АНУ-ЫН 46 ДАХЬ ЕРӨНХИЙЛӨГЧ ЖОЗЕФ БАЙДЕН ТАНГАРГАА ӨРГӨН АЖИЛДАА ОРЛОО
АНУ-ын 46 дахь Ерөнхийлөгч Жозеф Байден орон нутгийн цагаар нэгдүгээр сарын 20, Улаанбаатарын цагаар 20-21-нд шилжих шөнө тангаргаа өргөж ажилдаа орлоо. Түүнтэй хамт дэд Ерөнхийлөгч хатагтай Камала Харрис шинэ ажлынхаа гарааг эхлүүлж байгаа юм. Тэрээр АНУ-ын түүхэн дэх анхны эмэгтэй, өнгөт арьст, Африк америк, нарийвчилж үзвэл Ази гаралтай дэд Ерөнхийлөгч болж байгаа билээ. Тангаргийн ёслолын үйл ажиллагааг Үндэсний гварди, цагдаа, хүчний байгууллагын 25 мянган алба хаагч хамгаалжээ.
Тангараг өргөх ёслолын өмнө Сенат дахь Бүгд найрамдах намын төлөөлөл, сенатч Рой Блант, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байсан хатагтай Эми Клобушар нар үг хэлж, Нэгдсэн Улсын Төрийн дууллыг Леди Гага эгшиглүүллээ. Үүний дараа дэд Ерөнхийлөгч Камала Харрис Үндсэн хуульд үнэнч байх тангараг өргөв.
Ингээд шинэ Ерөнхийлөгч Жозеф Байден ХIХ зуунаас хойш үг үсэг нь өөрчлөгдөөгүй үлдсэн АНУ-ын Төрийн тэргүүний тангаргийг өргөж, ард түмэндээ хандан үг хэлсэн юм. Бараг хоёр зуун дамнан үе үеийн Төрийн тэргүүний андгай болж ирсэн Нэгдсэн Улсын Ерөнхийлөгчийн тангараг нь “Миний бие АНУ-ын Ерөнхийлөгчийн үүргийг чин шударгаар гүйцэтгэж, АНУ-ын Үндсэн хуулийг дээдэлж, сахин хамгаалахын төлөө өөрийн бүх хүч чадлыг дайчлан зүтгэхээ тангараглаж байна. Бурхан намайг ивээх болтугай!" гэсэн үгтэй. Тангараг өргөхдөө Жо Байден гэр бүлд нь 127 жилийн турш хадгалагдан өвлөгдөж ирсэн Библи судар дээр гараа тавин андгайлжээ. Сонирхуулахад Жо Байден нь АНУ-ын түүхэнд Жон Кеннидийн удаах хоёр дахь католик шүтлэгт Ерөнхийлөгч бөгөөд тангаргийнхаа өмнө Вашингтон дахь Матфейн сүмээр зочилжээ.
“Бид ардчилал ямар эмзэг, үнэтэй болохыг дахин мэдэрлээ. Нөхөд минь, өнөөдөр ардчилал яллаа” хэмээн Жозеф Байден үгээ эхэлсэн байна. Шинэ Ерөнхийлөгч ард түмнээ эв нэгдэлд уриалж, Нэгдсэн Улсын иргэдийг нэгтгэн “Бүх америкчуудын Ерөнхийлөгч байх болно” гэдгээ хэдэнтээ илэрхийлжээ.
“Улаантнууд цэнхрүүдтэй \Бүгд найрамдах намыг улаан, Ардчилсан намыг цэнхэр өнгөөр бэлгэддэг\, хотууд тосгодтой, консерваторууд либералиудтай сөргөлдөж байна. Үүнийг бид даван туулах болно. АНУ улс төрийн хэт давруу үзэл, дотоодын терроризмтай тулгарч үзлээ. Үүнийг эсэргүүцэж, ийм байдлыг халж ялах хэрэгтэй. Бурхны өмнө, иргэд та бүхний өмнө би хэзээд Үндсэн хуулиа, Америкийн ардчиллыг хамгаалах болно гэдгээ амлая. Бид хамтдаа Америкийн айдасгүй, итгэл найдварын түүхийг бүтээх болно” хэмээн шинэ Ерөнхийлөгч зарлав.
Түүний хүндэт зочдын дунд АНУ-ын өмнөх Ерөнхийлөгч болох бага Жорж Буш, Билл Клинтон, Барак Обама, тэдний гэргий нар байлцлаа. Гол хүндэт зочдын байранд 200 орчим хүн цар тахлын үеийн бүх дүрэм журмыг баримтлан суужээ. Вашингтонд гадаад орнуудаас суугаа Элчин сайдын яамдын тэргүүнүүд ёслолд уригдсаны дотор Тайваний төлөөлөгч Сяо Мэязинь багтсан нь сонирхол татаж байгаа юм. Тайвань арлын төлөөлөл 1979 оноос хойш Нэгдсэн Улсын Ерөнхийлөгчийн тангаргийн ёслолд оролцож байгаагүй ажээ.
Өмнөх Ерөнхийлөгч нарын тангаргийн ёслолыг хэдэн зуун мянган хүн үзэж сонирхдог байсан бол энэ удаа нэг мянга орчим мандат л тараагдсан байна.
