-Хөл хориог энэ хэвээр үргэлжлүүлбэл улс орны эдийн засагт цохилт болж, магадгүй эрүүл мэндийн салбараа ч санхүүжүүлж чадахгүй хэмжээнд хүрч болохыг үгүйсгэхгүй-
Монгол Улсын Сангийн сайд ам алдаагүй л байлтай. Тэрбээр ийм утгатай үг, өгүүлбэрийг сар хүрэхгүйн өмнө 10 их наядын пиар хийж байхдаа хэлсэн. Гэвч өчигдөр Ерөнхий сайд, Эрүүл мэндийн сайд нар тэс өөр юм ярьчихлаа. Засгийн газар эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа дэмжих 10 их наядын хөтөлбөрөө хэрэгжүүл ч амжилгүй байр суурьнаасаа буцаж мэдэхээр болж ирэв. Улмаар итгэл нь сэргэж эхэлсэн бизнес эрхлэгчид төдийгүй хоногийн хоолоо алдчихгүйг хичээч буй иргэдийг айдаст автууллаа. Яагаад гэвэл, ядуурал гэх ангал руу хэн ч унахыг хүсэхгүй шүү дээ.
Засгийн газар ердөө сар хүрэхгүйн өмнө “Дахин хөл хорихгүй, нэг өрх-нэг шинжилгээний хүрээнд өвчний тархалтыг хяналтандаа авсан, өнгөрсөн нэг жилийн хугацаанд эрүүл мэндээ бодсон, одоо эрүүл мэнд, эдийн засгийн салбараа хамтад нь хамгаална” хэмээн мэдэгдэж байлаа. Сангийн сайд Б.Жавхлан “Хэрэв энэ хэвээр үргэлжлүүлбэл улс орны эдийн засагт цохилт болж, магадгүй эрүүл мэндийн салбараа ч санхүүжүүлж чадахгүй хэмжээнд хүрч болохыг үгүйсгэхгүй” гэдгийг хариуцлагатай хэлсэн гэж ойлгож байгаа. Энэхүү бардам бөгөөд шийдэмгий мэдэгдэл өнгөрсөн нэг жилд байдгаа тавьж туусан бизнесийн салбарынханд итгэл төрүүлсэн. Түүнээс хойш өвчний тархалт тасралтгүй өссөн ч хотын дарга “Бидний тооцоолсноор явж байна, санаа зоволтгүй. Одоо бүгдээрээ эдийн засгаа сэргээнэ” гэсэн. Тэгвэл “Дахин хөл хорьсноор эдийн засаг энэ жилдээ сэргэхээргүй болж байна” гэдгийг Сангийн сайд дахин хэлжээ. Өөрөөр хэлбэл, өлсөх үү, өвчлөх үү гэдэг сонголтын өмнө бид ирээд байгаа аж.
Өчигдөр болсон Засгийн газрын хуралдааны үеэр Сангийн сайд гамшгаас хамгаалах дэглэмийн зэрэглэлийг бууруулж, хөл хориог цуцлан “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа дэмжих 10 их наядын цогц төлөвлөгөө”-г Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлснээр өнгөрсөн 50 хоногийн хугацаанд эдийн засагт эерэг өөрчлөлтүүд гарч, бизнес эрхлэгчдийн итгэл сэргэж байгаа. Гуравдугаар сарын эхний 15 хоногт НӨАТ төлөгчөөр 570 гаруй аж ахуй нэгж шинээр бүртгүүлсэн нь өмнөх жилүүдийн мөн үеэс хоёр дахин өссөн нь эдийн засаг дахь хүлээлт эерэг байгаагийн илрэл. Гадаад өрийн менежментийг сайжруулснаар Монгол Улсын зээлжих зэрэглэл -B3 төлөв тогтворгүй байсан бол -B3 төлөв тогтвортой болж зэрэглэл ахьсан. Эдийн засгийн хамгийн өндөр идэвхжлийн энэ үед дахин хөл хорио тогтоовол одоо хүрээд буй энэ өсөлт 70-80 хүртэл хувиар буурч, эдийн засагт хүнд цохилт болно гэж тооцож буйгаа танилцуулжээ. Товчхондоо, өнгөрсөн оны турш тэг зогсож, сүүлийн арван жилд байгаагүй уналт амссан Монгол Улсын эдийн засаг ойрын хугацаанд эргэн сэргэнэ гэсэн хүлээлт байхгүй болж мэднэ.
Энэ нь эдийн засагт маш хүнд цохилт өгч таараа. Үнэндээ бизнесийн салбарынхны 99 хувь нь өнгөрсөн нэг жилийг дампуурахын наагуур туулсныг Дэлхий банкны судалгаа харуулж байгаа. Тус банкнаас саяхан цар тахал Монголын бизнесүүдэд хэрхэн нөлөөлсөн талаар судалгааг танилцуулсан. Өнгөрсөн сард хийсэн тус судалгаанд хөдөө аж ахуй болон уул уурхайгаас бусад салбарыг төлөөлөхүйц 360 компанийг хамруулжээ. Цар тахал эхэлснээс хойш бараг бүх аж ахуйн нэгж буюу 99 хувь нь бэлэн мөнгөний хомсдолд орсон. Тэгвэл 96 хувь нь ханган нийлүүлэгч, байр түрээслүүлэгч эсвэл татварын байгууллагад төлөх төлбөрүүдээ хойшлуулах шаардлагатай болсон зэрэг маш муу үзүүлэлтүүд гарсан байгаа юм. Одоогоор компаниудын 27 хувь нь хаалгаа барьсан бол 2020 оны наймдугаар сард судалгаа хийхэд гурван хувь байсан гэдгийг Дэлхийн банкнаас онцолсон байна. Ийнхүү эдийн засгийн хямралд өртсөн компаниуд өнгөрсөн 2019 оны арванхоёрдугаар сараас хойш байнгын ажилчдынхаа тоог бууруулж, эсвэл ажиллах цагийг нь багасгах арга хэмжээ авчээ. Харин таатай мэдээ нь бүрмөсөн хаагдсан аж ахуйн нэгжүүдийн 62 хувь нь ирээдүйд дахин үйл ажиллагаагаа эхлүүлэх төлөвлөгөөтэй байгаа гэж хариулсан байгаа юм. Үүнийг Засгийн газраас эдийн засгаа дэмжих хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэнтэй холбон ойлгож болох байлаа. Гэвч дахин хөл хорьсон тохиолдолд санхүүгийн дэмжлэг байгаад ч нийтэд эдийн засгийн эргэлт удаашрах хүлээлт үүсчихлээ. Ялангуяа, эдийн засаг сэргэдэг дулааны улиралд шүү.
Ер нь эдийн засгаа идэвхжилийнх нь үед тэг зогсооно гэдэг эрүүл мэнд тэргүүтэй нийгмийн асуудлаа тэр чигт нь тэг зогсоохоос ямар ялгаа байх вэ. Монголын эдийн засаг хавар идэвхжиж эрчээ авдаг онцлогтой. Дулааны улиралд бүтээн байгуулалт, газар тариалан, уул уурхайн салбар хөдөлж, эдийн засагт үүргээ гүйцэтгэдэг байгалийн тогтолцоотой. Тиймээс яг энэ үед нь хөл хорьж, эдийн засгаа тэг зогсоовол, өнөөдөр ачааллаа дийлэхгүйд хүрсэн эрүүл мэндийн салбараа ч санхүүжүүлж чадахгүй болох нь дамжиггүй. Дээр нь Монголд сүүлийн нэг сарын турш өвчлөл нэмэгдсэнээр Хятад улс манай түүхий эдийн импортыг хязгаарлаж эхэлсэн муу мэдээ байгаа.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )