ЖО БАЙДЕН КОРОНАВИРУСНИЙ УЛМААС ХУРААНГУЙ ДЭГЭЭР ТАНГАРАГ ӨРГӨНӨ
АНУ-ын түүхэнд энэ удаагийн Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолыг коронавирусний цар тахлын халдварын улмаас маш энгийн, хураангуй, хялбарчилсан дэгээр явуулахаар болоод байна. Ардчилсан намаас нэр дэвшин сонгогдсон Жо Байдены тангаргийн ёслол энэ нэгдүгээр сарын 20-ны өдөр болох билээ. Энэ талаар АНУ-ын Конгрессийн Сенат болон Төлөөлөгчдийн танхимын Тангараг өргөх ёслолын асуудал хариуцсан хамтарсан хорооны мэдэгдэлд дурджээ.
Зохион байгуулагчдын мэдээлж буйгаар Төрийн тэргүүнийг албан тушаалд нь залах ёслолын үеэр зохион байгуулдаг ёслолын жагсаалаас татгалзахаар болжээ. Өмнө нь уламжлал ёсоор ёслолын үйл ажиллагааны үеэр хоёр цаг орчмын хугацаанд хэдэн арван мянган хүн шинэ Ерөнхийлөгчийг Цагаан ордонд залах явцыг ажиглан цуглардаг байсан юм. Энэ удаа үүний оронд ёслолын үйл ажиллагааг цахимаар харуулж, хөгжимчид, бүжигчид, жүжигчид онлайнаар тоглолтоо сонирхуулахаар болоод байна.
Тангараг өргөх ёслолын дараа Ерөнхийлөгч Жо Байден болон сонгогдсон дэд Ерөнхийлөгч Камала Харрис нар Капитолын толгодод болдог уламжлалт цэргийн ёслолд оролцоно. Ёслолд коронавирусний үеийн дэг журмыг сайтар хангасан нөхцөлд Америкийн зэвсэгт хүчний агаарын, хуурай болон усан замын бүх төрлийн цэргийн төлөөлөл оролцох юм. Түүний дараа цэргийнхэн Жо Байденыг Цагаан ордонд хүндэтгэн хүргэх ажээ.
Тангараг өргөх ёслолыг зохион байгуулах хорооноос урьдчилан мэдэгдэхдээ АНУ-ын 46 дахь Ерөнхийлөгчийг албан тушаалд нь оруулах үйл ажиллагааны нээлтэд урих хүмүүсийн тоог эрс цөөрүүлнэ гэжээ. Түүнчлэн сурвалжлах сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагын тоог цөөлөхөөр шийдвэрлэсэн байна. Капитолын толгодод болох ёслолд зөвхөн Конгрессын гишүүд оролцох эрхтэй бөгөөд тэд тус бүр ганц зочин урих эрхтэй аж. Ийнхүү сонгогдсон Ерөнхийлөгч Жо Байден тангараг өргөх даруухан ёслолдоо бэлтгэж эхэллээ.
БҮГД НАЙРАМДАХЧУУД СОНГУУЛИЙН ДҮНГ ЗӨВШӨӨРӨӨГҮЙ ХЭВЭЭРЭЭ
Энэ зуур өдгөө албан үүргээ гүйцэтгэж буй Ерөнхийлөгч Дональд Трамп тахимаа өгөх дургүй хэвээр зөрүүдэлсээр байна. АНУ-ын Конгрессын Сенатын танхимд сонгогдсон Бүгд Найрамдах намын Тед Круз тэргүүтэй 11 гишүүн Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг баталгаажуулахыг эсэргүүцнэ хэмээн шинэ он гарангуут мэдэгдсэн юм.
Конгрессын Сенат болон Төлөөлөгчдийн танхим нэгдүгээр сарын 6-нд буюу өнөөдөр хамтран хуралдаж Сонгогчдын коллегийн гишүүдийн санал хураалтын дүнг батлах учиртай. Тэгвэл “Бид энэ нэгдүгээр сарын 6-ны өдөр болох Конгрессын хоёр танхимын хамтарсан хурлаар сонгуулийн дүнгийн маргаантай байгаа муж улсуудын Сонгогчдын коллегийн гишүүдийн саналыг баталгаажуулахыг эсэргүүцсэн санал өгөхөөр төлөвлөөд байна” гэж Техас мужаас сонгогдсон Сенатын гишүүн Тед Круз мэдэгджээ.
