Говь-Алтай аймгийн нутгаар өнөөдөр /2021.05.20/ хүчтэй шороон шуурга болж байна. 14:00 цагийн байдлаар Есөнбулаг суманд салхины хүч 34м/с хүрсэн бол бусад сумдын нутгаар 8м/с-ээс 28м/с хүрч шуурч байна.
Шороон шуурганы улмаас айлын байшин нурж, зарим байрны тагтны хаалт, цонх зэрэг хагарсан хохирол үргэлжилж байна.
Мөн Говь-Алтай аймагт эрчим хүч тасарчээ.
Мөн өдрийн 15:20 цагийн байдлаар Баян-Өлгий, Ховд аймгийн нутгаар салхины хурд түр зуур 15-20 м/с хүрч хүчтэй салхилж байна. Ард иргэд та бүхэн онцын чухал ажилгүй бол гэрээсээ гарахгүй байхыг анхааруулъя.
ЦУОШГ-аас өгч буй мэдээллээр өнөө шөнө Ховдын өмнөд хэсгээр, маргааш өдөр Говь-Алтайн нутаг, Баянхонгор, Өвөрхангайн өмнөд, Өмнөговь, Дундговийн баруун хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүсэхийг анхааруулж байна.
2021 оны 05 дугаар сарын 22-ноос 05 дугаар сарын 26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
22-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 23-нд нутгийн зарим газраар, 24-нд говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 25-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи 22-нд төв, говь, зүүн аймгуудын нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүснэ, бусад хугацаанд говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүртэл ширүүсэж, шороон шуурна шуурна. 22-нд ихэнх нутгаар эрс сэрүүсэж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 13-18 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 6-11 градус дулаан байна.
Сэтгэгдэл ( 1 )
Их хэврэг чанаргүй юм хийвэл ямарч салхинд хийснэшдээ манайх шиг улсад их бакь юм хийх хэрэгтэй