Мьянмарт төрийн эргэлт болж, цэргийнхэн улс орныг хяналтдаа авлаа. Хоёрдугаар сарын 1-ний өглөө Энх тайвны төлөө Нобелийн шагналт, эрх баригч “Ардчиллын төлөө үндэсний лиг” намын дарга, төрийн зөвлөх, Гадаад хэргийн сайд, улс орны удирдагч хэмээгддэг өдгөө 76 настай хатагтай Аун Сан Су Чи, тус улсын Ерөнхийлөгч Вин Мьин болон улс төрийн лидерүүдийг баривчлан саатуулав. Хатагтай Аун Сан Су Чи 2013 онд Монгол Улсад айлчлан “Дүр эсгэсэн ардчилал хортой” хэмээх алдарт үгээ хэлж байсан билээ.
Цэргийн эргэлт хийгчид улсын хэмжээнд нэг жилийн хугацаатай онц байдал тогтоолоо. Нийслэл Нейпьидо хотод интернэт, утсан холбоог тасалжээ. Мьянмарын тэргүүн дэд Ерөнхийлөгч Мьинт Швегийн хийсэн мэдэгдэл болон цэргийнхэнд харьяалагддаг Myawady TV телевизийн мэдээлснээр засгийн эрх Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Мин Аун Хлаингуд шилжиж буй ажээ.
Өнгөрсөн оны 11 дүгээр сарын сонгуулийн үр дүнд цэргийнхэн сэтгэл хангалуун бус байснаас шалтгаалан улс орны удирдагчид, цэргийнхний хоорондын харилцаа сүүлийн саруудад хурцадмал сөргөлдөөнт байдалд өнгөрчээ. Аун Сан Су Чи-н тэргүүлдэг “Ардчиллын төлөө үндэсний лиг” нам 2020 оны 11 дүгээр сард явуулсан сонгуульд ялалт байгуулан парламентын 476 суудлын 396-г авч дахин таван жил эрх барихаар болсон юм. Цэргийнхний дэмждэг “Эв нэгдэл, хөгжлийн холбоо” нам ердөө 33 суудалтай болжээ. Түүнээс хойш цэргийнхэн санал хураалт будилаантай болсон талаар гомдол мэдүүлж сонгуулийн дүнг дахин хянаж үзэхийг Сонгуулийн хорооноос шаардан шахаж ирсэн байна. Сонгуулийн хороо харин үүнийг хүлээж аваагүй юм.
Өнгөрсөн долоо хоногт Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Мин Аун Хлаингу “Хэрэв хууль хэрэгжихгүй бол Үндсэн хуульд өөрчлөлт оруулах болно” хэмээн мэдэгдсэн. Тус улсад 2011 оны ардчилсан өөрчлөлтөөс өмнө удаан хугацаанд цэргийн дэглэм ноёрхож байв. “Мьянмарыг хэдэн арван жилээр захирч байсан цэргийн хунт иргэний засаг захиргаанд хэзээ ч харьяалагдаж байгаагүй. Ардчилсан өөрчлөлтийн жилүүдэд ч энэ байдал хэвээр байсныг өнөөдрийн үйл явдал бодитоор харууллаа” хэмээн хүний эрхийг хамгаалах “Human Rights Watch” байгууллагын зүтгэлтэн Жон Сифтон хэлжээ.
“Огт өөр ирээдүйн хаалга нээгдлээ. Цаашдаа бид хэрхэхийг одоогоор хэн ч хянаж чадахгүй. Мьянмар бол зэвсгээр дүүрсэн, яс үндэс, шашин шүтлэгийн байдлаараа гүнзгий хуваагдсан, олон сая хүн арай ядан амь зогоож буй улс гэдгийг санах ёстой” гэж Янгон хотын түүхч, зохиолч Тан Мьин-У ярьжээ. Мьянмарт исламын шашинт Роханжи үндэстнийг хавчин гадуурхаж, тэд хөрш Бангладеш улс руу олноороо дүрвэж байсан юм.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен, Цагаан ордны Хэвлэлийн нарийн бичгийн дарга Жэн Псаки, Австралийн Гадаад хэргийн сайд Марис Пейн нар Мьянмарт болж буй үйл явдалд сэтгэл зовниж буйгаа илэрхийлэн Төрийн зөвлөх Аун Сан Су Чи болон бусад өндөр албаны хүмүүсийг нэн даруй суллахыг уриалжээ.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 2 )
6.2 т заасан хуулиар бол манай Монголыг яаг ийм болгох гээд байгаа шүү!
Дэлхийн цөөхөн диктатуртай орны нэг.