бодвол хийц, агуулга, дэвшүүлсэн санааны хувьд маш том мэндчилгээ байсан гэж дүгнэж болно. Энэ онд тохиож буй Ардын хувьсгалын 100 жилийн тэгш ойд барьж буй бэлэг нь үндэсний гурван хувьсгалыг эхлүүлэх явдал гэдгийг мэндчилгээндээ онцоллоо. Эрх зүй, эдийн засаг, нийгмийн гэж тодорхойлсон дээрх гурван хувьсгал ирэх жилүүдэд Монгол Улсын хөгжлийг зураглах хөшүүрэг гэдгийг түүний мэндчилгээнээс тодорхой харж болно. Өнгөрсөн жилийн мэндчилгээ нь хэт ерөнхий, тоон мэдээлэл багатай байсан бол энэ жилийн мэндчилгээ илүү өргөн агуулгатай байсан гэдгийг онцгойлох нь зүйтэй. Түүнчлэн тоо баримт, статистик, дата мэдээлэл оруулах гэж хичээсэн нь хэлсэн үгнээс нь харагдаж байв.
“...Нэгдүгээрт, хууль засагласан эрүүл нийгэм, шударга ёс, сахилга хариуцлагыг эрхэмлэж, иргэнээ дээдэлсэн төрийг төлөвшүүлэх эрх зүйн хувьсгал, хоёрдугаарт, өсөлтийн үр шим нь өрх иргэн бүхэндээ хүрсэн дундаж давхарга зонхилсон, ядууралгүй, экспорт эрчимжсэн, тогтвортой хөгжлийн өөрийгөө тэтгэх бүрэн чадавхтай улс болох эдийн засгийн тогтолцооны хувьсгал, гуравдугаарт, эрдэм авьяастай, эрүүл чийрэг, хүнлэг, ёс суртахуунтай, дэлхийн түвшний Монгол хүнийг төлөвшүүлж, авлигагүй амар тайван нийгмийг цогцлоон бүтээх нийгмийн хувьсгалыг хийх эрхэм зорилтыг тавин хэрэгжүүлж байна...” гэж УИХ-ын дарга Г.Занданшатар мэндчилгээндээ дурдсан юм.
Төрийн дээд албан тушаал хашиж буй эрхмүүдээс С.Баяр Ерөнхий сайд болмогцоо их хурлын индэр дээрээс таван төгөлдөршил ярьснаас хойш хүмүүсийн чихэнд хоногших, анхаарлыг татах үг нь үндэсний гурван хувьсгал гэх санаа байлаа. Монгол төр ирэх жилүүдэд ямар бодлого баримтлах ёстой вэ гэдгийг цогцоор нь хөндсөн гэдгээр нь түүний мэндчилгээг үнэлэх ёстой. Хамгийн гол нь цахим шилжилт, технологи, боловсрол, дундаж давхаргыг нэмэгдүүлнэ гэж хэлснийг нь тодоор тэмдэглэх нь зүй. Гэхдээ цогц бодлого дурдсан ч цар тахлын дараах Монгол Улс ямар дүр төрхтэй байх тухай дурдсангүй. Монгол Улсад барагтай байгаа нөөцөө хэрхэн зөв хуваарилах, төрийн сангийн мөргийг зүй ёсоор хэрхэн зарцуулах тухай яриагүй мөртөө хийж хэрэгжүүлэх баахан зүйлээ дуржигнуулаад өнгөрснийг хэлэх хэрэгтэй. Мөнгө, үнэгүй зүйлсэд дуртай манайхан тэтгэврийн зээлгүй ахмадуудад нэг удаа нэг сая төгрөг тараах тухай хэсгийг нь олж харж, онцгойлсон болохоос агуулгын хувьд хувьсгал хийх тухай онцгой санаа дэвшүүлснийг нь төдийлөн тоож харсангүй, хэвлэл мэдээлэл нь ч тэр.
Цар тахал, бүтээн байгуулалт
Гүйцэтгэх засаглалын тэргүүн, Ерөнхий сайдын мэндчилгээ ард иргэддээ хандан коронавируст цар тахлаас сэргийлэхэд ямар ажил хийсэн, цаашид юу хийх тухайгаа товч дурдсан мэндчилгээ байлаа. Мэндчилгээ гэхээс илүү тайлан, танилцуулга лугаа байсныг энд дурдах нь зүйтэй. Мэндчилгээний хэлбэрийн хувьд олон улсад тогтсон стандартыг мөрдсөн боловч дата дээр суурилсан, түүнийг дэлгэрүүлсэн зүйл төдийлөн харагдсангүй.
“...Амаргүй бэрх цаг үе тохиолдож байгаа ч улс орны маань хөгжил дэвшилд амин чухал ач холбогдолтой олон жил яригдсан томоон бүтээн байгуулалтын ажлуудыг бид тасралтгүй үргэлжлүүлж байна. Үүний зэрэгцээ хууль бусаар бусдад алдагдсан Эрдэнэт үйлдвэр, МонголРосЦеветмет, Багануур, Бор-Өндөр, Ноён уул, Асгат, Салхит, Гутайн даваа, Тос Тосон бумбын орд, Хармагтайн орд зэрэг газруудыг төрийн мэдэл, ард түмний өмчлөлд эргүүлэн авлаа...” гэж Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэндчилгээндээ онцолсон юм.
