Цагаан-Овоо сумын нутгаас чулуун зэвсгийн үеийн эдлэл, хэрэглэл олджээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2021 оны 01 сарын 13

Өнгөрөгч оны хавар Дорнод аймгийн Цагаан-овоо сумын иргэдээс “Соёлын үнэт өв байж болох олдворууд байна” гэж ирүүлсэн мэдээллийн дагуу аймгийн Засаг даргын дэмжлэгээр мэргэжлийн байгууллагууд оролцсон судалгааны багийг байгуулж Цагаан-Овоо сумын нутагт гурван удаа ажилласан юм.

Судалгааны баг Монгол Улс төдийгүй бүс нутгийн хэмжээнд түүх соёлын өндөр ач холбогдолтой томоохон дурсгалт, өвийг олсон талаараа өнөөдөр /2020.01.13/ танилцууллаа.

Соёлын өвийн үндэсний төв, ШУА-ын Археологийн хүрээлэн болон Дорнод аймгийн Засаг даргын тамгын газар, аймгийн МХГ, БСУГ, аймгийн Музейн хамтарсан судалгааны үр дүнд Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын нутгийн газрын хөрсөн дээрээс нэг дор чулуун зэвсгийн дээд үеэс эхлэн шинэ чулуун зэвсэг, төмрийн түрүү үе, хүрэл, хүннү, дундад зууны үед хамраарах ясан сувс, хүрэл хутга, хүрэл зоос, шавар хээтэй хээгүй ваарны савны хагархай, хүрэл товруу, хүрэл зэв, төмөр хутга, зэв, хадаас, төмөр савны үлдэгдэл, төмрийн шаар зэрэг 700 гаруй олдворыг олж илрүүлсэн байна.

Энэ нь тухайн нутагт дэвсгэрт хүмүүс амьдарч, аж ахуйгаа эрхлэн, хөрш зэргэлдээ бүс нутгийн ард түмэнтэй өргөн харилцаатай байсныг нотлон харуулж байгаа талаар тус газар ажилласан багийн судлаачид хэлж байна.

Олдворуудыг аймгийн нэгдсэн мэдээллийн санд бүртгэж, аймгийн Музейн сан хөмрөгт хадгалаад байна. Үргэлжлэн судалгааны ажил явагдаж байгаа бөгөөд нарийн он тооллыг тогтоохоор олдворын дээжийг Япон улс руу явуулахаар төлөвлөжээ. Цаашид дурсгалт газрын хамгаалалтад авах, эрдэм шинжилгээний байгууллагуудтай хамтран дурсгалт газрыг шинжлэх ухааны эргэлтэд оруулах, малтлага судалгаа хийхэд шаардагдах хөрөнгө санхүүгийн асуудлыг шийдвэрлэх зэрэг асуудлууд тулгарч байгааг судалгааны баг хэлж байна.

Тухайн соёлын үнэт өв байж болох тухай мэдээлэл өгсөн 7 иргэнийг аймгийн Засаг даргын захирамжаар урамшуулсан нь иргэд түүх соёлоо хайрлаж, хамгаалах, соёлын өв, орон нутгийн сан хөмрөгт хадгалуулах сэдэл, урам болж өглөө гэж судалгааны багийн гишүүн Соёлын өвийн үндэсний төвийн доктор Г.Анхсанаа дүгнэн хэллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top