Хөвсгөл аймагт 5788 хүн тун вакцин ирж өнөөдрөөс /2021.04.08/ вакцинжуулалт эхэллээ. Энэ удаагийн дархлаажуулалтанд БНХАУ-ын Синофарм үйлдвэрийн VeroCell нэртэй вакцин ирсэн байна. Эхний ээлжинд Эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд, Цагдаа, МХГ, ОБГ зэрэг онцгой нөхцөлд ажиллаж байгаа байгууллагын алба хаагчдыг вакцинжуулалтад хамруулж байна.
Мөрөн суманд 2449 хүн тун вакцин хийгдэнэ. Мөрөн суманд вакцинжуулах ажлыг 5 цэгт тодруулбал Эрдмийн далай цогцолбор сургууль, Титэм, Аваргууд, Ирээдүй, Гурван-Эрдэнэ сургуулиудын зааланд зохион байгуулж байна. Вакцинжуулах нэг цэгт эмч, сувилагч болон зохицуулах, бүртгэх, ажиглалтын хэсэгт 5-7 хүн ажиллаж байна.
Вакцин болгонд эсрэг заалт байдаг учраас Аймгийн ЭМГ-аас вакцины эмч нарт сургалт өгсөн байна. Мөн эхний ээлжинд вакцинд хамрагдах байгууллагуудын удирдлагуудаар дамжуулан вакцин хийлгэхийн өмнө юу анхаарах, биеэ хэрхэн бэлдэж вакцинаа хийлгэх мэдээллийг өгсөн байна.
Вакцинжуулалтыг Аймгийн ЭМГ-аас Мөрөн сумын ЗДТГ, ӨЭМТ-үүдтэй хамтран зохион байгуулж байна. Мөн манай аймгийн 23 сум 1 тосгонд 3439 хүн тун вакцин хуваарилагдсан бөгөөд өнөөдрөөс эхэлсэн.
Дараагийн вакцины татан авалт 4-р сарын дундуур хийгдэнэ. Халдварт өртөх эрсдэлтэй иргэд болон бусад иргэдээ эрэмбийн дагуу хамруулахыг аймгийн Эрүүл мэндийн газраас хэлж байна.
Сэтгэгдэл ( 0 )