Журам ёсоор хоёр танхим тус бүрээс наад зах нь нэг гишүүн аль нэг муж улсын санал хураалтын дүнг батлахыг бичгээр эсэргүүцвэл тус тусдаа хэлэлцэж санал хураах ажээ. Гэхдээ Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг хүлээн авахыг эсэргүүцсэн гишүүдийн саналыг Конгрессын аль нэг танхим хүлээн авахаас татгалзвал Жо Байдены ялалтыг эсэргүүцэгчдийн санал хүчингүй болох учиртай.
Хэдийгээр доод танхим дахь Бүгд найрамдах намын 140 төлөөлөгч Сенатын дээр дурдсан 11 гишүүний саналыг дэмжих магадлалтай ч АНУ-ын Ардчилсан намынхан Конгрессын Төлөөлөгчдийн танхимд олонх суудалтай тул сонгогдсон Ерөнхийлөгч Жо Байдены ялалтыг эсэргүүцсэн Бүгд найрамдахчуудын саналыг дэмжихгүй нь тодорхой юм. Эндээс Тед Круз тэргүүтэй сенатчдын гаргасан санаачилга биелэлээ олохгүй нь тодорхой хэмээн үзэх боломжтой.
ДОНАЛЬД ТРАМП ТАХИМАА ӨГӨХ ДУРГҮЙ БАЙНА
Сонгуулийн сүүлийн дүнгээр Жозефь Байдены төлөө 81,2 сая, Дональд Трампад 74,2 сая сонгогч саналаа өгсөн билээ. Мөн Жо Байден сонгогчдын коллегийн 306 саналыг авсан бол Д.Трамп 232 санал цуглуулсан. Гэвч Дональд Трамп сүүлийн мөч хүртэл тахимаа өгөх дургүй байна. Тэрээр энэ сарын 4-ний өдөр “Ялалтын цуглаан”-д оролцохоор Жоржиа муж улсыг зорьсон юм. Чухам ямар ялалт төлөвлөөд байгааг нь энэ талаар мэдээлсэн The Washington Post сонинд дурдсангүй. Гэхдээ энэ муж улсад болж буй Сенатын танхимын хоёр гишүүний сонгууль ихээхэн учир шалтгаантай.
Ямар боловч нэгдүгээр сарын 5-ны өдөр Жоржиад Сенатын танхимын сонгуулийн хоёр дахь шат болж, түүний үр дүнгээс АНУ-ын Конгрессын дээд танхим болох Сенатад ардчилагчид, бүгд найрамдахчуудын аль нь дийлэнх суудал авч байдлыг хяналтдаа авахыг шийдэх ёстой. Тийм ч учраас тус муж улсаас сонгогдох хоёр сенатор аль намынх байх нь Дональд Трампын сүүлийн найдлагад ихээхэн үүрэг гүйцэтгэхээр байгааг хэвлэлүүд онцолж байна.
Тус муж улсыг зорихынхоо өмнө Дональд Трамп твиттертээ Жоржиад очиж БНН-ын гишүүд болох Дэвид Пердью, Келли Леффлер нарыг дэмжих цуглаанд оролцож үг хэлэхээ мэдэгдсэний зэрэгцээ уг нь тус муж улсад Ерөнхийлөгчийн сонгуульд миний бие ялсан ч санал тооллого эсрэгээрээ гарсан хэмээн жиргэсэн юм.
Түүгээр үл барам, “Би 11780 санал олохыг л хүсэж байна” гэж Жоржиа муж улсын эрх баригчид, тэр дундаа тус мужийн Төрийн нарийн бичгийн даргыг дарамтлан утсаар ярьсан нь нийтэд ил болсон билээ. Тийм хэмжээний санал нэмж олбол Жоржиад ялагдсанаа цайруулж даагаа нэхэх бололцоотой гэж Дональд Трамп үзсэн байна.
The Washington Post сонинд бичсэнээр энэ нь сонгуулийн явцад Д.Трампаас үзүүлсэн эхний дарамт биш аж. Мичиган, Пенсильвани муж улсын төлөөлөгчдөд ч бас тийм ааш гаргаж байсныг хэвлэлүүд дурджээ. Тэр бүү хэл Д.Трамп шинээр бүрдсэн Конгрессын анхны чуулганы үеэр Вашингтонд жагсаал зохион байгуулна хэмээн бухимджээ.
Жоржиа муж улс дахь сонгуулийн үйл ажиллагаа эхэлсэн бөгөөд дүн гарах хараахан болоогүй байна. Хагас сарын дараа болох АНУ-ын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын өмнөхөн сонгогдсон Жо Байден, одоогоор албан үүргээ гүйцэтгэж байгаа Ерөнхийлөгч Дональд Трамп хоёрын хооронд хэсэгтээ маргаан тасрахгүй шинжтэй.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )