Хүн амьдралынхаа туршид олон янзын ачаа үүрч явдаг шиг байгаа юм. Шинэ оны заагт гэр, гэр өөдөө яарсан хүмүүсийг ажжээ байх нь ээ баярын бялуу, шампанкс, үр хүүхдэдээ бэлэг, эхнэртээ хоол хүнсний юм базаагаад хөл хөнгөн дэгдэж байх. Огтоосоо баярын уур амьсгал царай төрхөнд нь тодроогүй нэгэн буурай өөрөөсөө том шуудайтай юм үүрчихсэн алхаж явах. Энэ бол ямар нэгэн амттан, бэлэг сэлт биш амьдралын хүнд ачаа. Тиймээс л тэр баяр хөөргүй, гундуу, гунигтай яваа юм. Саяхан учирсан болов уу гэмээр залуухан хос гараасаа хөтлөлцчихсөн “хайр”, “аз жаргал”-аас өөр гэгээн ачаагүй ханилан алхах. Өнгөрсөн цаг хугацаанд хэдий их хөдөлмөр, зүтгэл гаргасан бэ, хэр өгөөмөр сэтгэлтэй байсан бэ гэдгийг нь түүний үүрч дүүрч яваа ”ачаа” хэлээд өгөх шиг санагдана.
Турьхан биедээ даамгүй амьдралын их ачаа үүрчихээд санаа алдан суугаа бүсгүй хүнийг хараад хэчнээн өрөвч нинж байсан болохоор ийм их ачаа үүрэх болов гэж бодогдоно. Магадгүй тэр хэн нэгэнд итгэж, хэн нэгнийг хайрласнаараа өөртөө ачааны хүндийг авсан биз ээ. Нуруун дээрээ салхинаас өөр ачаагүй хөнгөн, хөнгөмсөг залуус ч олонтаа таарна. Тэд хамаг ачаагаа ээж аавдаа, эсвэл эхнэртээ үүрүүлчихээд ийн дэвж явдаг болов уу. Хаашаа ч холбирч мэдэх тэн нь хөнгөдсөн тэмээ шиг туйлж яваа залууст хүсэл мөрөөдөл, гэр бүл, эх орон гээд бүхий л ачааг нь эн тэнцүү үүрүүлээд алсын аянд ташуурдмаар санагдах. Хүн бүр амьдралын ачаагаа адил тэнцүү хуваагаад аз жаргалтайгаар үүрч явбал алагхан хорвоо хэчнээн хөнгөн, хэчнээн амар билээ дээ.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )