Өнөөдөр билгийн тооллын хаврын тэргүүн сарын “Шинийн-8”-ны билэгт сайн өдөр ажээ. Говь, хангайгаас гэлтгүй хүмүүс жаврын үзүүр уясгасан мэнд илгээж байгаагаас харахад урин цаг нэгэнт ирсэн хэрэг. Төв Азийн нөдөрлөгт цагийн дөрвөн улирлын араншин даган нүүдэллэж ирсэн монголчууд бид цаг нарныхаа тойрогт л амьдрахын зэрэгцээ хаврын бороонд уярч, өвлийн жаварт хатуужиж ирсэн түмэн. Магадгүй монголчууд бид байгаль эхэд хамгийн ойр, сэтгэл зүрхээрээ холбоотой үндэстэн байх. Дэлхий дээр ийм үндэстэн тийм ч олонгүй болов уу.
Тиймдээ ч Монгол Улсын дөрвөн зүг, найман зовхисоос мэнд илгээж байгаа хүмүүсийн дуу хоолойны өнгө хавар хэмээх эгшгээр хөглөгдөж, бичиж ирүүлж байгаа үг өгүүлбэр бүхний цаана урин цагт даллан дуудсан нэг тийм хөнгөхөн уярал анзаарагдана. Хаалганы цаана үлдсэн өвөл цаг тийм ч амар байсангүй. Олон жилийн дундажаас илүү хүйтэн, нэлээд аймагт цаг хүндэрсэн байв. Нөгөө талаар дэлхий нийтийг хамарсан цар тахлын хөлд ч багагүй сандрав. Тиймээс өвөл цагийн цас жавартай тэмцэж давсан малчдын зоо нуруу тэнийж, сэтгэл цэлмэж байгааг бүхий л зүйлээс харж болно.
Энэ утгаараа монголчууд бид ихээхэн өөдрөг түмэн. Нөгөө талаар “Тэнгэр заяат” хэмээн өөрсдийгөө өргөмжлөн тэнгэрийнхээ араншинд сүсэглэж ирсэн. Тэгээд ч өдий цагт яаж ч хүйтэрсэн цаанаа л нэг урины үзүүр “амтагдаж” байдаг л даа. Аргагүй л энэ амтыг хүлхсэн Монгол түмэн сэтгэлийн гэгээн тэмүүлэлтэй урин хавартай золгож байна. Тэр тусмаа өнөөдөр “Шинийн 8”-ны билэгт сайн өдөр учраас зан заншил, зөн билэгдлээ дагаад бүхий л зам мөрөө засах, сэтгэлээ ариусгах их үйлийг хаа сайгүй бүтээж суугаа биз ээ.
Сэтгэгдэл ( 0 )