Ардын уран зохиолч Д.Цоодолын “Нэр нь тодроогүй баатрууд” хэмээх шүлэгт
“Нэр нь тодроогүй баатрууд минь Та нар
Нэлэнхүй энэ хорвоод яасан олон юм бэ
Бичих нэргүй, оноосон хөшөө ч үгүй
Биднээс чухам хичнээн нь буцсан юм бэ” гэж өгүүлдэг дээ. Энэ шүлгийг уншихаар сайхь гишүүний дүр төрх санаанд ургана. Тэр дуутай шуутай нэгэн байж болох ч парламентын босго давсан даруйд ард түмний нүд чихэнд ийм дүр босгож өгсөн. Эсвэл Хууль тогтоох дээд байгууллагын танхимд орж ирсэн даруйд гэрэвшиж, сүрдсэн ч байж болно.
Т.Аубакир хэмээх шинэхэн гишүүнийг өнөөдөр дүгнэх нь дэндүү эртэдсэн ажил гэлээ ч ард түмний дунд анх төрүүлж өгсөн сэтгэгдэл тийм ч амар арилдаггүй юм. Үнэхээр Т.Аубакир гишүүн нэрээ тодруулахаар Ж.Батзандан шиг цээжээ дэлддэггүй, С.Ганбаатар шиг цамнаад байдаггүй төрөлхийн бодь хүн байж болно. Энэ л араншингаараа амьдарч, ард түмнээсээ сонгогдсон ч “бичих нэргүй биднээс хэнчээн нь буцсан юм бэ” гэдэг шиг сураг алдрахыг хэн байг гэх юм. Ийм жишээ манай парламентад олон шүү дээ. УИХ-ын гишүүн Б.Наранхүү, О.Содбилэг, Д.Батцогт, О.Батнасан гээд олон гишүүд байсан. Тэд ирэхдээ л дуугүй ирсэн, явахдаа ч чимээгүй яваад өгсөн. Эдгээр гишүүд зарим нь хоёр удаа сонгогдсон ч ард түмний ой санамжинд үлдэх үг хэлж, үйл хэрэг бүтээлгүй суусаар төрхөмдөө буцсан гэхэд болно. Гэтэл парламентаас 10 гаруй жилийн өмнө явсан Л.Гүндалай бүтээсэн үйл хэрэг байхгүй ч чуулганы танхимд сууж байгаа мэт сэтгэгдэл төрүүлсээр байна.
Т.Аубакирыг дээрх нөхдүүдийн нэг гэж үзвэл өнөөгийн парламентад сонгогчдоо төлөөлөх хэмжээний хүн биш болно. Хашхирч бархирч байж төрийн алба залгуулдаггүй ч манай улс төрийн нөхцөлд гол нь ярих илтгэх чадвар гэж тойрч гардаггүй нэг зүйл бий. Цар тахлын дундуур парламентад орж ирээд нэгэн жилийн нүүр бүтэн үзээгүй байгаа хүний хувьд цаашид өсөн дэвжихийг үгүйсгэхгүй. Ядахад үг хэлдэг болох байх. Хэрэв дээр дурдсан нөхөд шиг явбал дөрвөн жил үг хэлж, санал бодлоо нэмэрлэхгүйгээс гадна хууль санаачлахгүй, батлахгүй нь ойлгомжтой. Намын бүлгийн гишүүдээ дагаад гар өргөөд байж болно. Гэхдээ ийм гишүүд чимээгүй сууж байгаад кнопоо худалдчихдаг зантай. Үүнийг тойрох эсвэл дайрах нь их л ухааны асуудал. Ер нь ингэхэд “Парламентад яах гэж орж ирсэн нөхөр вэ” гэхээр “кнопоо худалдах” гэж хэлэлтэй биш. Сонгогч олон “Та УИХ-ын гишүүнээр ажиллахдаа ямар ажил амжуулав, ямар хууль санаачилж батлав” гэхээр юугаа хэлэх билээ гэж санаа зовох. Төрийн эрх барих дээд байгууллагын нэг гишүүний төлөө санаа чилээж суух нь илүү хэрэг ч сонгогчийн үүрэг гэж бий.
Тэр парламентад үндэсний цөөнхөө төлөөлдөг. Уг нь бол Сэлэнгэ аймаг түүний төрж өссөн нутаг.
Өдгөөгөөс 40 гаруй жилийн өмнө Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд төрж, 30-аад жилийн өмнө буюу 1992 онд 10 жилийн сургууль дүүргэжээ. Тодотговол, түүний эцэг Баян-Өлгий аймгаас илгээлт өвөрлөн тус нутагт очсон казакуудын нэг. Социалист нийгмийн үед шүү дээ. Түүний намтарт 1992 оноос 1996 он хүртэл дөрвөн жилийн үйл явдал ил тод байдаггүй. Их хаадын намтар түүхээс нэгэн хэсэг хугацаа ор тас байдаггүй шүү дээ. Түүхчид хэлэхдээ хаад маань зүдэрч зовж ялагдаж явсан үеийнхээ намтрыг бичүүлж үлдээдэггүй гэдэг. Өдгөө цагт ч УИХ-ын гишүүд намтраа гэрэл гэгээтэй байлгахыг илтэд хүсдэг. Худлаа намтар зохиох нь ч бий. Тэгэхээр Т.Аубакир гишүүн энэ дөрвөн жилд чухам юу хийж явсныг мэдэх юм алга. Ямартай ч бизнесийн салбараас их улс төрд орж ирсэн гэхээр нийтийн жишиг даган, ганзага хөөж явсан байлгүй гэж найдна.
Аль тэртээ 1992 онд дунд сургууль төгссөн нөхөр хожим 2000 онд Отгонтэнгэр их сургуулийг Олон улсын эрх зүйч мэргэжлээр төгссөн хэмээн албан ёсны намтартаа шигтгэж өгсөн байна лээ. Ингэхээр хуулийн анхан шатны мэдлэгтэй хүн байж таарна. Хэрвээ Ц.Нямдоржтой нүүр тулвал “Техник мэргэжлийн сургууль төгсчихөөд” гэж загнуулах бол захын асуудал. Аягүй бол “Муу ногоочин зайл” гэх байлгүй. Тэгэхээр Ц.Нямдоржоос холхон явбал өлзийтэй. Ядахад “Отгонтэнгэр” сургуульд хуульч болохоор элссэн жилээсээ буюу 2000 оноос “Сэлэнгэ тариа” компанийн захирлаар ажилласан байдаг. Үүнээс харахад мань эр сурсан уу, ажилласан уу гэдэг нь ихэд бүрхэг. Харин 2006 оноос “Тариан цацал” компанийн захирлаар 2015 он хүртэл ажиллаж, амьдрал ахуйгаа өөд татсан нөхөр Гаалийн ерөнхий газарт Дотоод аудит, мониторингийн газрын даргаар анх удаа төрийн албаны босго алхсан түүхтэй. Богино хугацаанд барьцаа ахиулж, Гаалийн ерөнхий газрын Буянт-Ухаа дахь гаалийн газрын орлогч даргаар дэвшин ажилласан нь хэн нэгний татаас түлхээс байхаас зайлахгүй.
