Колумбад иргэд Ерөнхийлөгчийнхөө санаачилсан татварын шинэчлэлтийг эсэргүүцэн жагссан билээ. Дөрөвдүгээр сарын 28-нд эхэлсэн эсэргүүцлийн жагсаалын хугацаанд нийт 40 гаруй хүн амиа алджээ.
Колумбын Хүний эрхийн байгууллагаас мэдээлснээр 14 хоногийн хугацаанд 42 хүн амиа алдсаны дунд нэг цагдаа байжээ.
Түүнчлэн албаны мэдээллээр эмх замбараагүй байдлын үеэр 168 хүн сураггүй алга болсонд тооцогдож байгаа аж.
Колумбын Ерөнхийлөгч Иван Дуке иргэдийн эсэргүүцлийг хүлээн авч, татварын шинэчлэлтдээ өөрчлөлт оруулахаар болжээ. Гэвч эсэргүүцэл үргэлжилсээр байгаа гэнэ.
Иван Дуке энэ сарын 2-нд татварын шинэчлэлтийг эсэргүүцсэн жагсаал өрнөж буй хотууд руу цэрэг оруулах чиглэл өгсөн юм. Тэрбээр “Иргэдийн амь насанд том эрсдэл учирч байгаа хотуудад цэргийн оролцоо нөлөөтэй” гэж Twitter хуудсаараа дамжуулан мэдэгдсэн билээ. Цэргийнхэн цагдаа нарт туслах нэмэлт хүч болж, нийтийн эмх замбараагүй байдлыг тогтворжуулахад үүрэг гүйцэтгэх аж.
Тус улсын хэд хэдэн хотод үүссэн эмх замбараагүй байдлын үеэр 200 гаруй цагдаагийн ажилтан шархадсан байна. Жагсаалын үеэр 185 хүнийг баривчилжээ. Жагсаалын үеэр баривчлагдсан хүмүүсийн дунд гадны улсын найман иргэн, насанд хүрээгүй 16 хүүхэд байжээ.
Сэтгэгдэл ( 0 )