"100 асуулт" нэвтрүүлгийн энэ удаагийн зочноор Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Ядамсүрэнгийн ЭРДЭНЭСАЙХАН уригдан оролцлоо.
"100 асуулт" нэвтрүүлгийн энэ удаагийн зочноор Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Ядамсүрэнгийн Эрдэнэсайхан орж, цаг үеийн мэдээ мэдээлэл өглөө.
-Саяхан УИХ-аас Хоршооны тухай хуулийг баталсан. Энэ хуулийн 1998 оноос хойш дорвитой шинэчлээгүй ярж ирсэн. Шинэчилсэн найруулгад зохицуулалтын ямар шинэ заалтууд орсон бэ?
-Монголчууд бид эвлэлдэн нэгдэж, аливаа асуудлыг хамтран шийдэх асуудал учиртай дутагдалтай байгаа. Энэ асуудлыг Хоршооны тухай хуулийн шинэчлэлээр шийдэж өгье гэж зорьсон. Монголд хоршоо төвлөрсөн төлөвлөгөөт нийгмийн үед өөрийн үүргээ гүйцэтгэсэн гэж үздэг. Ардчилал гарснаар хүмүүс ойшоохоо больж, огт хэрэггүй зүйл мэт хандсан. Хоршооны бүтэц ч ажиллаж чадаагүй. Гэтэл дэлхий нийт өнөөдөр нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх хамгийн зөв бүтэц нь хоршоо юм байна гэж хүлээн зөвшөөрсөн. Ядуурал, ажилгүйдэл, байгалийн доройтол зэрэг бүхий л асуудлыг хамгийн бага зардлаар, үр ашигтай шийдэх бүтэц нь хоршоо гэж үзсэн учраас дэмжиж эхэлсэн байна. Харин манайд Хоршооны хуульд 1998 оноос хойш хэд хэдэн зүйл заалт төдий өөрчлөлт хийсэн. Энэ удаагийн шинэчилсэн найруулгад хэд хэдэн зарчмыг гол асуудлыг шийдэж өгсөн байгаа. Нэгдүгээрт, хоршоо өөрийн хөрөнгөтэй болно. Хөрөнгөтэй байж эдийн засгийн утгаараа хөгжинө. Хоршоо нь төрийн бус байгууллага шиг сайн дураараа эвлэлдэн нэгдэнэ. Мөн компани шиг эдийн засгийн үйл ажиллагаа явуулдаг. Гэхдээ хоршоог яг ашгийн төлөө үйл ажиллагаа явуулдаг гэж үзвэл бас биш. Өөрөөр хэлбэл, иргэд өөрсдөө сайн дураараа эвлэлдэн нэгдэж, өөрсдийнхөө тулгамдсан асуудлыг шийдвэрлэх бүтцийг хоршоо гэж үзээд байгаа юм. Ийм бүтэц Монголд хамгийн сайн таарна. Ялангуяа, хөдөө орон нутгийн орлого багатай хэсэгт тохирч байгаа. Өнөөдөр хөдөөгийн малчид малын мах, ноос ноолуур, сүү сүүн бүтээгдэхүүнээ тус тусдаа нийслэл рүү зөөдөг. Энэ нь эдийн засгийн талаасаа өндөр зардал, чанар ахуйн хувьд ч орлогоо нэмэгдүүлэхэд хүндрэл болгодог. Хэрэв тухайн сумынхан хоршооны хэлбэрт орж чадвал хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээ газар дээрээс нь биржийн системээр борлуулах боломж бүрдэнэ. Малчинд бүтээгдэхүүнээ хотноосоо Хөдөө аж ахуйн биржид гаргаснаар жилийн дөрвөн улирал тасралтгүй орлоготой болох юм. Хоршооны ийм системд орсноор малчин зөвхөн малаа чанаржуулж маллах ажлаа хийхэд болно. Өнөөдөр малчдын хийгээд байгаа менежерийн ажлыг хоршоо биржээр дамжуулаад хийж эхэлнэ. Иргэд эвлэлдэн нэгдэн хоршоо байгуулах замаар маш бага зардал гаргаж, нийгэм, эдийн засгийн асуудлаа шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлж буй нь Хоршооны тухай хуулийн гол зорилго юм.
-Мах, сүүний зах зээлээр жишээ авахад, нөгөө ченжийн систем гэдэг ойлголтыг хална гэсэн үг үү?
-Ченж гэх хүмүүсийг шууд муу хэлж болохгүй. Тэдгээр хүмүүс тодорхой хугацаанд эдийн засагт үүргээ гүйцэтгэж ирлээ. Өнөөдөр бид үүнийг сайжруулан авч явах ёстой. Ченж гэж нэрлэгдээд байгаа хүмүүс сумын иргэдтэй нэгдэн хоршоо байгуулж болно. Зөвхөн малчид нийлээд менежментээ хийнэ гэвэл өнөөдрийн нөхцөлд учиртай дутагдалтай. Ченжүүд хоршооны менежер байх замаар малчдын мах, сүү, ноолуурыг зах зээл дээр өндөр ханшаар борлуулах хэлцэлийг хийж өгдөг байж болох юм. Малчин, ногоочин хэн ч бай гэртээ сууж байгаад бүтээгдэхүүнээ үндэсний үйлдвэрлэгчдэд дундын зуучлагчгүй нийлүүлдэг тогтолцоо байгуулж чадвал аль алинд ашигтай.
-Монголд өнөөдөр хэдэн хоршоо ажиллаж байгаа вэ. Үйл ажиллагааны цар хүрээ нь хэр байдаг юм бол?
-Монголд 4500 гаруй хоршоо бүртгэлтэй байдаг. Эдгээрийн 60-70 хувь нь үйл ажиллагаа явуулж байгаа. Үлдсэн 20-30 хувь нь идэвхгүй байдаг. Бас энэ 4500 гаруй гэдэг тоо Монголд олдоно. Хуучин нийгэмд нэг суманд нэг хоршоо байх ёстой гэж хязгаарлаж байсан. Харин зах зээлийн нийгэмд есөн хүн нэгдээд л хоршоо байгуулж болно. Орон сууцны нэг орцныхон асуудлаа шийдвэрлэхийн тулд хоршоолж болох жишээ. Ер нь хоршоо байгуулах эрх нээлттэй. Манай өнөөдрийн нөхцөлд иргэд эвлэлдэн нэгдэж асуудлаа шийдвэрлэх нь нэгдүгээр асуудал. Гэвч төр засгаас хоршоог үр ашигтай ажиллах дэмжлэг үзүүлэхийн тулд нэг суманд нэг хоршоо байх нь зүйтэй гэдэг тооцоо гаргасан. Хөдөө аж ахуйн бирж, Монголын хоршоологчдын нэгдсэн холбоотой хамтран 2019 онд загвар хоршооны техник, эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ) боловсруулсан байдаг. Тэр загвараар нэг суманд нэг хоршоо байгуулахад 800 орчим сая төгрөгийн зардал гарч байгаа. Өнөөдөр дундаж хоршоо нэг сая орчим төгрөгийн өөрийн хөрөнгөтэй байна. Өөрөөр хэлбэл, маш чадавхгүй байна гэсэн үг. Нөгөө талд нь 2-3 тэрбум төгрөг борлуулалтын орлоготой болж, үйл ажиллагаа нь тогтворжсон цөөн тооны хоршоо ч бий. Тиймээс бид нэг суманд нэг хоршоо байгуулж, хоршооны гишүүд нь жинхэнэ үр ашгаа хүртдэг тогтолцоо бий болгохоор зорьж байгаа юм. Хоршооны тухай хуульд оруулсан өөр нэг чухал өөрчлөлт нь татварын тэгш бус системийг цэгцэлсэн явдал байлаа. Жишээ нь, ченж малчдаас түүхий эд аваад, үйлдвэрт нийлүүлэхдээ НӨАТ төлдөггүй. Харин хоршоо энэ үйл ажиллагааг эрхлэхэд НӨАТ төлдөг. Ийм системд ченж хөлжиж, хоршоо хөгждөггүй. Малчин махаа үнэтэй зарахын тулд НӨАТ төлдөггүй ченжийг сонгодог. Үүнийг Хоршооны тухай хуулиар тэгш зааж өгсөн.