Ерөнхий сайдын мэндчилгээний эхний хэсэг коронавируст цар тахалтай холбогдуулан хийсэн ажил, вакцин нийлүүлэх талаар дурдсан бол хоёр дахь хэсэгт цар тахлын амаргүй цаг үед олон жил маргааны алим шидэж, эрх мэдэлтнүүдийн халаасанд орох дээрээ тулаад байсан томоохон орд газруудыг төрийн мэдэлд авсан тухай онцгойлн дурдав. Харин сүүлийн буюу гуравдугаар хэсэгт улс орны нийгмийн байдлыг ерөнхийд нь дурдаад Ардын хувьсгалын 100 жилийн ойг угтан хийх ажил их байгааг сануулсан юм. Магадгүй УИХ-ын даргын хэлсэн үг гүйцэтгэх засаглалын тэргүүний хувьд хэлэх ёстой үг ч байсан байж мэднэ. Эрүүл мэндийн яамнаас 11:00 цагт хүргэдэг ээлжит мэдээлэл шиг эхэлснийг эс тооцвол агуулгын хувьд байж болох мэндчилгээ. Гэхдээ Ерөнхий сайдын мэндчилгээ гэж харвал даацын хувьд хэтэрхий сул байлаа.
Тэд ингэж мэндчилдэг
Он солигдох мөчид бусад улс орнуудын төрийн өндөрлөгүүд ч мэндчилгээ дэвшүүлдэг уламжлалтай. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин энэ удаад эв нэгдлийг чухалчилсан мэндчилгээ дэвшүүллээ. Амаргүй цаг үеийг туулж байгаа ч ОХУ-ын ард түмэн эв нэгдэлтэй байж чадвал үүнийг даван туулж чадна гэдгийг мэндчилгээндээ онцлов. Энэ онд тохиох эх орны дайны ялалтын 75 жилийн ойг угтан аюулт өвчнийг даван туулж, бүтээн байгуулалтдаа анхаарах нь орос хүн бүрийн үүрэг гэдгийг хэлсэн үгэндээ дурдлаа. Түүний мэндчилгээ сэтгэл хөдлөл дээр түшиглэсэн, ард иргэддээ таалагдах гэсэн санааг нь харвал манай гурван өндөрлөгийн мэндчилгээтэй илүү төстэй байсныг дурдах нь зүй.
Урд хөрш БНХАУ-ын дарга Си Зиньпин мэндчилгээндээ коронавируст цар тахлын бэрх цагийг дурдаад ард түмний эв нэгдэл энэ цаг үеийг даван туулна гэдгийг онцлов. Түүнчлэн ирэх жил 14 дүгээр таван жилийн төлөвлөгөө эхлэх бөгөөд үүндээ технологийн өндөр хөгжилд хүрэх ёстой гэдгийг тодотголоо. Инновацийн шийдлүүд нь ирээдүйн хятад орныг цогцлоон бүтээгээд зогсохгүй батлан хамгаалах салбарт ч технологийн шинэ тутам ололт амжилтуудыг нэвтрүүлнэ гэдгийг мэндчилгээндээ дурдсан юм. Энэ жил БНХАУ-ын Коммунист намын 100 жилийн тэгш ой тохиож байгаа бөгөөд их ойг угтсан бүтээн байгуулалтын ажил эхэлснийг дуулгасан юм.
Өмнөд Солонгсоын Ерөнхийлөгч Мүүн Же Ин коронавируст цар тахлын үеэр ямар ажил өрнүүлснийг товч дурдаад ирэх жилүүдэд баримтлах хөгжлийн бодлогоо дурдсан юм. Үүнээс хамгийн онцлууштай зүйл нь Солонгосын хойгт энх тайвныг цоглоох, Умард Солонгостой нэгдэх тухай санаачилгыг улам хөгжүүлж 2032 оны олимпыг хамтран зохион байгуулах өрсөлдөөнд орох тухайгаа дурдав. Энэ жил Өмнөд Солонгос Японы дарлалаас мултарсны 100 жилийн ой, дөрөвдүгээр сарын хувьсгалын 60 жил, Ардчилсан хөдөлгөөний 40 жилийн ой тохиож байгаа тул бүтээн байгуулалтын цогц ажил төлөвлөсөн гэдгээ зарласан юм. Умардтай нэгдэх санаачилга ч дээрх тэгш ойнуудыг угтсан ажил гэдгийг хэлсэн үгэндээ онцоллоо. Өмнөд Солонгосын ард иргэд коронавируснээс үүдсэн эдийн засгийн хүндрэлийг даван туулах гол хөшүүрэг тул иргэдээ, өрхөө дэмжсэн нэг удаагийн тусламж болон урт хугацааны хөтөлбөр хэрэгжүүлнэ гэдгээ ч амлав.
Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон 2021 оныг их сорилтын жил гэдгийг онцоллоо. Нэг талаар коронавируст цар тахлаас шалтгаалсан эдийн засгийн хямралтай тэмцэх бол нөгөө талаар Европын холбооноос гарсан үйл явцаас шалтгаалж ирээдүйд үүсэж болох сорилтуудыг тооцоолох амаргүй ажил ирснийг Борис Жонсон онцолсон. Хамгийн гол нь Их Британи 2021 оноос эхлэн өөрийнхөө асуудлыг зөвхөн өөрсдөө л шийдэх тусгаар улсын бүрэн эрхтэй болсныг онцоллоо.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 1 )
Энэ 3 ыг харахаар Монголыг 2 биш бүр 3 хуваах гэж байгаа дайснууд шиг харагддаг болоод удаж бна доо. Залхаж байна.