“Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” УИХ-ын 92 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах чиглэлээр ажиллах үүрэгтэй Монголын Засгийн газрын Ажлын хэсэг, төслийн хөрөнгө оруулагч, менежмэнтийг хэрэгжүүлэгч “Рио Тинто”, “Туркойз Хилл Ресурс” компанийн төлөөллүүдтэй эхний уулзалтаа энэ сарын 12-ны өдөр хийсэн билээ.
Эхний уулзалтаас хойш 10 хоногийн хугацаанд 92 дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих, шаардлагатай бол санал дүгнэлт боловсруулж, дүнг нэгдсэн хуралдаанд танилцуулах үүрэг бүхий Түр хороо /2021.04.20/ хуралдан, “Оюу Толгой” компанийн нэхэмжлэлээр Лондонгийн Олон улсын арбитрын шүүхэд Монгол Улсын Засгийн газрыг хариуцагчаар татсан маргаанд сөрөг нэхэмжлэл яаралтай гаргах арга хэмжээ авахыг Засгийн газарт үүрэг, чиглэл болгохоор тогтсон.
Үүний дараа буюу өчигдөр /2021.04.21/ Засгийн газрын хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэн, зөвлөх үйлчилгээ үзүүлж буй хуулийн фирмийн зөвлөгөөг үндэслэн "Рио Тинто", "Туркойз Хилл Ресурсес" компанийг маргааны оролцогч тал болгож, сөрөг нэхэмжлэл гаргахыг дэмжсэн шийдвэрийг гаргасан юм.
“Рио Тинто”-гийн зүгээс Арбитр дахь татварын асуудлаарх нэхэмжлэлээ түр гацаах саналыг манай талд тавьсныг хүлээж аваагүй гэж Х.Нямбаатар сайд дөрөвдүгээр сарын 1-ний өдөр мэдэгдэж байсан.
Тэгвэл одоо Засгийн газар сөрөг нэхэмжлэл гаргах шийдвэр гаргаснаар талуудын татварын маргаан Арбитраар шийдэгдэх нь тодорхой болж байна.
Харин төсөлтэй холбоотой бусад асуудлуудыг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарын ахалсан Ажлын хэсэг, “Рио Тинто”-гийн Зэсийн группийн Ерөнхий захирал Б.Болдоор ахлуулсан хөрөнгө оруулагч талтай хэлэлцээгээр шийдэх үү гэдэг нь анхаарал татаж буй.
Талуудын эхний уулзалтаар Монголын Засгийн газрын Ажлын хэсгийн гишүүд хөрөнгө оруулагч талаас цөөнгүй асуултад хариулт хүссэн байгаа. Тэгвэл Ажлын хэсэгт Өмнөговь аймгаас УИХ-д сонгогдсон Н.Наранбаатар гишүүн мөн орсон байна.
Тэрбээр Оюутолгой төслийн өгөөжийг нэмэгдүүлэх хүрээнд Ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатарт санал хүргүүлсэн байна. Түүний саналаас эшлэн хүргэе.
Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээний Бүс нутгийн хөгжлийн тухай заалтуудын хэрэгжилт нь Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай Улсын Их Хурлын тогтоолд нийцэх тул дараах саналыг гаргаж байна.Үүнд:
- Засгийн газар нь Өмнийн говийн бүсийн хөгжлийн зөвлөлийг шинэчлэн байгуулан гэрээнд заасан чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллах нөхцөлийг бүрдүүлэх;
- Ханбогд суманд Оюутолгой төслийн ажилчдын суурьшлын бүсийг бий болгон төслийн үйл ажиллагааны үр өгөөжийг тогтвортой хөгжлийн үзэл баримтлалтай уялдуулан тухайн сууринг жишиг хот болгон хөгжүүлэх;
- Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөний 3.2-т заасан Хамтын ажиллагааны гэрээний санхүүжилтийг нэмэгдүүлэн, нөлөөллийн бүсийн сумдын байгаль орчин болон нийгэмд урт хугацаанд үүсч болзошгүй эрсдэлийг удирдах чиглэлээр нийгэм, эдийн засгийн өсөн нэмэгдэх өгөөжийг нэмэгдүүлж, орон нутгийн тулхтай хөгжлийн баттай үндэс суурийг бүрдүүлэх;
- Өмнөговь аймгийн иргэдэд ур чадвар эзэмшүүлэх, мэргэжлийн чиг баримжаа олгох, сургаж хөгжүүлэх, ажлын байраар хангах гэрээний заалтыг хэрэгжүүлэн, ажилчдын тоог нэмэгдүүлж, ажлын байран дээрээ ур чадвараа дээшлүүлэн өсч хөгжих боломжийг хүртээмжтэй болгох ;
- Аймгийн Политехникийн коллежид иргэдийг сурган, ажлын байранд авч ажиллуулах;
- Хамтын ажиллагааны гэрээний дагуу Даланзадгад суманд уул уурхайн жишиг сургуулийг бий болгох;
- Оюутолгой төсөлд бараа бүтээгдэхүүн нийлүүлэх, үйлчилгээ үзүүлэхэд орон нутгийн аж ахуйн нэгжүүдийг дэмжин оролцуулах, ялангуяа өртөг шингэсэн үйлдвэрлэлийг эн тэргүүнд бойжуулан хөгжүүлэхэд идэвхи санаачилга гаргах;
- Уурхайн ажилчдын ажил амралтын тэгш хуваарь 14:14 болгон шинэчлэх;
- Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллага (ОУХБ)-н Зохистой хөдөлмөрийн үзэл баримтлалыг үндэслэн Уурхайн талбарт хөдөлмөр эрхэлж буй нийт (үндсэн болон гэрээт) ажилчдад, адил үнэлэмж бүхий ажилд ижил цалин хөлсийг шударгаар авах, нийгмийн даатгалд хамрагдах, баталгаатай аюулгүй ажлын байранд ажиллах, хувь хүний хөгжил, нийгмийн оролцоог хангасан, өөрсдийн үзэл бодлоо илэрхийлэх, ажил, амьдралтай холбоотой шийдвэр гаргахад оролцох, түүний төлөө эвлэлдэн нэгдэх, гэрээ хэлэлцээ байгуулах, эрэгтэй эмэгтэй хүн ялгаваргүй тэгш боломж эдлэх нөхцөлөөр хангах; гэсэн байна.
Мөн Хөрөнгө оруулалтын гэрээний 3 дугаар бүлгийн 3.11 дэх хэсэгт “Хөрөнгө оруулагч нь үндсэн үйл ажиллагаа явуулахдаа байгаль орчныг хамгаалах талаарх Монгол Улсын болон олон улсын дүрэм, стандартад нийцсэн, орчин үеийн дэвшилтэт олборлолт, боловсруулалтын техник, технологийг ашиглах ба үндсэн үйл ажиллагаагаа эдийн засгийн боломжтой цар хүрээнд байгаль орчинд учруулах сөрөг нөлөөллийг багасгахуйц үр ашигтай хэлбэрээр явуулна” гэсэн үүргийг хүлээсэн байдаг. Энэ заалтын хэрэгжилтийг хангах үүднээс дараах саналыг гаргажээ. Үүнд:
- Усыг ашиглах боломжит нөөцийн хүрээнд үр ашигтай, хэмнэлттэй байдлаар ашиглах чиглэлээр олон улсын дэвшилтэт техник, технологи, туршлагыг хүдэр боловсруулах процессдоо нэвтрүүлэх нөхцөлийг бүрдүүлж эргэлтийн, хур тунадас (гадаргын), уурхайн нэвчилт шүүрлийн усыг үйлдвэрлэлд нэн тэргүүнд ашиглах;
- Орхон, Хэрлэн говь төслүүдийн судалгаан дээр төрийн захиргааны байгууллагатай хамтран ажиллах;
- Олон улсын санхүүжүүлэгч байгууллагын стандартад нийцүүлэн Байгаль орчин болон усны сав газрын гидрологи ба гидравлик системд нөлөөлөх байдлийн үнэлгээг шинэчлэх, мөн түүнчлэн, усны экологи-эдийн засгийн үнэлгээг шинээр хийлгэж үйлдвэрлэлийн усны бодит өргийг шинэчлэн тогтоох;
- Унд ахуйн усны төлбөрийг (энэ төлбөрөөс одоогийн байдлаар чөлөөлөгдсөн) тухайн орон нутгийн эрх бүхий байгууллагын тогтоосон үнэ тарифын дагуу төлөх;
- Далд уурхайн олборлолтын үед газрын хөрсөнд их хэмжээгээр суулт болон хагарал үүсдэг нь олон улсын ижил төстэй уурхайн үйл ажиллагаанаас тодорхой харагдаж байна. Иймд Оюутолгой төслийн зүгээс энэ асуудлаар эрсдлийн үнэлгээ хийж, байгаль орчин ба нийгмийн нөлөөлөх байдлыг судалж, болзошгүй эрсдэл ба сөрөг нөлөөллийг бууруулах арга хэмжээний төлөвлөгөө гарган орон нутгийн оролцогч талуудтай хамтран ажиллах ;
- Төслийн үйл ажиллагаанд өртөгдөн унаган төрх, хэв шинж, амьдрах орчноо алдсан биологийн олон янз байдлыг өөр газарт нөхөн дүйцүүлэн хамгаалах ажлыг гүйцэтгэхэд орон нутгийн иргэд, мэргэжлийн байгууллагын оролцоотой тухайн нөлөөлөлд өртсөн нутагт хийх;
- Иймд бүс нутгийн хөгжил, байгаль орны хамгаалах талаарх гэрээний үүргийн хэрэгжилттэй холбоотой орон нутгийн иргэдийн саналыг хүлээн авч, төслийн хөрөнгө оруулагчтай байгуулах хэлэлцээр, түүний төсөлд тусгаж өгөхийг хүсье” гэсэн байна.
Сэтгэгдэл ( 2 )
Наранбаатарын санал нэн яаралтай шийдэх асуудал огт биш,орон нутгийн жижигхэн эрх ашгийг энд орооцолдуулаад улсын хэмжээнд авч үзэх том асуудлыг будилуулахад хүргэхээс болгоомжлох хэрэгтэй.Ханбогдод хот байгуулаад уурхай дууссаны дараа юу хийх юм бэ балгас үлдэнэ.Аймгийн төврүү төмөр зам татаад зэс хайлуулдаг үйлдвэрийг аймгийн төв дээр байгуулах хэрэгтэй.Давхар усны асуудал шийдэгдэнэ.Юун ойрхон боддог дарга вэ.Аймгийн даргын хэмжээний ч сэтгэлгээ биш,зүгээр л дарга хэвээр байх хүсэл байна.Нутгийн иргэд ажилгүй болчих вий гэсэн шаардлага байна
Songson khun ajilaa ingej l hiih ystoi ym bgan shdee