-Дэлхий нийтийг хамраад буй цар тахлын үед бүхий л аж ахуйн нэгжүүд цахимаар ажиллахын давуу талыг мэдэрч байна. Танай газраас өнгөрсөн бүтэн сарын турш эх оронч худалдан авалтыг дэмжих үзэсгэлэн худалдаа зохион байгуулсан. Үр дүн юу байна?
-Аливаа зүйлд эерэг болон сул тал байдаг. Гэхдээ сул талыг эерэг болгон ашиглаж чадвал, өнөөгийн нийгэмд хамгийн зөв менежмент гэж харж байгаа. Манай газраас өнгөрсөн дөрөвдүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 1-нийг хүртэл “Эх оронч худалдан авалт Үндэсний үйлдвэрлэл-2021” үзэсгэлэн худалдааг цахимаар зохион байгууллаа. Энэ арга хэмжээний нь төрийн байгууллагууд дотоодоосоо худалдан авалт хийх, нөгөө талд нь дотоодын ханган нийлүүлэгчид бүтээгдэхүүнээ танилцуулах талбар байж чадсан. Уг үзэсгэлэнг бид энэ жил тав дахь удаагаа зохион байгуулсан. Ингэхдээ анх удаа цахимаар зохион байгуулсан гэдгээрээ онцлогтой байлаа. Цаашдаа засаж сайжруулах зүйлүүд гарсан ч маш үр дүнтэй болсон гэж үзэж байгаа. Төрийн 100 гаруй байгууллага энэ жилийнхээ бараа бүтээгдэхүүн худалдан авах төлөвлөгөөгөө тавьж, нөгөө талаас үндэсний үйлдвэрлэгчид бараа бүтээгдэхүүний танилцуулгаа хийж холбогдсон. Бид зөвхөн энэ үзэсгэлэнгээр тогтохгүй цар тахлын үеийн боломжуудыг бүгдийг нь ашиглахыг зорьсон. Өнгөрсөн оны наймдугаар сараас эхлэн Европын сэргээн босголт хөгжлийн банкинд жижиг, дунд үйлдвэрлэгчдээ чадавхжуулах цахим сургалт хийх санал тавьсан. Монголын жижиг, дунд бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаагаа шинжлэх ухааны үндэслэлтэй сайжруулах хүсэлт тавьсныг Европын сэргээн босголт хөгжлийн банкныхан уриалагхан хүлээж авсан. Улмаар жижиг, дунд бизнес эрхлэгчдэд 17 багц 230 сэдвээр маш том цахим сургалт хийлгэж чадлаа. Сургалтын хүрээнд орчин үеийн жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн туршлагыг Монголынхоо бизнес эрхлэгчид судлах, хөгжлөө нэг алхам урагшлуулах боломж олгож байгаа юм. Мөн бид жижиг, дунд үйлдвэрлэгчийн тодорхойлолтыг гаргаж өгөх гэж бөөн бичиг цаас болдог байсан явдлыг цахимд шилжүүлэх алхам хийлээ. Энэ ажлыг хоёр жилийн гаруйн хугацаанд хийж бүрэн дуусгасан.
-Үндэсний үйлдвэрлэгчид төрийн байгууллагад бараа бүтээгдэхүүн нийлүүлэхэд, чанарын баталгаажуулалтын асуудал хүндрэл дагуулдаг шүү дээ. Үүнийг хэрхэн зохицуулж байгаа вэ?
-Бид Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийг 2019 онд УИХ-аар батлуулсан. Уг хуулийг дагалдаж Тендерийн хуулийг баталсан. Тендерийн хуулийн дагуу төрийн байгууллагууд дотоодын үйлдвэр чанар стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа бол шууд худалдан авалт хийх зохицуулалт хэрэгжиж эхэлсэн. Энэ шаардлагыг амьдрал дээр хэрэгжүүлэхийн тулд бүтээгдэхүүний чанар стандартыг батлах тохирлын гэрчилгээ гаргаж өгөх шаардлага тулгарсан. Чанар стандартын гэрчилгээг олгох асуудлаар Стандарт, хэмжил зүйн газар, манай газрын хамтарсан ажлын хэсэг гарсан. Ингээд Монгол Улсын MNS стандартын шаардлага хангаж байгаа бол төрийн байгууллага шууд худалдан авахаар зохицуулсан. Дэлхий нийтээр олборлосон бус үйлдвэрлэсэн улсууд хөгждөг жишгийн дагуу бид мөн адил үндэсний үйлдвэрлэлээ дэмжих ёстой. Дэлхий дээр Африкийн улсууд хамгийн их баялагтай мөртлөө хамгийн ядуу нь байна. Гэтэл дэлхийн хамгийн ядуу улсын тоонд орж байсан Солонгос үйлдвэрлэгч болсноор богино хугацаанд хөгжиж чадсан. Бид тэндээс суралцах ёстой. Гэтэл бидний хөгжиж чадахгүй байгаа шалтгаан нь төрөөс үйлдвэрлэлээ бүрэн дүүрэн дэмжихгүй байгаатай холбоотой. Үүнийг ойлгуулахын тулд чадах чинээндээ ажиллаж байна. Цаашид илүү сайн дэмжих ёстой. Өнөөдөр гаднын бүтээгдэхүүн 10 төгрөг, хажууд нь Монголд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн долоон төгрөг байхад, монголыг нь авдаггүй. Гадаадаас үнэтэйг нь аваад байдаг. Япон, Солонгосчууд яг үүний эсрэг байж чадсан учраас хөгжсөн. Анх Солонгосын өөрийнх нь бүтээгдэхүүн чанаргүй мөртлөө үнэтэй, гаднын бүтээгдэхүүн чанартай, бас хямд байсан. Тэд үнэтэй ч гэсэн үндэснийхээ үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг худалдан авч дэмжсэн. Бид ингэж сэтгэх хэрэгтэй.
-Цар тахалтай холбоотойгоор эдийн засгийн байдал хүнд байна. Энэ хүнд цаг үед танай агентлагийн зүгээс жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд зориулан юу хийв?
-Төр, засгийн шийдвэр гарахад, туршлага судалж, судалгаа хийн дэмжлэг үзүүлж байна. Энэ хүрээнд өнгөрсөн жил У.Хүрэлсүх Ерөнхий сайдын танхим үндэсний аж ахуйн нэгжүүдийн тог, цахилгаан, усны төлбөрийг чөлөөлөх шийдвэр гаргасан. Олон улсын эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагаас дэлхийн улс орнууд КОВИД-19 цар тахлын үед жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдээ хэрхэн дэмжиж байгаа талаар судалгаа хийж гаргасан юм. Бид хамтран ажиллагч байгууллагын хувьд хандаж, туршлага судалсан. Судлаад үзэхэд, улс орнууд үндэсний аж ахуйн нэгжүүдийнхээ тог, цахилгаан, ус зэрэг суурь төлбөрийг чөлөөлсөн байсан. Бид түүнийг нь авч санал боловсруулсныг Засгийн газар ажил хэрэг болгосон. Мөн Засгийн газраас “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наяд”-ын цогц төлөвлөгөөг хэрэгжүүлж байна. Засгийн газар бүх нөөц боломжоороо жижиг, дунд үйлдвэрлэгчдээ дэмжиж байгаа. Дэлхийн улс орнууд жижиг, дунд үйлдвэрлэгчдээ урт хугацааны бага хүүтэй зээлээр дэмждэг. Энэ удаагийн 10 их наяд хөтөлбөрт энэ арга хэмжээ багтсан.
-10 их наядын хөтөлбөрт багтсан ажил байрыг дэмжих, гурван хувийн хүүтэй хоёр их наяд төгрөгийн зээл багагүй шүүмжлэл дагуулж байна. Тухайлбал, жинхэнэ жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдээ хүрэхгүй байна гэдэг шүүмжлэл ихээр гарч байгаа. Уг зээлийн олголт дээр танай агентлагийн зүгээс ямар хяналт тавин ажиллаж байгаа вэ?
-Энэ хөтөлбөрийг Монголбанк, Сангийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Зээлийн батлан даалтын сан, арилжааны банкуудтай хамтран хэрэгжүүлж байгаа. Энэ таван байгууллагын хооронд ерөнхий нөхцөлөө тохирч, гэрээ байгуулан хэрэгжүүлж ажлын байрыг дэмжих зээл олгож эхэлсэн. Гурван хувийн хүүтэй зээлийн зорилго нь цар тахлын үед ажлын байрыг дэмжих юм. Зөвхөн жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд зориулаагүй. Өөрөөр хэлбэл, том аж ахуйн нэгж ч байсан уг зээлд хамрагдах боломжтой. Инхэндээ хөгжингүй орнуудад ийм арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа. Жишээ нь, АНУ-д энэ арга хэмжээг хоёр үе шаттай хэрэгжүүлж байна. Эхнийх дээр нь алдаа гарсан. Ямар алдаа гарсан гэхээр банкууд нь яг манайх шиг өөрийн хамаарал бүхий этгээдүүддээ зээл олгочихсон. Одоо үүнийгээ судалж арга хэмжээ авч байгаа юм билээ. Хоёр дахь шатны хөтөлбөр нь маш сайн явж байгаа. Манайх үүнийг судалж ажлын байрыг дэмжих хоёр их наяд төгрөгийн хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн. Зээлийн хүсэлт маш ихээр ирж буй учраас гурван их наяд болж өргөжүүлэх талаар яригдаж байна. Жижиг, дунд үйлдвэрийн газрын хувьд орж хянасан зүйл байхгүй. Зээлийн эх үүсвэр нь арилжааны банкных учраас тухайн банк өөрөө шийдвэрээ гаргаад явна. Манай агентлаг барьцаа хөрөнгийн шаардлага хангахгүй тодорхой хэсэгт хяналт тавих үүрэг гүйцэтгэж байна.
-Өнөөдөр хэдэн жижиг, дунд үйлдвэрлэгч тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа вэ. Цар тахлын улмаас доголдсон хэчнээн компани байна?
-Дэлхийн улс орнуудын судалгаагаар жижиг, дунд үйлдвэрлэгчдийн 70 орчим хувь нь цар тахлын нөлөөнд автаж, үйл ажиллагаа нь доголдсон гэж гарсан. Монголд энэ хувь 60 орчимтой явж байгаа болов уу. Яг нарийвчилсан судалгаа алга. Монголд 63 мянган жижиг, дунд үйлдвэрлэгч байдаг. Манай газар 2020 оны наймдугаар сард байгуулагдсан. Тусдаа газар хэлбэрээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн цагаасаа хойш бодлогын эрс шинэчлэл хийхийг зорьж байгаа. Өнгөрсөн хугацаанд 63 мянган жижиг, дунд үйлдвэрлэгч нэг бүрчлэн бүртгэлжүүлж байтал цар тахлын улмаас ажил бага зэрэг доголдоод байна. Яваандаа нэгдсэн системд оруулж, бүртгэлжүүлнэ.
-Яг өнөөдөр цар тахлын дараах амьдрал, бизнесийн орчны талаар дэлхий нийтээрээ ярьж байна. Цар тахлын дараа Монголын жижиг, дунд үйлдвэрлэл ямар байх бол?
-Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид эрсдэлийн удирдлагад маш сайн суралцах ёстой. Манайхаас явуулсан сургалтад ч эрсдэлийн менежментийн талаар тусгасан. Аливаа ажлыг хийхдээ шинжлэх ухаанчаар хандахгүй бол эрсдэл үүрнэ. Манай жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид өнөөдөр бусдыг даган дууриах маягаар явдаг. Нэг суманд нэг талхны цех байхад дахиад байгуулж шатах энгийн жишээ олон байна. Ийм нөхцөлд цар тахлын нөхцөл байдал маш тодорхой шалгуур болж байгаа. Дэлхий даяараа КОВИД-ын дараа жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн тоо буурна гэсэн төлөв гарсан. Жижиг, дунд үйлдвэр өөрөө маш хурдан өсөн хөгжиж, маш хурдан хүндэрдэг гэдгээрээ онцлогтой.
Сэтгэгдэл ( 0 )