Уг нь түүний төрд ажилласан туршлага гэж уул овоо шиг зүйл байдаг ч тулх гэдэг чимхийн төдий эр хүн хэмээн ярих нь бий. Хамт ажиллаж нөхөрлөж үзсэн биш яг таг мэдэх юм алга.
Өдгөөгөөс 30 гаруй жилийн өмнө Баян-Өлгий аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд Төрийн байгуулалтын хэлтсийн даргаар карьераа эхлүүлж, зам барилгын салбарт бизнес эрхэлж, улмаар аймгийн Засаг даргаар ажилласан хүн гэхээр аргагүй л туршлагатай хүн. Өдгөө УИХ-д гурав дахиа сонгогдон ажиллахдаа салбарын сайдаар томилогдож байсан гээд туршлага тал дээр яриад байх зүйлгүй.
Тэр эдийн засгийн чамгүй хүндрэлтэй үед барилгын салбарыг хүлээн авч байсан гэдэгтэй хэн ч маргахгүй. Аргагүй зангараг гаргаж ажилласан байх, дараагийн сайддаа салбараа эмхлэн цэгцлээд өгсөн гэх мэдээлэл ч байдаг. Х.Баделхандаа ч биш, тухайн үед У.Хүрэлсүхийн Засгийн газар барилга, орон сууцны чиглэлд чамгүй хөрөнгө хаяж, төв Цэвэрлэх байгууламжийг хүртэл шинэчлэх ажлыг эхлүүлсэн нь мань хүнд эерэг тусгал болдог байх. УИХ-ын чуулганы хуралдаан бусад зүйл дээр байр сууриа илэрхийлж байгаа нь тулхтай л харагддаг. Гэтэл улс төрд хамтран зүтгэгчид нь тулхгүй хэмээн дүгнэх болсон нь ямар учиртай юм бол. Тэр гэмгүй сайхан төрхний цаана юм юм бий гэх нь ч бий, ёстой л “Болдоггүй бор өвгөн” дөө гэх нь бий.
Хамтрагчаа хулхидсан нэг хоёр асуудлыг сайтар мэдэх. Үүнээс улбаалсан яриа хөөрөө байж болох юм. Үе үеийн парламентад үндэсний цөөнх, казак түмний төлөөлөл эвтэй найртай ажиллаж ирсэн “Алтан дүрэм”-ийг Х.Баделхан зөрчсөн. Тэр тусмаа их улс төрд цөөнхийн төлөөллүүд нэг нэгнээ дэмжиж, хамтран ажиллаж ирсэн гэгээн мөртэй. Харин нэн шинэ үеийн улс төрийн түүхэнд казак түмний нэр зүстэй гэж болох улстөрчид дундаа ам мурийж, нуруу нуруугаа харсан тохиолдол цоо шинээр бүртгэгдсэн. Учрыг тодотгвол, өнгөрөгч 2016 оны сонгуулиар МАН-д нөлөөтэй байсан Х.Баделхан өөрийн омгийн нөхөр, худ ураг Г.Солтанд Ж.Саулегийн мандатыг булаан авч өгснөөр энэхүү шинэ хуудас нээхэд хүргэсэн.
Ингэхдээ Ж.Саулед өндөр алба авч өгнө гэсэн тохироо маягийн зүйл хийж, Хүнс, хөдөө аж ахуйн дэд сайдаар томилуулна гэдгээ ч амлаж мандатын маргааны галыг зогсоожээ. Тухайн сонгуульд МАН үнэмлэхүй ялалт байгуулж 65 суудал авсан учраас Ж.Сауле хүссэн дэд сайдынхаа суудалд очих гэтэл Т.Аубакир гэх залууг “Болдоггүй бор өвгөн” маань аль эрт нэрийг нь оруулчихсан байсан гэдэг. Тухайн үеийн МАН-ын дарга М.Энхболдтой бүр тохирчихсон байсан учраас эрхэм хоёрын дундах “дайн” чамгүй ширүүссэн. Арга ч үгүй Х.Баделхан хэлсэн ярьснаасаа буцаж, нутгийнхаа бүсгүйг хулхидаж байсан учраас “дайн”-ы гал улам дүрэлзсэн. Гэхдээ Ж.Сауле бөөн зарга үүсгэж байж Хүнс, хөдөө аж ахуйн дэд сайдаар томилогдсон. Х.Баделханы төлөвлөгөөгөөр бол эгчийнхээ хүү Т.Аубакирыг аль эрт дэд сайдаар томилчихоор байсан ч дүү нь Авлигатай тэмцэх газар дээр асуудалтай байсан нь яаран томилгоонд очих боломжийг хаажээ. Энэ тал дээр Ж.Сауле ч анхаарал хандуулсан гэдэг. Ийнхүү төлөвлөгөө нуран унасан.
Төрд олон жил ажиллаж, УИХ-д олон удаа сонгогдсон хүнд нутаг орноос нь шахаа ч байдаг биз, томоохон омогт хамаарах эр хүнд ах дүүсээ өргөж дэвшүүлэх үүрэг ч байдаг биз. Энэ утгаараа нэг удаа улс төрд мөр зэрэгцэн алхаж байсан нутгийнхаа эмэгтэйг хулхидаж дүүгээ өөд татсан л хэрэг. Гэтэл 2020 оны сонгуулиар дахин дүүгээ зүтгүүлсэн. Ингэхдээ “Болдоггүй бор өвгөн” аанай л Ж.Саулегаа жийв. Уг нь гурван мандаттай Баян-Өлгий аймагт МАН-аас нэг эмэгтэй квот өгөх төлөвлөгөөний дагуу Ж.Сауле хэрдээ л сонгуульд бэлдэж байсан гэдэг. Гэтэл Х.Баделхан гишүүн өөрийнхөө эгчийн хүү Т.Аубакирыг Ж.Саулегийн өмнүүр оруулснаар энэхүү түүхэн “тулаан” үргэлжилсэн юм. Эрхэм хоёрын улс төрийн нас хэвийж байгаа ч улс төрд эхлүүлсэн энэ тэмцэл удам дамжин үргэлжлэх магадлалтай. Ингэхдээ аймгийн МАН-ын үүрийн хуралдааныг өөрийн фракцаар бүрдүүлж санал тоолох хүмүүс дунд нь өөрийнхөө гар хөлийг оруулах зэргээр будилаан хутгасан байдаг.
Энэ тухай Ж.Сауле өөрийн цахим хуудаснаа “Х.Бадeлхан байхад улс төрд шударга томилгоо хэзээ ч байхгүй гэсэн та бүхний үг үнэн байсан гэдгийг биeэрээ үзлээ. Юун тэр сүржин шалгуур. Нутгийн залуучууд, эмэгтэйчүүд, монголчуудын маань захисан шударга ёсны төлөө тэмцээд барсангүй” хэмээж байв. Өнөөдрийн байдлаар Баян-Өлгийг аймгийг барьж зохицуулж байгаа нь “Болдоггүй бор өвгөн”-ийг гэх. Орон нутагт түүний зөвшөөрөлгүй томилгоо ч явдаггүй юм байх. Хаа байсан олон нутгийн томилгоонд оролцдог, тендерт хүртэл гар хүрдэг гэхээр тулхгүй гэж хэлүүлэх нь аргагүй. Өчүүхэн ч байтугай тендерийг бусад хувийн хэвшлийнхний өмнүүр орж авдаг нь түүнийг “Болдоггүй бор өвгөн” хэмээн нэрлэх шалтгаан болсон байх.
“Болдоггүй бор өвгөн”-ий ураг удам бол улс төрд аалзны тор шиг болсон өргөн сүлжээтэй. УИХ-д нэр дэвшээд байдаг А.Гылымхан нь түүний омогт хамаардаг. Тэгвэл Т.Аубакир УИХ-ын гишүүн асан Г.Солтаны төрсөн ахынх нь хүү бол Х.Баделханы эгчийн хүүхэд аж. Үүгээрээ Г.Солтантай худ ураг болж нэгэн омог болно. “Болдогггүй бор өвгөн” сүлжээгээ ажиллуулж, Т.Аубакирыг Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайдаар зүтгүүлсэн ч Авлигатай тэмцэх газарт үрийн буудайны асуудлаар шалгагдаад мултарсан. Иргэдийн төлөөлөгчдийн хуралд квотоор ороод нэг ч хоног хуралдаа суугаагүй гэдэг. Олон сайхан шударга залуус байгаа ч Х.Бадeлханы садан биш учир дэмжигдэхгүй байна гэх зэргээр жиргэж байв.
Ж.Саулегийн хэлж байгаагаар бол Х.Баделханы улс төрд өргөж асарсан Т.Аубакир нь Казахстанд амьдардаг, сонгууль болохоор мөнгөө барьж ирээд албан тушаал авдаг. Тэгээд төрийн албаны шалгалтад унаад ажлаас гардаг нөхөр аж. Учир мэдэх хүмүүсийн ярьж байгаагаар бол тэд омгийнхоо хэн нэгэнд ажил үйлсээ уламжлуулан үлдээдэг жамтай аж. Х.Баделханы улайран зүтгүүлж байгаагаас харахад яах аргагүй хатуу жам ёсных гэхээс өөр аргагүй. Гэтэл Х.Баделханы хүү түүний зам барилгын бизнесийг орон нутагт үргэлжлүүлж байгаа ид насны нөхөр байдаг ч тэр хүүгээ биш эгчийнхээ хүүг дэмжээд байгаагийн цаана ямар шалтгаан байна. Улс төрийнхөө үйл хэргийг эгчийнхээ хүүд өвлүүлж, бизнесээ төрсөн хүүдээ өвлүүлж байгаа хэрэг юм уу. Т.Аубакирыг бол тэр өөд нь татсан. Казакстанаас авчирч аймгийн намын үүрийн даргаар томилсон, улмаар намын жагсаалтаар Иргэдийн төлөөлөгчдийн хуралд төлөөлөгчөөр ажиллуулсан, өдгөө УИХ-ын гишүүн болтол зүтгүүлсэн гээд боломжит бүх хувилбараар дэмжсэн. Үүнээс өмнө бизнесмэн залууг Гаалийн ерөнхий газарт Дотоод аудит, мониторингийн газрын даргаар, Гаалийн ерөнхий газрын Буянт-Ухаа дахь гаалийн газрын орлогч даргаар дэвшүүлэн ажиллуулж байсны цаана “Болдоггүй бор өвгөн” байсан нь ойлгомжтой.
Түүнийг Барилга хот байгуулалтын сайдаар ажиллаж байхад хүү нь Баян-Өлгий аймагт зам барьж байсан. Тэгэхээр тухайн омгийн эдгээр нөхдийн хэтэвч нэг байж таарна. Х.Баделхан 1976 оноос хойш төрд ажиллаж байгаад 1991 онд гадаад худалдааны “Өркен” компани байгуулан захирлаар нь ажиллаж байгаад 1994 онд бизнесээ өргөжүүлэх замаар зам барилгын “Жол” компанийг байгуулан, ерөнхий захирлаар ажилласан байдаг. Энэ компани өдгөө хүртэл үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд хүү нь уг компанийг удирддаг гэх. Эндээс Х.Баделхан эргэн төрд ажиллахаар ирэхдээ аймгийн Засаг даргаар ажилласан он жилүүд ямар ч утгаараа түүний бизнест үр өгөөжөө өгсөн байх. Тэр Барилга хот байгуулалтын сайдаар ажиллаж байхдаа хүүдээ чамгүй өндөр мөнгөн дүнтэй замын тендер аваад өгчихсөн гэдэг. Өдгөө ч маргах аргагүй, шилэн дансанд байна лээ. Ер нь бол өөрийн эзэмшлийн “Жол” компаниар дамжуулан Баян-Өлгий аймагт жижиг том гэхгүй тендерүүдийг авч чаддаг гэдэг.
Одоо түүний хувьд улс төрийнхөө үйл хэргийг садандаа гарцаагүй өвлүүлж өгөөд нуруугаа харуулахаас өөр гарц үлдээгүй байх. Эцсийн сумаа тавьж парламентад ирсэн дээ. Тэр 2020 онд “УИХ-ын анхдугаар чуулганыг хамгийн ахмад настай УИХ-ын гишүүн нь удирдаж, шинэ гишүүд тангаргаа өргөснөөр өмнөх парламентын бүрэн эрхийн хугацаа дуусна” гэсэн эрх зүйн зохицуулалтын дагуу хурал даргалж харагдсан гэхээр насны хувьд ч байнга залуусын өмнүүр дайраад байх боломжгүй. Өнөөдөр тэр далан насны босго тулаад байгаа ахмад улстөрч юм.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 1 )
Иймэрхүү юмнууд хааяагүй л байгаа учраас улсын ажил урагшилдаггүй. Шимэгчдийн бүлэг нэмэгдсээр л байгааг төр нь мэдсэн ч мэдээгүй царайлаад байгаа нь хачирхалтай. Хийсэн ажи л нь нүд хуурах төдий харагддаг нь нууц биш. Энд олон нийтийн хяналт чухал шүү. Алив төсөв мөнгөний асуудалд хяналт чухал.