Хоршооны тухай бие даасан хуулийг 1995 онд баталж, 1998 онд шинэчлэн найруулж, үүнээс хойш тус хуульд таван удаа нэмэлт өөрчлөлт оруулжээ. Гэсэн хэдий ч хоршооллын хөгжил, үйл ажиллагааг сайжруулах хуулийн хэрэгжилт хангалтгүй байгаа учраас хуулийн төслийг 2019 онд шинэчлэн найруулсан, 2020 оны аравдугаар сард ажлын хэсэг өөрчлөгдөж, улмаар Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг энэ сарын 8-ны өдөр УИХ-ын чуулганы хуралдаанаар анхны хэлэлцүүлэгт оруулаад байна.
Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл батлагдсанаар “Хоршоод аль нэг мэргэжлийн холбоонд гишүүнчлэлтэй болох, удирдлага зохион байгуулалт нь олон улсын жишигт хүрэх, хоршоо өөрийн хөрөнгөтэй болж санхүүгийн байгууллагаас зээл авах боломж бүрдэх, төрөөс дэмжих дэмжлэгийн хэлбэрүүд тодорхой болох, төрийн байгууллага, хоршоо, мэргэжлийн холбоодын уялдаа сайжрах, хоршооллын хөдөлгөөнийг дэлгэрүүлэх зэргээр үр дүн гарна” гэсэн хүлээлт байгаа юм.
НҮБ-ын Тогтвортой хөгжлийн 17 зорилтын ядуурлыг бууруулах, ажилгүйдлийг арилгах, ажлын байрыг нэмэгдүүлэхэд нийцүүлсэн хуулийн төсөл гэдгээрээ ч олон нийтийн дунд хүлээлт үүсгэж буй. Гишүүд сайн дураараа нэгдэж үйлдвэрлэл явуулах, түүхий эд боловсруулах, бүтээгдэхүүнээр үйлчлэх, борлуулах зэрэг үйл ажиллагааг илүү өгөөжтэй зохион байгуулах нэг хэлбэр нь хоршоо юм.
ХIX зуунд хоршооллын хөдөлгөөн Европоос эхэлж, өдгөө дэлхийн 94 орны нэг тэрбум гаруй хүнийг хоршоололд хамруулаад байна. Тэд үндэсний нийт бүтээгдэхүүний 3-10 хувийг үйлдвэрлэдэг. Монголд хоршооллын байгууллагууд 60 мянга орчим ажлын байрыг бий болгосон гэж үздэг аж. Тиймээс энэ сарын 17-нд хоршооны тухай ярилцсан “CoopTalk” цахим хэлэлцүүлэгт оролцсон төрийн байгууллага, хоршоод, мэргэжлийн холбоодын төлөөллийн байр сууриас хүргэе.
-НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСГИЙН ХӨГЖИЛ БА ХОРШООЛЛЫН САЛБАРЫН ӨНӨӨДРИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ ЯМАР БАЙНА ВЭ. ХОРШООЛЛЫН ХӨДӨЛГӨӨНИЙГ ЭРЧИМЖҮҮЛЭХ, ӨРГӨЖҮҮЛЭХ ЯМАР БОЛОМЖ БАЙГАА ВЭ?
Монголын хоршооллын үндэсний нэгдсэн холбооны тэргүүн Ц.Алтантуяа:
-Хоршоо бол хоёрдмол шинж чанартай өвөрмөц байгууллага. Нэг талаас гишүүдийнхээ амьжиргааг дэмжсэнээр нийгэмд үлгэр дуурайл үзүүлж байдаг. Нөгөө талаас заавал бизнес хийж, тодорхой ашиг орлоготой байсны үр дүнд үйлдвэрлэлээ өргөжүүлэх, техник технологио сайжруулах шаардлагатай болдог. Хоршоонд нэгдсэн гишүүн ч гэсэн тус хоршооныхоо өмчлөгч бас хэрэглэгч байдаг. Тиймээс хоршооллын хөдөлгөөнийг эрчимжүүлэх, өргөжүүлэхийн тулд эхлээд хоршооныхоо мөн чанарыг ойлгох хэрэгтэй. Жишээлбэл, Энэтхэг Улсын “Амул” гээд дэлхийд алдартай сүүний хоршоо гурван сая гишүүнтэй. Нэг, нэг үхэртэй хүмүүс нийлж хоршоо байгуулаад өнөөдөр Энэтхэг Улсынхаа дотоодын сүүний хэрэгцээг хангаад зогсохгүй дэлхийд экспортлогч болоод байна. Тус хоршооныхон дэлхийд анх удаа одос үхрийн сүүг хуурай буюу хатаасан сүү болгож технологийг нь эзэмшиж байгаа. 40 сая гишүүнтэй бордооны хоршоо ч байдаг. Хоёрдугаарт, аль ч оронд хоршоо байгуулахад төрийн дэмжлэг чухал. Төрийн дэмжлэгийг хуулиндаа тусгаж өгөх нь чухал байгаа юм. Япон, Солонгосын хөдөө аж ахуйн хоршооны үйл ажиллагаа маш өргөн хүрээнд түгэн дэлгэрсэн. Хоршоод нь гол нэрийн бүтээгдэхүүнийхээ үнийн талаар Засгийн газартайгаа хэлэлцээрийн ширээнд суух хэмжээнд хөгжсөн. Гуравдугаарт, хоршоод гишүүдийнхээ хамгийн чухал нийтлэг эрэлт, хэрэгцээг хангадаг байх ёстой. Гишүүддээ үйлчилдэг, тэдний орлогыг нэмэгдүүлэхэд тусалдаг байх нь хоршооны хамгийн чухал үүрэг юм.
ХХААХҮЯ-ны Жижиг дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан:
-Хоршооны тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлд хоршооны НӨАТ-ын зохицуулалтыг тусгасан нь онцлогтой болсон. Энэ нь татварын тэгш тогтолцоог бий болгох тухай асуудал юм. Хоршоо гишүүдийнхээ барааг дотоодын үйлдвэрлэгчдэд “зуучлан борлуулсан” бол “дамжуулан борлуулсанд” тооцохгүй байхаар зохицуулалт нэмж оруулсан. Ингэснээр хоршооны татвар ногдох орлогыг илүү тодорхой болгоно. Орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлдэг хоршоодын хөгжлийг дэмжинэ.
Монголын хоршооллын сургалт, мэдээллийн төвийн Хоршооны зөвлөх А.Мөнхжаргал:
-2020 оны хагас жилийн байдлаар Монгол Улсад 4270 гаруй хоршоо улсын бүртгэлд байгаа гэсэн мэдээлэл байна. Үүнээс дийлэнх хоршоодын үйл ажиллагаа тогтвортой бус байгаа дүр зураг харагддаг. Гэвч хоршооллын салбар дотроо хөгжсөн чиглэлүүд бий. Монголд хэрэглэгчдийн хоршооллын хөгжил тааруухан байгаа. Хадгаламж зээлийн хоршоодын хөгжил бусад улс орнынхтой харьцуулахад ойролцоо гэж харагддаг. Өнөөдрийн хоршооллын хөгжлийн хувьд ололт амжилт, алдаа аль, аль нь байгаа боловч цаашдаа сайжрах нь ойлгомжтой. Гишүүдийн оролцоо, хоршоог удирдаж байгаа хүмүүсийн ур чадвар, мэдлэгийн асуудал, хүний нөөцийн асуудал хоршоодод хамгийн түгээмэл тулгамдаж байна. Монголын хоршооллын салбарын нийт гишүүдийн насжилтыг аваад үзэхээр нас дээшилж байгаа харагддаг.
“Ноосон зангилаа” дундын хоршооны дарга Ц.Цэнд-Аюуш:
-“Хоршоог яагаад залуучууд сонирхохгүй байна вэ” гэдэг тулгамдсан асуудлуудын нэг. Хоршооллын сургалт мэдээллийн төв, Хоршооллын нэгдсэн холбоодоос залуучуудыг хоршоонд оруулах хөдөлгөөн, сургалт зохион байгуулсны үр дүнд тодорхой хэмжээнд залуучууд хоршоонд орж ирсэн боловч төдийлөн санаанд хүрэхгүй байгаа. Нийгэм, эдийн засаг хурдацтай хөгжиж байгаагийн хэрээр хоршоо ч мөн хөгжих ёстой гэж би боддог. Гэхдээ хоршоо нь гишүүддээ үйлчлээд явдаг, ашгийн бус байгууллага учраас хүмүүсийн орж ирэх эдийн засгийн сонирхол бага байна уу гэсэн хувийн дүгнэлт байна. Хоршооны хөгжилд тухайн хоршооны өөрийнх нь зохион байгуулалт, үйл ажиллагаа чухал. Хоёрдугаарт, хоршоонд мэргэжлийн холбоодын зөвлөгөө, тусламж хэрэгтэй. Гуравдугаарт, хоршооны хөгжилд төрийн бодлого үнэхээр чухал. Жишээлбэл, “Хөдөөг хоршоолох аян”, “Загвар хоршоо” шалгаруулдаг байхад хоршоод үнэхээр идэвхтэй оролцож, аян сайн өрнөдөг байсан.
ХХААХҮЯ-ны ЖДҮГ-ын Бодлого зохицуулалтын хэлтсийн дарга А.Гэрэлзаяа:
-Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбоотойгоор 33 орны хоршооллын салбарын үйл ажиллагаа, хууль, эрх зүйн орчны талаар судалгаа хийсэн. Монгол Улсад хоршоодын бүртгэлд бүтэц, үйл ажиллагааны чиглэл дүрмээс зөрүүтэй, хоршооны дарга, гишүүдийн хаягийн бүртгэл өөрчлөгдсөн ч засагдаагүй асуудлууд байсан. Тиймээс хоршоодын бүтцэд тохируулан түүхий эд бэлтгэлийн тогтолцоог улсын хэмжээнд бий болгохоор зорьж байгаа учир хүний нөөцийг бэлтгэх, чадавхжуулах хэрэгцээ байна.
-Монголын хоршооллын үндэсний нэгдсэн холбооны тэргүүн Ц.Алтантуяа:
-Монгол Улсын хоршооллын салбарын хөгжил 1990-ээд оноос хойш яригдах учраас харьцангуй залуу байна. Нийгэм, эдийн засгийн хөгжилд хоршооллын салбар ямар нөлөө үзүүлж байгааг хөдөө аж ахуйн хоршооллын салбараар төлөөлүүлж ярья. Хөдөө аж ахуйн хоршоод тухайн сум, орон нутгийн нийгэм, эдийн засгийн хөгжилд өөрийн гэсэн байр суурьтай болсон. 80-аас дээш гишүүнтэй хөдөө аж ахуйн хоршоод бүгд өөрийн гэсэн дэлгүүртэй байдаг. Хоршооны дэлгүүрээрээ дамжуулаад түүхий эд, бараа бүтээгдэхүүнээ харилцан солилцох, худалдах, бэлэн мөнгөний орлогогүй үедээ бараа бүтээгдэхүүн зээлээр өгөх гэх мэтчилэн ажилладаг. Жишээлбэл, суманд үйл ажиллагаа явуулдаг “Лусын сэрчим” хоршоо жилд 70 орчим тонн ноолуур борлуулдаг гэж судалгаа өгсөн. Хөдөө аж ахуйн хоршоо малчдын амьдралд ихээхэн эергээр нөлөө үзүүлж байна.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 1 )
ХАА-н нэгдлүүдийг тараадаг маш буруу юмыг Да Ганболд санаачилсан Бямбасүрэн дэмжсэн маш их хөрөнгө үрэн таран болсон.Нэгдлүүдийн эрх зүйн орчныг ялигүй өөрчлөөд улс татвар авахаас бусдаар орооцолддоггүй болоход ажил нь явчих юм байсан.Социализмын үеийн эд хөрөнгийг бүхэлд нь устгаж улс орныг эдийн засгийн суурь потенциалгүй болгох,мэрэгжлийн хүмүүсийг ажилгүй байлгах тусгай бодлого амжилттай хэрэгжсэн.Гайхалтай сайхан ардчилсан нийгмийг байгуулчихаад АН-н лидерүүд бүгд гавъяат,хөдөлмөрийн баатар,Улсын баатар цолыг хувааж аваад офшорт мөнгөө хийж гэр бүлээ гадаадын хамгийн зөөлөн уур амьсгалта