Сарны зурхайгаар оны эхийг тооцдог Азийн 10 шахам оронд энэ хоёрдугаар сарын 12-ны өдөр билгийн тооллын шинэ жил буюу хаврын баяр тохиов. Төгс буянтын зурхайгаар шинэлдэг Монгол, Төвөд, ОХУ-ын Буриад, Тува, шар зурхайгаар хаврын баяраа угтдаг БНХАУ, БНСУ, Вьетнам бусад орнуудад энэ удаа сарны тооллын шинэ жил нэг өдөр давхцан тохиосноороо онцлог байна.
Дэлхий дахиныг хамарсан коронавирусний цар тахлын халдвараас шалтгаалан билгийн тооллоор хаврын сар ирснийг тооцон баярладаг орнуудын ард иргэд хөл хорион дунд, гэр гэртээ голдуу ёслол үйлдэцгээв.
Арвандолоодугаар жарны цагаагчин төмөр үхэр жилдээ сайн сайхан байхын бэлгэ ерөөлийг цахимаар голчлон дэвшүүлж, аав ээж, ахан дүүс, хамаатан садантайгаа онлайнаар золгосон дүр зураг Монгол, БНХАУ, БНСУ, Буриад, Тува хаа сайгүй түгээмэл харагдав. Орон бүхэнд цахим худалдаа өргөн хийгджээ.
АНУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ АЗИ ГАРАЛТАЙ ИРГЭДЭД
МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЛЭЭ
АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф Байден, Тэргүүн хатагтай Жилл Байден нар хаврын баяр, цагаан сараа тэмдэглэж буй АНУ дахь ази гаралтай хүмүүст хандан видео мэндчилгээ дэвшүүлсэн нь сонирхолтой үйл явдал болсон юм. Ерөнхийлөгч Жозеф Байден мэндчилгээндээ билгийн тооллоор шинэ жилээ угтсан Ази гаралтай иргэдэд ирж буй үхэр жилдээ аз жаргал дүүрэн байхын ерөөл өргөлөө. АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф Байден, Тэргүүн хатагтай Жилл Байден нар коронавирусний халдварын эсрэг тэмцэлд Ази гаралтай иргэдийн оруулж буй хувь нэмрийг өндрөөр үнэлж, арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийн эсрэг байх болно гэдгээ илэрхийллээ. “Хүн ямар угсаа гарал, шашин шүтлэгтэй, ямар арьсны өнгө, төрөлх хэлтэйгээсээ үл хамааран эрх тэгш хүндлэлийг хүртэх эрхтэй” хэмээгээд Цагаан ордны зүгээс өнгөт арьстнууд хийгээд Ази, Номхон далайн орнуудаас гарал үүсэлтэй иргэдийн эсрэг ялгаварлан гадуурхах үзэл гаргуулахгүйн төлөө ажиллаж буйгаа мэдэгдлээ. Ирж буй үхэр жилд аз жаргалтай, эрүүл энх, элбэг дэлбэг байхыг билгийн тооллоор шинэ оноо угтаж байгаа нийт азичуудад Жо Байден, Жилл Байден нар хүсэн ерөөсөн байна. АНУ-ын шинэ Дэд Ерөнхийлөгч хатагтай Камала Харрис Ази, Энэтхэг гаралтай анхны өндөр тушаалтан болсон нь азичуудыг ялгаварлан гадуурхахгүй гэдгийн нэг илэрхийлэл болоод буй билээ.
БНСУ-Д ХАВРЫН БАЯРАА ЦОМХОН ТЭМДЭГЛЭВ
Билгийн тоолол буюу сарны хуанлигаар хаврын баяраа өргөнөөр ёслон тэмдэглэдэг орнуудын нэг бол БНСУ.
Өмнөд Солонгосын иргэд монголчуудын нэгэн адилаар шинийн эхний өдрүүдэд үндэсний хувцас ханбугаараа гоён, өндөр настан өвөө эмээ, аав, ээж, ахас ихэсдээ очиж хүндэтгэл үзүүлдэг, өглөөний мандах нарыг өндөрлөг дээрээс хардаг заншилтай. Энэ удаа цар тахлаас шалтгаалан нэг дор таваас дээш хүн цугларахыг хориглосон учир мөн л цомхон, цахим золголт хийцгээлээ. БНСУ-д буй монголчууд ч энэ журмыг сахин цагаалцгаажээ.
Тус улсын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин нийгмийн янз бүрийн давхаргын төлөөлөл болох найман хүнтэй цахим уулзалт хийжээ. Тэдний дунд Австрали гаралтай шашны санваартан, Их Британийн эмэгтэйчүүдийн супер лигт анх удаа багтсан хөлбөмбөгийн тамирчин, жүжигчин, оюутан, ядуус, эмзэг бүлгийнхэнд тусалдаг олон нийтийн зүтгэлтэн зэрэг хүмүүс багтсан байна. Сар шинийн амралтыг хөдөө гарч хувийн эдлэндээ өнгөрүүлдэг Ерөнхийлөгч Мүн Жэ Ин энэ удаа цар тахлын үеийн дэглэм журмыг баримтлан Сөүл дэх өргөөндөө шинэлжээ.
БНСУ-д хаврын баярын үеэр орон нутагт аж төрдөг аав ээждээ золгохыг нь дэмжин залууст замын зардал, мөнгөн тусламж үзүүлдэг заншилтай ч энэ удаа ямар нэг хөнгөлөлт, дэмжлэг үзүүлэлгүй хөл хорионы дэглэм сахихыг уриалсан байна.
ЯПОНД ХАЛДВАРЫН ДЭГЛЭМИЙГ САХИН ЗОЛГОВ
Хэдийгээр япончууд шинэ оноо аргын тооллын шинэ жилтэй хамтатган нэгдүгээр сарын 1-нд угтдаг боловч тус улсад ажиллаж, сурч, амьдарч байгаа Ази гаралтай иргэд, түүний дотор монголчууд халдвар хамгааллын дэглэмээ сахин, цахим золголт хийжээ. Уг нь япончууд Азийн бусад орны нэгэн адил билгийн тооллоор шинэлдэг байсан ч Мейжийн үе буюу 1673 оноос нэгдүгээр сарын 1-нд баярладаг болжээ.
Япончууд нэгдүгээр сарын 1-нд шинэ оноо тэмдэглэхдээ азичуудын хаврын баярын ёслолтой адилаар ахмад буурлуудаа хүндэтгэн амар мэндийг нь эрэн золгож, оны эхний мандах нарыг харж, сүм хийдүүдэд эргэл мөргөл хийж даатгал үйлддэг заншилтай. Энэ бүхнийг тэд оны эхэнд үйлдэж мөн л цахимаар ёсолсон билээ.
БНХАУ-Д АЯЛАЛ ЗУГААЛГЫГ ХОРИГЛОЛОО
Өнгөрсөн жил хаврын баярыг өргөн дэлгэр тэмдэглэснээр коронавирусний халдварыг хил хязгааргүй тархааж алдсан БНХАУ энэ удаа олон зууны ёс уламжлалаа түр орхин ёслолын гэрэлт салют, улаан дэнлүү, гадаад дотоод аялал жуулчлалаа хазаарлан, цахим шинэлгээг сонголоо.
Хэдийгээр сүүлийн өдрүүдэд халдвар намжсан ч Хятадын эрх баригчид хашир байхыг эрхэмлэсэн юм. Урьд өмнөх жилүүдийнх шиг хотоос хот дамжин аялахгүй байхыг уриалж, гэр орондоо байвал урамшуулал өгсөн байна. Мөн урьдчилан худалдан аваад байсан онгоц, гал тэрэгний тасалбарын үнийг ямар нэг шимтгэлгүй буцаан олгожээ.
“Даруу, зоригтой, хөдөлмөрч” хэмээн нэрлэдэг үхэр жилээ гэр гэртээ голдуу тэмдэглэж, цахим худалдааг өргөн хийж, хүргэлтийн хоолны үйлчилгээ рекорд амжилт тогтоожээ.
Ахмад буурлууддаа золгохыг эрхэмлэдэг хятадууд энэ удаа ам бүл дотроо баярлав. Зөвхөн нийслэлийн хаяа дүүргүүдэд л ёслолын салют буудуулжээ. Төв телевизээр дамжуулсан “Чуньвань” хэмээх баярын сүрлэг концерт хаврын баярын гол чимэг болж, түүнийг 1,14 тэрбум хүн үзэж сонирхжээ. Гэхдээ л тэрбум илүү хүн амтай орон тул 40 гаруй сая хүн ямар нэг байдлаар зорчсон төлөв гараад байна.
БУРИАД, ТУВАЧУУД Ч ДАРУУХАН ШИНЭЛЭВ
ОХУ-ын Буриад улсад “Сагаалган” баяраа мөн л гэр бүлийн хүрээнд ёслон тэмдэглэжээ. Буриад, Тувачууд монголчуудын нэгэн адилаар идээ, шүүсээ зэхэж, цахимаар бие биедээ мэндчилгээ дэвшүүлсэн байна. Орон нутгийн телевизээрээ баярын хөтөлбөр, концерт үзэж гэр бүлийн хүрээндээ даруухан шинэлцгээв.
Азийн ард түмэн ийнхүү цагаагчин төмөр үхэр жилээ амны хаалттай, хөл хорионы дэглэмтэй, халуун ам бүл дотроо ёслон угтлаа.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )