Уг нь сайн эмч юм гэсэн, улс төрд хэн уруу татсаныг мэдэхгүй. Ямартай ч парламентад ороод ирсэн. АН хавтгайдаа ялагдал хүлээн аргаа барж байхад Баян-Өлгий аймагт цэнхэр туг мандуулсан “баатар” мөн. Тиймдээ ч хоттой хонинд байх цөөн ямаа шиг АН-ын бүлгийн арваадхан гишүүн дунд дүр нь тод харагдаад байгаа хэрэг. “Мах барагдахад богтос ахалдаг” гэх үг ч бий. Эрүүл мэндийн салбарт шударга ажиллаж, эмчийн тангарагтаа үнэнч байсан Б.Бейсен эмч сүүлийн мөчид хэтэвчээ зузаалахаар тангаргаа умартсан тухай мэдээллийн хэрэгслүүд бичиж байсан, хүмүүс ч ярьж байсан. Их улс төрд эмчийн хураасан цалин өдрийн хоол ч залгуулж чадахгүй учраас арга мухардсан байх. Тиймээс л хэлтэйг хэлгүй болгож сонортойг дүлий болгодог “Шидтэн”-ээр тодорсон хэрэг. Амьдрал баян, бас адармаатай.
Аймгийн эрүүл мэндийн салбарыг тэргүүлж байсан нөлөө бүхий нөхөрт янз бүрийн л санал хүсэлт ирсээр байгаад ийм “шид”-ийг суулгасан байх. Үүнийг нүдээр хараагүй учраас барин тавин өнгөтөөр зурах арга алга. Гагцхүү хэвлэл мэдээллийн салбарын архивт ийн хадгалагдан үлдсэн байна. Мэдээллийн архиваас харахад Б.Бейсен эмч Нийгмийн даатгалын хэлтсийн даргатайгаа нийлэн, олон хүнийг хэлгүй дүлий, сэтгэцийн өвчтэй гэх мэт онош тогтоон, хүн тус бүрээс 500 мянгаас хоёр сая төгрөг авч байсан тухай дурдсан байдаг. Энэ хэрэг өдгөө ид мандаж байгааг ч мэдээлсээр байна. Гагцхүү өрсөлдөгч намынхан Б.Бейсений гаргасан ганц, хоёр алдааг уулын чинээ болгож тараасан байхыг үгүйсгэхгүй. Тэгэхээр би энд түүний өдүүлсэн хэргийг уул байсан уу, дов байсан уу талаар дүгнэхгүй.
Өнгөрөгч зууны 1988 оноос хойш эрүүл мэндийн салбарт өргөсөн тангараг дор үнэнч зүтгэсэн эмч хүн 30 жилийн дараа гэнэт эрүүлийг эмгэгтэй болгож луйвар хийхгүй гэдэгт миний хувьд баттай итгэдэг ч ийм мэдээлэл байх юм. Нөгөө талаар улс төрд хөл тавихад ямар их мөнгө хэрэгтэй билээ, тэр тусмаа сонгуульд өрсөлдөхөд ихээхэн хэмжээний мөнгө хэрэгтэй учраас эр хүн нэг удаа нэр хүнд, өөрийн орон зайгаа ашиглаа биз хэмээн цагаатгахгүй ч эр хүний хувиар өршөөх шалтгаан болж байна.
Ингээд орхиж болох ч түүнийг хууль хяналтын байгууллагаас шалгаж, 500 орчим хүнийг хэлгүй дүлий, сэтгэцийн өвчтэй болгосон хохирогчдын мэдүүлэг байгааг барин тавин дурдсан байгаа нь харамсалтай. Аргагүй л улс төрд, парламентад орж ирэхийг дэндүү шунагласан байна даа хэмээн мартахыг хичээсэн юм. Гэтэл 500 орчим хүнээс 500 мянгаас хоёр сая төгрөг авна гэхээр дундажаар бодоход 500 орчим сая төгрөг болно. Ингэхээр эрхэм эмчид яах аргагүй сонгуульд өрсөлдөх эртний төлөвлөгөө байжээ гэдэг нь харагдана. Өдгөөгөөс 30 гаруй жилийн өмнө буюу 1988 онд аймгийнхаа нэгдсэн эмнэлгээс ажлынхаа гарааг эхлүүлж байсан нөхөр 1997 оноос Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн Мэс заслын тасгийн эрхлэгчээр тушаал дэвшиж, 2007 он гэхэд аймгийн Эрүүл мэндийн газрын дарга болж байсан намтартай. Үүнээс хойш Мэс заслын эмч, Тасгийн эрхлэгч 2012 онд Нэгдсэн эмнэлгийн даргаар ажиллаж, сүүлд зөвлөх эмч хэмээх алдар хүндийн оргил дээрээс парламентад ирсэн хүн. Эрүүл мэнд, анагаахын салбарт 30 гаруй жил зүтгэж, Анагаах ухааны магистр, клиникийн профессор, Хүний гавьяат эмч цол хүртэл хүртсэн гэгээн цагаан мөртэй хүн. Нутагтаа “Алтан гартай эмч” хэмээн өргөмжлөгдөж, бурхан мэт шүтэгдэж явсан Б.Бейсен эмчийг ямар чөтгөр нь улс төрд уруу татаж, улмаар буруу гарын мөнгөнд гар дүрэхэд хүргэв гэдэг нь тун сонирхолтой.
Социлаизмын төгсгөлд ажлынхаа гарааг эхэлж байсан эмчийн албан тушаалд дэвшин ажилласан нь хүртэл ном дүрмээрээ. Нэгдсэн эмнэлэгт есөн жил Мэс заслын эмчээр ажиллаж байж тасгийнхаа эрхлэгч болсон бол Тасгийн эрхлэгчээр 10 жил ажиллаж байж аймгийн Эрүүл мэндийн газрын дарга, Нэгдсэн эмнэлгээ толгойлж байсан ном журмын нөхөр. Шагнал урамшууллын хувьд ч Алтангадас одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Хүний гавьяат эмч гээд нэг ч шат алгасч, дараалал дайраагүй сайхан намтартай хүн. Ийм нэгэн дүр парламентад нэгэнт бий болсон учраас ажиглаж анхаарч таарна. Тэр одоо Баян-Өлгий аймгийн нэгдсэн эмнэлгийн мэс засалч Б.Бейсен биш УИХ-ын гишүүн Б.Бейсен учраас анхаарахаас өөр аргагүй. Тэр цар тахлын хөл хорио дундуур УИХ-ын гишүүн болж ирээд нэг жил шахам хөл хорион дунд байсан учраас олны танил болж амжаагүй, хийж хэрэгжүүлж байгаа ажил гэх зүйл эхлээгүй л болов уу. Тэгэхээр түүний ажлыг өнөөдөр дүгнэхэд дэндүү эрт байна. Хаа нэг дуугарахаараа мэдэх мэдэхгүй зүйл бураад баймаар юм билээ.
Оюутолгойн гэрээний талаар чуулганы цахим хуралдаан болж байхад тэс хөндлөн зүйл яриад орж байх жишээтэй. Харин эрүүл мэндийн чиглэлээр хэлэлцэхэд яах аргагүй оновчтой санаа оноо хэлж байгаа харагддаг.
Нэг удаагийн хуралдаанаар “Клиникийн нэгдсэн эмнэлгүүдийг улсын мэдэлд авах хэрэгтэй. Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийг хувьчлаад амжилтгүй болсон жишээ бидэнд хангалттай байгаа” гэх мэтээр оновчтой санаа хэлж байсан. Бүгдийг хувьчлах нэрээр авах гэж улайрдаг АН-даа чухам таалагдах эсэхийг яаж мэдэх билээ. Тэр дээр дурдсанчлан нэг тийм “ид шид”-ийн ажилд оролцсон гэх нэртэй болохоос биш яах аргагүй тангараг өргөсөн сайн эмч. Эрүүл мэндийн салбарт 30 гаруй жил зүтгэхдээ олон мянган хүнд ач ивээлээ өгсөн байж таарна. Тэр тусмаа Мэс заслын эмч бол яах аргагүй амь тулж, эцсийн амьсгалтай өрссөн зүйлийг гардан гүйцэтгэж байгаа гэхээр бахархахаас өөр яахав. Энэ утгаараа тэр Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэгт залуус дүү нартаа зааж зөвлөөд сууж байх ёстой буурал толгой.
Тэр үнэхээр ард түмэндээ тустай амьдаръя гэвэл парламентад биш аль нэг эрүүл мэндийн газар, эмнэлэгт тэр их туршлага, сурсан мэдснээ хүргэж байх учиртай байв. Б.Бейсен парламентад байлаа гээд гийгүүлэх зүйл өчүүхэн ч төдий ч байхгүй гэдгийг мэднэ. Монгол Улсын парламент эмчээр дутахгүй. Өдгөө ч Ж.Чинбүрэн гээд байж л байна. Урьд өмнө Л.Гүндалай ч гэж байлаа, Д.Очирбат ч гэж байлаа. Г.Баярсайхан гээд эмч ч байлаа. Тэд юу гийгүүлсэн юм. Юу ч гийгүүлээгүй. Б.Бейсений хувьд ч тэдний адил дуусна. Дээр нь улс төрд орох гэж шунахдаа мандаасан хэлтэйг хэлгүй болгож, сонортойг соноргүй болгосон “Шидтэн” нэр зүүгээд дуусахаар харагдана.
Тэр ч бүү хэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Групп тогтоож өгсөн хүмүүсээ дарамтлах замаар УИХ-д сонгуульд санал өгүүлсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдоод буй. Тухайлбал, эл хэргийн гэрчүүд “Ардчилсан намаас нэр дэвшсэн Б.Бейсенд саналаа өгөөрэй. Манай эмнэлэг УИХ-ын гишүүнтэй болох гэж байгаа юм. Гэр бүл, найз нөхдөө ятга. Хэрэв гурваас доош санал өгсөн байвал чи халамжийн мөнгөнөөс хасагдана гэж дарамт шахалт үзүүлсэн” гэдгийг хэвлэлийнхэн онцолжээ. Магадлал бий. Дахин нэг баримт сөхөхөд иргэн Р.Гулнар, С.Назигул, Х.Бахытгул, М.Байболат нараас авлига авч байсан тухай он сар, мөнгөн дүнтэйгээ байгааг энд дэлгэрүүлэх гээд яахав. Тэр нь тахир дутуугийн групп сунгах, тогтоох замаар л явсан юм билээ. Үнэнийг хэлэхэд ард түмэнд хэрэгтэй эмч нар болон бусад мэргэшсэн алба хаагчдыг улс төрд уруу татах үзэгдэл МАН-д ч, АН-д ч бий.
Б.Бейсен эмч өдийд Баян-Өлгий аймагтаа ажиллаж байсан бол ямар олон хүнд ач тусаа өргөсөн бол. Өнөөдөр тэр парламентад суулаа гээд юу хийж чадах юм.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 2 )
Мундаг залуу бналээ
Бейсен эмч бол монголын хамгийн сайн эмч нарын нэг. Хүнийг харлуулах талаас нь гаргасан үйлдэл байна энэ бичвэр.