Мэдээлэл нэг цонхоор гарах биш жалгаар нэг урсаж байх ёстой

Автор | Zindaa.mn
2021 оны 02 сарын 23

Коронавирусний цар тахал Монгол оронд дэгдэхээсээ бараг жилийн өмнө хэвлэлийн “амыг барьчихсан” юм. Тахлаас сэргийлэх арга хэмжээний хүрээнд ардчилсан Монгол Улсын төр, иргэнийг холбодог сэтгүүлчид Төрийн ордны өлгүүрээс цааш алхах эрхгүй болж байлаа. Бид цөөхүүлээ болохоор манай улсад аливаа ямар ч ажлыг далайцтай хийж болдог онцлогтой. Үүнээс гадна дээгүүрээ ямар ч ажил зохион байгуулсан доороо “мода” болдог. Тиймээс ч Төрийн ордны жишиг гайхалтайгаар халдварлаж төрийн байгууллагууд сурвалжлагчдыг үүдээрээ оруулахаа байсан. Яагаад ч юм бид хэвлэл мэдээллийн байгууллага ямар нэгэн юмыг нь гаргаад ирнэ гэж үргэж цэрвэж байдаг дарга нартай нь сонин. Засгийн газар, УИХ-ын гишүүдээс эхлээд агентлаг, газрын дарга нар нэг их урт амьсгаа авсан байх гэж бодогдоод байдаг юм.

Ажлаа мэддэг, мэддэггүйг нь асуух бүү хэл тэр хүн ажил төрлөө хийж байна уу гэдэг цагдалт ч арилсан хэрэг л дээ. Гэвч үүний үр дүнд иргэдийн мэдэх эрх бага багаар алдагдаж, зэрэгцээд хүмүүсийн бухимдал ихэслээ. Мэдээлэл хаалттай байх тусам албан тушаалтнууд дураараа дургиж, нийгэмд цуурхал хийгээд хардлага ихэсдэг. Энэ бол ойлгож ядаад байх зүйл биш. Гэтэл бүр даамжруулж орхив. Саяхан даа, Засгийн газрын дэргэд “Эрсдлийн мэдээллийн хороо” байгуулж мэдээллийг “нэг цонх”-оор өгөхөөр тохирсон тухай мэдээ гараад өнгөрсөн. Тэгэж тохирсон нь үнэн бололтой.

Төрийн түшмэлүүд маань дээрээс өгсөн үүргийн дагуу мэдээлэл өгөх эрхгүй “амьгүй албат”-ууд болчихлоо. Мэдээнд гарсан сурвалжлагчид үүнийг бүгд гадарлаж байгаа. Хөл хорионы хоёрдугаа анги нь “нэг цонх” болов оо.

Өдгөө хэвлэл мэдээллийн хэрэгслүүд төрийн албаны нөгөө “нэг цонх”-ноос бэлтгэсэн хуурай, боловсруулалт муутай албан мэдээг түгээх ажил л хийж байна. Эцэстээ энэ нь сэтгүүл зүйг амьгүй болгож байгаа биш харин төрийн нэр хүнд ихээр унах шалтгааныг бүрдүүлж байгаа хэрэг. Засгийн газар сайн ажиллаж байж магадгүй. Бүр сайнаас ч илүү байж болно. Гэхдээ хэвлэлийн хурал хийдэг хэдхэн хүнийг олны танил болгох гээгүй юм бол нам, төрийнхөө албан хаагчдад “Нэг цонх”-оор мэдээлэл өгнө гэж үүрэгдсэн юм байвал түүнийгээ боль. Хэвлэлийн байгууллагуудын ажилчдыг шинжилгээнд хамруулдаг уу, вакцин тарьдаг уу сэргийлэх зүйлээ хийгээд сул явах эрхийг нь өгөх хэрэгтэй.

Мэдэх эрх гэдэг ганцхан хүмүүс юмыг мэдэх ёстойд байдаггүй. Төрийн албан тушаалтнуудын авлига, хүнд суртлыг хязгаарлаж байдаг зүйл. Иргэдийнхээ мэдэх эрхийг хангах замаар төр нь ард олныхоо итгэлийг хадгалж байдаг учиртай. Хэрэв төр нь эрэг шураг бүрээрээ иргэддээ ажлаа тайлагнадаггүй, олон нийтэд юу хийх гэж байгаагаа учир шалтгаантай нь тайлбарладаггүй бол төрийн өөр бүтцийн асуудал болоод явчихна. Хэмжээгүй эрхт хаан, дарангуйлал гэх мэтээр л тайлбарлана биз дээ. Тийм болохоор хүмүүс бухимдалтай байгаа юм. Цар тахлын эсрэг хөл хориг, түүнийг дагаж хийж байгаа ажлаараа далимдуулан төсвийн мөнгийг үр ашиггүй зарцуулж, бүр хулгайлж байна гэж хардаж байгаа. Үнэхээр тэгж ч байгаа юм бил үү, хэн мэдлээ. Үүнийг хөөрөгдөх, өөрсдийнхөө ашиг сонирхолд ашиглах хүч ч нөлөөлж байна. Сэтгүүл зүйг хааж боох ийм гамшигтай үр дагавартай байдаг.

Дээр нь төрийг “нэг цонх”-оор ядмаг мэдээгээ тарааж байхад цаана чинь юу болж байна гэж бодож байна. Цахим орчинд вакцин хэрэггүй гэсэн ухуулга эхэлчихсэн байна. “Вакцин тарих нэрээр чип суулгаж байна”, “Манайд коронавирус өнгөрсөн жил тархаад бидэнд одоо сүргийн дархлаа тогтчихсон”, “Шинжилгээ хийх нэрээр генийн судалгаа авч байгаа”, “Монголчуудаа, бид ОХУ-н Спутник вакцинийг сонгож байна гээд давлагаалцгаая, шэйр” гэсэн юм фэйсбүүк хуудсуудыг битүү бүрж байна шүү дээ. Ерөнхийлөгчийн сонгууль дөхөөд ирэхээр Орос, Хятад гэж нэг нэгнээ цоллож, харлуулдаг хуучин арга барил ч идэвхжиж байгаагийн илрэл юм. Ийм гэнэн тайлбартай цуурхал олны анхаарлыг татаад байгаа чинь ч хэвлэлийнхнийг боосонтой холбоотой. Манай төрийн албан тушаалтнууд “нэг цонх”-оор мэдээгээ дамжуулна гэж боддогтойгоо адилхан цахим орчинг ч өөрсдийнхөө “цонх”-оор хардаг. Анзаараад байхад арай нэг дөнгүүр ажил хийж байгаа, мэдээлэлтэй хэсэг нь цахим орчинд нэг блок болчихоод бусдыгаа шоолж байгаа харагддаг. Түүнд нь нэг тал болчихсон албан тушаалтнууд хүрээллийнхээ хүрээнд олон нийтийг хараад байна. Мэдээлэлгүй хүмүүс ийм зүйлд итгэж байгааг шоолох ч хэрэггүй. Тэдэнд мэдээлэл хүрэх суваг нээлттэй байхад учир нь олддог. Тэр ажлыг нь хэвлэлийнхэн хийдэг. Яагаад гэвэл иргэн бүрд юуг, яаж хүргэх вэ гэдгийг мэддэг мэргэжлийн хүмүүс нь тэд юм.

Тийм болохоор өдөрт нэг удаа болдог өвчний тоо мэдээлэх хурал, долоо хоногтоо нэг хийдэг Засгийн газрын шийдвэрийн танилцуулга чинь болохгүй байна. Манайд хэвлэл мэдээллийн байгууллага олон. Энэ нь ч сайн тал. Нийгмээ элдэв бузар явдал, цуурхалаас хамгаалах хангалттай хүч байна гэсэн үг. Эдгээр байгууллагууд өөрсдийн бүтээлч ажлаараа олон нийтэд үнэн зөв мэдээлэл цутгадаг. Дээр дурдсан цуурхлуудын эсрэг жишээ нь, Засгийн газар, УИХ-ын гишүүдтэй өдөр бүр ярилцлага хийхээс эхлээд тахалтай тэмцэж байгаа мэргэжилтнүүд, албан хаагчдын үйл ажиллагааг харуулсан сурвалжлагыг цацаж болж байна. Ерөөсөө нийгмийнхээ төвд байгаа асуудалд хэвлэлийнхэн хар зөнгөөрөө л тэгж анхаардаг юм. Тиймээс төрийн албан тушаалтан, мэргэжилтнүүд бүгд сэтгүүлчдэд эрүү амаа байнга угзруулж байх ёстой байдаг хэрэг. Тэр эрхийг нь төр хангах ч ёстой. Мэргэжлийн нэр хүндээ хайрладаг сэтгүүлчид нийгэмд цуурхал тараахыг хүсдэггүй. Аль нэг улстөрчийн фанат болсон ганц нэгээс бусад нь нийгмээ засахыг, зөв ойлголт өгөхийг зорьж ажилладаг. Редакцтай, өөрсдийн гэсэн үнэт зүйл, шүүлтүүртэй хэвлэлийн байгууллагын бахархал нь, энэ. Мэдээлэл гэдэг зүйл “нэг цонх”-оор биш “жалгаар нэг” урсаж байх ёстой гээд байгаа нь ийм учиртай. Тэгж байж төр цэвэр тунгалаг, түмэн олон элдэв хийрхэлгүй орших нөхцөл бүрдэнэ. Магадгүй энэ нөхцөлийг бүрдүүлэхгүй өнөө маргаашдаа чих нь дүлий байх удирдагчдад сайхан байж мэднэ. Гэхдээ үүнээс үүдэн гарах сөрөг үр дагавар нь төрөө ч, нийгмээ ч ялзруулж орхидог юм.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Dr. Adity(129.205.113.218) 2021 оны 02 сарын 24

Та бөөрийг худалдахыг хүсч байна уу?\nТа санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу?\nДараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж,\nимэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM\nwhatsapp: 15733337443\nҮнэ: $780,000 USD\nТа бөөрийг худалдахыг хүсч байна уу?\nТа санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу?\nДараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаяг

0  |  0
Зочин(192.82.68.137) 2021 оны 02 сарын 23

Мэдээлэллийг байнга авч байх ёстой. Гэтэл манай улсад байр орон сууц айлуудад ямар ч шуудангийн хайрцаг бдаггүй шүү дээ. Ам дамжсан сураг төдий мэдээлэл нь ард иргэдийг бүрхэг манант бодол төөрөгдөлд оруулна, гайхашруулна, эргэлзүүлнэ, үзэн ядуулна, туйлшруулна.

0  |  0
Зочин(192.82.69.241) 2021 оны 02 сарын 23

Сэтгуулчид шинэ арга барилаар ажиллацгаа Ордон хавиар эргэлдэж дарга нараас ярилцлага авахаа гол ажил гэж ойлгодгоо болих хэрэгтэй нийгэмтэйгээ ажиллацгаа

0  |  0
Top