НЭГДҮГЭЭР САРЫН 20-НЫГ ЭВ НЭГДЛИЙН ӨДРӨӨР ТУНХАГЛАЖ,
ӨМНӨХ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРИМ ЗАРЛИГИЙГ ЦУЦЛАВ
Тангараг өргөх ёслолын дараа Ерөнхийлөгч Жозеф Байден Цагаан ордонд очиж Төрийн тэргүүний ажлаа эхлүүллээ. Түүний ажлын анхны өдөр хөл хөдөлгөөнөөр дүүрэн байв. Тэрээр АНУ-ын Ерөнхийлөгчийн тангаргаа өргөдөг нэгдүгээр сарын 20-ныг эв нэгдлийн өдрөөр тунхаглав. Үүрэгт ажилдаа орсон эхний өдрөө Жо Байден нэг дор 15 зарлигт гарын үсэг зурсан байна. Ингэхдээ өмнөх Ерөнхийлөгч Дональд Трампын хэд хэдэн зарлигийг цуцалжээ.
Дональд Трамп 2020 оны долдугаар сард ДЭМБ-ыг Хятадын ашиг сонирхлыг хамгаалж коронавирусний халдварын тархалтын хэмжээг нуусан, шинэчлэл хийдэггүй хэмээн буруутгаж АНУ-ыг тус байгууллагаас гаргахаар болсон билээ. Тэгвэл Жо Байден АНУ-ыг ДЭМБ-д эргүүлэн нэгтгэхээр боллоо. Мөн АНУ-ыг Парисын уур амьсгалын гэрээнд буцаан нэгтгэх зарлиг гаргав. Мексиктэй залгаа хилийн дагуу цагаачдаас сэргийлэн хана барих ажлыг зогсоож, хил орчимд тогтоосон онц байдлыг цуцалжээ. Дональд Трампын тушаалаар энэ хил дагуу 727 км хана босгоод байсан юм. Шинээр гаргасан зарлиг дотор Иран, Ливи, Сири, Йемен, Сомали, Судан, Ирак зэрэг орны иргэдийг АНУ-д нэвтрэх эрхийг хязгаарлаад байсан хоригийг цуцлах шийдвэр багтсан байна. АНУ-Канадын хил дээр нефть дамжуулах “Кеуstrone XL” хоолой тавих ажлыг зогсоохоор болжээ. Ядуурлын байдлыг сайжруулах, коронавирусний халдвараас иргэдээ сэргийлэх тухай зарлигуудад бас гарын үсэг зуржээ.
ЗАРИМ АЛБАН ТУШААЛТНЫГ ТҮР ТОМИЛЛОО
Ерөнхийлөгч Жозеф Байден нэр дэвшигчдийг Конгрессоор батлах хүртэл 34 хүнийг шинэ засаг захиргаандаа түр томилоод байна.
Төрийн департаментын Гадаад бодлогын албаны хүрээлэнгийн захирал Дэн Смитийг Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр, АНУ-ын Батлан хамгаалахын тэргүүн дэд сайд Дэвид Норкуистыг Пентагоны тэргүүний үүргийг гүйцэтгэгчээр томилсон бол Сангийн сайдын үүргийг Энди Бокол, Хууль зүйн сайдын үүргийг Монти Уилкинсон, Худалдааны сайдын үүргийг Уинн Коггинс, Эрчим хүчний сайдын үүргийг Дэвид Хайзенг нар түр орлон гүйцэтгэх юм.
Тагнуулын төв газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Дэвид Коэн, Агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах төв \NASA\-гийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Стив Юрчик нар ажиллаж, НҮБ-д суугаа
АНУ-ын Байнгын төлөөлөгчийн газрыг Ричард Миллс, АНУ-ын Худалдааны хэлэлцээрийн төлөөлөгчийн газрыг Мариа Паган түр хугацаагаар толгойлно.
АНУ-ын Үндэсний тагнуулын газрын даргын албан тушаалд томилогдсон Эврил Хейнс нь энэ газрыг тэргүүлэх анхны эмэгтэй юм.
АНХНЫ ГАДААД АЙЛЧЛАЛ ИХ БРИТАНИАС ЭХЛЭХ БОЛОМЖТОЙ
Ерөнхийлөгч Жо Байден анхны гадаад айлчлалаа Их Британиас эхлэх боломжтой талаараа өмнө нь мэдэгдэж байсан билээ. Гэхдээ тэрээр цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан ирэх зун хүртэл гадагш айлчлахгүй байх бодолтой байгаа аж. Наана нь боломж гарвал Канад руу богино хугацаагаар “ухас хийх” талаараа үг цухуйлгажээ. Мөн зургаадугаар сард болох G7-гийн уулзалтад оролцох аж. Их Британид ирэх намар дахин очих боломж түүнд бий. Тэнд Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх 26 дугаар бага хурал болно. Жо Байден өөрийн ирланд гарал угсаагаараа бахархах дуртай нь Их Британид элэгтэй байх нэг шалтгаан байж мэднэ хэмээн зарим судлаач хэлжээ.
АНУ-ын 46 дахь Ерөнхийлөгч Жозеф Байдены ажлын анхны өдөр ийм сонинтой өндөрлөлөө.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 4 )
Элбэгдоржийг угжиж, түлхүүрддэг хүн нь эрх мэдэлд хүрлээ гэж одоо Элбэгдорж түүнээс туслаач гэх байх даа.
САЙХАН ЮМАА СОНГОХ ХҮНТЭЙ,АРД ИРГЭДИЙНХЭЭ ТӨЛӨӨ АЖИЛЛАДАГ УДИРДАГЧИДТАЙ БАЙХ.МАНАЙХ ХЭЗЭЭ ИЙМ БОЛОХ ВЭ.УЛСАА МӨНГӨӨР ЗАРДАГГҮЙ АМИА БОДОХГҮЙ.
terentei buh amerikchuud hezeech negdehgui udahgui en e huniig buukgah heregtei amerik sonoz ehelnee
горьд