Энэ үед түүний овог удмын даамал шахуу Х.Баделхан Барилга, хот байгуулалтын сайдаар заларч, нөлөөтэй ч байв. Тиймээс Х.Баделхан эгчийнхээ хүү Т.Аубакирыг энэ зэргийн албанд залгуулчих хэмжээний нэр нөлөө байлгүй яахав. Тэгээд ч Баян-Өлгий аймагт гол төлөв үйл ажиллагаа явуулдаг Х.Баделханы хүүгийн зам барилгын компанид зарим талаараа хамтран ажилладаг гэдгийг нутгийнхан хэлнэ лээ. Тэгэхээр хэтэвч нь нэг байж болох юм. Үүгээр ч зогсохгүй гишүүн асан Г.Солтаны төрсөн ахынх нь хүү гэдэг. Энэ бүгдээс харахад Баян-Өлгий аймагт УИХ-ын гишүүн, сайд төрүүлдэг нэр хүнд бүхий удам судар, нэгэн том овог байна гэсэн үг. Тэр өөрөө ч 2016 онд Хүнс хөдөө аж ахуйн Дэд сайдад нэр нь яригдаж байгаад нутгийн эгч Ж.Саулег урдуураа алдчихсан. Намын түвшинд чамгүй хэл ам болж байсан санагдана. Харин 2016 онд Ж.Саулегаас нэр дэвших эрхийн мандатыг “булааж” өмнүүр нь алхсан улс төрийн нимгэн намтартай хүн. Энэхүү хуруу хүрэхгүй намтраа улс төрөөр зузаалах эсэх нь түүний цаашдын үйл хэрэг шийднэ.
Ямартай ч нэр дэвших эрхийн мандатыг Ж.Саулегийн өмнүүр орж авна гэдэг амаргүй. Тэгээд ч намын бүтцэд нэр нөлөө бага нөхөр МАН-аас нэр дэвших эрх авахад том хүчин зүйл нөлөөлнө. Тэр тусмаа Баян-Өлгий аймагт эрх авна гэдэг УИХ-ын гишүүн болохоосоо хүнд. Тэгэхээр ураг овгийн сайд дарга ах нарынхаа шууд дэмжлэг авсан гэдэгтэй маргах хэрэггүй.
Бизнесийн салбарт байхаасаа л улс төрд горилж бэлдэж байсан нь 2008 оноос Баян-Өлгий аймгийн НАМЗХ-ны даргаар ажиллаж эхэлсэн нь хэлээд өгнө. Нэгэнт улс төрд санаархасан бизнесмэн нөхрийн хэтэвчийг гаалийн байгууллага зузаалж өгсөн гэх хардлага ч байдаг. Ийм олзноос зугтаах хүн үгүй ч тэр газар тариалангаас хангалттай мөнгө олдог “Улсын аварга тариаланч” хүн шүү дээ. Ааваасаа өвлөж авсан энэ бизнес, Сэлэнгийн үржил шимт газар нутаг түүнд ээл буянаа харамгүй өгсөн. Хамгийн багадаа Казакстан Монгол хоёрын дунд “хазаар гүйлгэдэг” нэртэй бизнесмэн болгож өгсөн. Гэхдээ Т.Аубакир ааваасаа өвлөж авсан газар тариалангаа хөгжүүлсэн, шинэ төрөл зүйл нэмсэн нь энэ салбарт шинэлэг зүйл байсан гэдгийг тариаланчид ярьдаг. Аливаа зүйл нь сүүдэр гэрэлтэй байдаг учраас үрийн будааны асуудлаар шүүхийн хаалга лав татаж байсан гэдэг. Бизнес хөдөлгөж байгаа хүнд энэ зэргийн зүйл байж таарна. Өдгөө 40 насны босго лавхан давж, 50 насны босго руу дөхөж яваа ч улс төрд бол залуу хүн. Тиймээс ирээдүйд ямархан улстөрч болох, улс эх орондоо хэрхэн юу бүтээх нь түүний төсөөлөлд байж болох юм. Түмний төсөөлөлд бол одоогоор алга.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 5 )
Xagaraldyylax. Geegyi Er Ni xasag ch. bai. Xalx ch. Baina nyy. Xynee. L. Cain. Tania.
Аубакир гишүүн болсон даруйдаа л ард түмн йхаа төлөө зүтгэж ажиллаж байгаа манай ирээдүйтэй залуу улс төр ч би дэмжиж дэг
үхсэнийх нь нэр тодороогүй баатар вэ, солиорчихсон юмаа
Үүнийг бичээч монгол түмнийг хагаралдуулах зорилго тавьжээ. Тэр 2000 онд сургууль төгссөн элссэн гэжээ. Үүнийг өөрөө юу гэж таылбарлаи вэ аан ?
uu bvvr iim gishvvn baidag yum uu