Сувилагч Д.Дуламсүрэн: Ээж маань бага байхад бурхан болсон учраас заавал эмнэлгийн ажилтан болно гэж шийдсэн

Автор | Zindaa.mn
2021 оны 05 сарын 15

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан цол хүртсэн Хавдар судлалын үндэсний төвийн сувилагч Доржийн Дуламсүрэн ийнхүү ярилаа.


-Танд Монгол Улсын Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан цол хүртсэнд баяр хүргэе. Сувилахуйн салбарт ажиллаж буй 13 мянган хүнтэй баяраа хуваалцахгүй юу?

-Өнөөдөр үнэхээр маш сайхан өдөр байна. Олон жил ажилласан миний болон хамт олны маань хөдөлмөрийг үнэллээ. Сувилагч хүний хөдөлмөрийг ингэж үнэлж, нэг дор ийм олон сувилагчийг шагнаж байсан удаа байхгүй. Бүх сувилагчид, сувилахуйн салбарт ажиллаж буй хүмүүсийн хувьд бүгдээрээ гавьяат болсон юм шиг, ийм сайхан үйл явдал боллоо.

-Та яагаад энэ мэргэжлийг сонгох болсон бэ? Таны хувьд сувилагчийн ажлын жаргал, зовлон нь юундаа байдаг вэ?

-Би багаасаа л эмнэлгийн ажилтан болъё гэж боддог байсан. Ээж маань миний багад бурхан болсон учраас би заавал эмнэлгийн ажилтан болно гэж шийдээд сувилагчийн сургуульд орсон. Эхлээд лаборантын ангид элссэн ч дараа нь сувилагчийн анги руу шилжин суралцсан. Сургуулиа төгсөөд Хавдар судлалын үндэсний төвийг Цацраг туяа нэртэй байх үеэс нь эхлэн тасралтгүй 40 жил ажиллалаа.

Сувилагчийн ажлын хамгийн хүнд үе нь хүний амь насыг аварч чадахгүй, алдах байдаг. Тэр хүмүүсийн өмнөөс сэтгэл зүрх өвддөг. Хүн эдгээд эмнэлгээс гарах нь сувилагчийн ажлын хамгийн сайхан мөч байдаг даа.

–Одоо мэргэжлээ сонгох гэж буй, сувилагчаар сурах сонирхолтой хүүхэд, залууст хандан юу хэлэх вэ?

-Нэгдүгээрт, одоо элсэлтийн ерөнхий шалгалт эхэлнэ. Сувилахуйн мэргэжлийг сонгох гэж байгаа залууст өнгөрсөн жилээс элсэлтийн ерөнхий шалгалтандаа өндөр оноо авсан залуусыг сувилагчийн сургуульд дөрвөн жил үнэ төлбөргүй сургах төр, засгийн шийдвэр гарсан гэдгийг хэлмээр байна. Энэ бол залууст олгож буй маш том боломж. Хоёрдугаарт, сувилагчийн ажил бол үнэхээр зүрх сэтгэлээ зориулаад ажиллахад байнга аз жаргал, эрүүл энхийг авчирч байдаг сайхан мэргэжил юм шүү. Энэ мэргэжилд шүтэж, дурлаасай гэж бодож байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top